Хэнтийчүүд улсад гурван удаа магнайлан наадамлалаа

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Хэнтийчүүд улсад гурван удаа магнайлан наадамлалаа

Хэнтийчүүд Ардын хувьсгалын 91, аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадмаа өргөн дэлгэр хийлээ.

Үндэсний баяр наадмын баярын хуралд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,
Б.Гарамгайбаатар, ЗГХЭГ-ын ахлах референт Н.Оргодол нар хүрэлцэн ирж,
2011 оны хяналт шинжилгээний дүнгээр улсдаа эхний тавд шалгарсан Хэнтий
аймгийн ЗДТГ-т Засгийн газрын шагналыг гардуулж баяр хүргэв. Мөн баярын
хурал дээр төрийн дээд шагнал – Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн
одонгоор Дархан сумын Засаг дарга Г.Арсланбаатар, “Алтан гадас” одонгоор
Баянхутаг сумын ахмад настан Ж.Жавзандолгор, МСҮТ-ийн багш
Л.Төмөрбаатар, “Зэлмэбаатар” ХХК-ийн захирал Ж.Баянцагаан, Хүүхдийн
төлөө хэлтсийн дарга З.Бат-Эрдэнэ, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын
тасгийн их эмч Б.Цэгмид, Хөдөлмөрийн хүндэт медалиар Мөрөн сумын
цэцэрлэгийн эрхлэгч М.Сугар, ХХААЖДҮГ-ын лабораторийн шинжлэгч эмч
Ч.Намжим, МСҮТ-ийн багш Ц.Ганчимэг, Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн
дарга Ч.Цэцэгтуяа нар шагнуулав. Мөн салбарын тэргүүний ажилтан, яамны
хүндэт жуух, онц тээвэрчин цол тэмдэг, аймгийн Засаг даргын өргөмжлөл,
Хэнтий аймгийн хүндэт тэмдгээр хөдөлмөрийн тэргүүний олон хүн шагнуулсан
бол аймгийн ОБГ-ын эрэн хайх аврах салбарын дарга Н.Нацагдорж Онцгой
байдлын дэд хурандаа цол хүртлээ. Энэ жилийн баяр наадмаа Хэнтийчүүд
амжилт бүтээл дүүрэн угтлаа. Мянгат малчдын тоогоор улсдаа тэргүүлж, энэ
хавар сая шахам төл хүлээн авч бойжуулан улсын сайн малчин дөрөв төрөн
гарч, нийтдээ 51 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын
ажил өрнүүлж байна. 

    Баяр наадмын ажиллагаа үндэсний сурын харваагаар эхэлж, сурын
харваанд нийт 70 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос, эрэгтэй
харваачдаас Нийтлэг үйлчилгээний албаны харваач, аймгийн мэргэн
Ш.Цогтгэрэл тэргүүн байр эзэлж, Баян-Адарга сумын харваач аймгийн мэргэн
М.Октябрь, Баянхутаг сумын харваач, аймгийн мэргэн С.Хаянхярваа нар
удаах байрыг эзэллээ. Эмэгтэй харваачдаас Нийгмийн даатгалын хэлтсийн
харваач, аймгийн мэргэн спортын мастер Ц.Баярмаа тэргүүн байрт шалгарч,
Баянхутаг сумын харваач, аймгийн мэргэн спортын мастер А.Баяртуяа
удаалж, ХААН банкны харваач, аймгийн мэргэн Г.Баяржавхлан гуравдугаар
байр эзлэв. Өсвөр үеийн харваач хөвгүүдээс Тэмүүжин цогцолбор сургуулийн
харваач М.Тэлмэн тэргүүн байрт шалгарч, Хан Хэнтий цогцолбор сургуулийн
харваач Д.Мөнхбаясгалан, Тэмүүжин цогцолбор сургуулийн харваач С.Тэрбиш
нар удаалсан бол охидоос Хэрлэн 4-р сургуулийн харваач, аймгийн мэргэн
Г.Чулуунчимэг тэргүүн байрыг эзэлж, мөн сургуулийн харваач
Н.Мөнгөн-Аюуш, аймгийн хошой мэргэн Н.Цэнгэл нар удааллаа.

Урианхай сурын харваанд Тахилгат тосгоны харваач О.Бат-Эрдэнэ тэргүүлж,
аймгийн мэргэн Ц.Алтангэрэл, залуу харваач Н.Амгалан нар удаах байруудад
шалгарлаа.

    Хурдан морины уралдаанд 64 хурдан азарга мордуулснаас Сүхбаатар
аймгийн Түвшинширээ сумын Энх-Амгалангийн шарга будан азарга түрүүлж,
Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатарын хүрэн халзан аман хүзүүдэн,
аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Г.Лхагвахатангийн хонгор, Сүхбаатар аймгийн
Уулбаян сумын Отгонбаатарын халиун, Мөнххаан сумын Жамбалшануугийн хээр
азарга айргийн тавд хурдаллаа.

Их насны 89 морь шандас сорьсноос Баян-Адарга сумын харьяат, Монгол
Улсын алдарт уяач Г.Содномын хонгор халзан магнайлан, Баянмөнх сумын
Батсүхийн хээр, Баянхутаг сумын Эрдэнэбаатарын хээр, мөн сумын
Соронзонболдын буурал, Хэрлэн сумын Ганбаатарын хүрэн морьд айрагдлаа.
68 соёолон хурдалснаас Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Алтанхуягийн
хүрэн түрүү магнай болж, Хэрлэн сумын Дархан-Очирын хүрэн, Уулбаян сумын
Ганбаатарын хонгор, Баянмөнх сумын Энхбатын цавьдар, Баянхутаг сумын
Түвшинтөрийн хээр соёолонгууд айрагдан хурсан олон наадамчдыг баясгав.
103 хязаалангаас Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Нямнамжирын хээр
түрүүлж, Баянмөнх сумын Ганболдын хээр алаг, Сүхбаатар аймгийн Уулбаян
сумын Алтанхуягийн ягаан, Хэрлэн сумын Амгалангийн халтар, мөн сумын
Гомбосүрэнгийн бор халзан үрээнүүд айргийн тавд давхилаа. 104 шүдлэнгээс
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Аюушжавын шарга, Мөнххаан сумын
Очирбатын ногоон, Баянмөнх сумын Төмөрсүхийн хээр, Хэрлэн сумын Кянатын
хонгор, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Базарбумаагийн халиун үрээ
айрагдсан байна. 70 хурдан дааганаас Дадал сумын Мөнхбаярын хонгор даага
магнайлан, Сүхбаатар аймгийн Жамбалшануугийн бор халзан, Баянхутаг
сумын Оймандахын шарга, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Нямнамжир
шарга, Мөнххаан сумын Очирбатын хүрэн дааганууд айргийн тавд хурдлан
Хэрлэн сумын Нямдоржийн бор халзан даага баян ходоод боллоо.

    Хэнтийн баяр наадмыг  АНУ-ын сурагч солилцооны хөтөлбөрийн багийнхан
сонирхон үзсэний зэрэгцээ соёолон насны морьдын унаач хүүхдүүдэд
хамгаалалтын малгай бэлэглэжээ. Баяр наадмын нэгэн чимэг болдог “Сайхан
наадамчин”-аар битүү мөнгөн угалзтай хазаар, Батноров хийцийн 70 лангийн
мөнгөн чимэгтэй эмээлтэй, хулсан ташуур зүүсэн Хэрлэн сумын Тахилгат
тосгоны наадамчин О.Магван шалгарч шагнууллаа.

Энэ жил Хэнтий аймгийн наадамд хүчит 256 бөх зодоглосны 80 нь сум,
аймаг, улсын цолтой бөхчүүд байлаа. Хүчит бөхийн барилдаанд тав давсан
Хэрлэнбаян-Улаан тосгоны бөх, сумын заан Д.Аззаяа, Норовлин сумын залуу
бөх Д.Мөнхцогт, Өмнөдэлгэр сумын заан А.Амартайван нар аймгийн начин цол
хүртэж, Баянмөнх сумын харъяат, аймгийн харцага З.Наранбаатар, улсын
начин Б.Одхүү, аймгийн арслан Б.Хадбаатар, Өмнөдэлгэр сумын харьяат,
“Аварга” дээд сургуулийн бөх, сумын заан Э.Оюунболд нар шөвгөрснөөс,
Б.Хадбаатар, Э.Оюунболд нар учраа бөхчүүдээ хаяж Э.Оюунболд түрүүлэн,
аймгийн арслан цол хүртэж, аймгийн арслан Б.Хадбаатар үзүүрлэлээ.
Аймгийн харцага З.Наранбаатар энэ жилийн наадмаар долоо давж харцага
цолоо батлан цогт чимэг хүртсэн юм.

И.Байгалмаа  / Хэнтий /
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж