Арслан, харцага, начинтай наадам

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Арслан, харцага, начинтай наадам

Дарханчууд Үндэсний их баяр наадмаа аймгийнхаа төв цэнгэлдэх хүрээлэндээ ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 192 бөх барилдсаны 64 хувь нь улсын болон аймаг сумын цолтон барилдлаа. Барилдааны үзүүр түрүүнд аймгийн заан С.Ерөөлт аймгийн заан Бадамсүрэн нар тунан үлдэж зодголсноос С.Ерөөлт түрүүлж, аймгийн арслан цол хүртэж, аймгийн заан Бадамсүрэн үзүүрлэжээ. Мөн залуу бөх А.Мөнхтүшиг зургаа давж шөвгөрөн аймгийн харцага цол хүртсэн бол залуу бөх Б.Сүхдорж, Ж.Байгальхүү нар давж аймгийн начин боллоо. Сурын харваанд нийт 100 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос аймгийн мэргэн нэг төржээ.

Харин хурдан морьдын их насны уралдаанд 150 хурдан хүлэг уралдсанаас Сэлэнгэ аймгийн Сант сумын уяач Дэлгэрсуурийн хүрэн түрүүлж, Хушаат сумын уяач Эрдэнэхүүгийн соёмбо хул аман хүзүүнд иржээ. Азрага 73 уралдсанаас Дархан сумын уяач Ламжавын хээр түрүүлж, мөн сумын уяач Амартүвшингийн хонгор түрүүлж мөн сумын уяач Угтахбаярын хүрэн халзан удаалжээ. Хязаалан 120 уралдаанаас Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уяач Ариунболдын буурал сартай хонгор хоёр хязаалан нь түрүүлжээ.

Шүдлэн насанд 99 хүлэг уралдсанаас Дархан сумын уяач Батжаргалын хээр халзан түрүүлж, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ариунболдын сартай хонгор үзүүрт иржээ. Сүүлд нь 96 даага уралдснаас Дархан сумын уяач Галсандоржийн хээр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын уяач Чинбатын хонгор халзан аман хүзүүдэв. Баяр наадмын шагайн харваанд Дархан, Шарын гол, Хонгор, Сэлэнгэ аймгийн хушаат сумын 9 баг оролцжээ. Тэргүүн байранд Д.Эрдэнэбат ахлагчтай Дархан сумын нэгдүгээр баг түрүүлэн, Д.Батбаяр ахлагчтай хоёрдугаар баг удаалж, М.Баянхүү ахлагчтай ахмадын баг гуравт шалгарчээ. Энэ жилийн шагайн харваанд улсын үлэмж мэргэн, спортын мастер Д.Баянмөнх, дархан мэргэн Б.Рэнцэн, хошой мэргэн, улсын шилмэл шүүгч М.Баянхүү болон  улсын хүндэт харваач 10 гаруй улсын мэргэн,  дэд мэргэн найм оролцсон онц өрсөлдөөнтэй сайхан наадам болжээ.

Энэ жилийн баяр наадам урьд жилүүдийнхээс өвөрмөц зохион байгуулалттай, цэнгэлдэхийн эргэн тойронд худалдаа үйлчилгээ, тоглоом, азын сугалаа явагдаж наадамчин олныг цэнгүүлж, 200-гаад хуушуурын гэр, майхан, албан байгууллагуудын хүндэтгэл үзүүлэх асар тэгүүтэн нь үйлчилгээ үзүүлж,  элдэв хэрэг зөрчилгүй сайхан боллоо.

Б.НОРОВСАМБУУ

(ДАРХАН)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж