”Эвсэх хүчинтэй өнөөдөр хэлэлцээрт орно”

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

”Эвсэх хүчинтэй өнөөдөр хэлэлцээрт орно”

АН-ын ҮЗХ-ны хуралдаан болж өндөрлөлөө. Хурлын үр дүнгийн талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

-ҮЗХ-ны хуралдаанаар гол ямар шийдвэрүүдэд хүрсэн бэ?

-Юуны өмнө ҮЗХ-ны гишүүдийн 100 хувийн саналаар гишүүн З.Энхболдыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, АН-ын дарга Н.Алтанхуягийг хэлэлцэж мөн 100 хувийн саналаар дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Гурав дахь асуудал нь бидний хувьд яах аргагүй санаа зовоож байгаа асуудал юм. Энэ бол эвсэл байгуулж, хамтарч Засгийн газар байгуулах тухай асуудал. Хуулийн хүрээндээ сонгуульд ялалт байгуулсан учраас өнөөдөр яах аргагүй АН-д энэ хариуцлага ногдож байгаа нь үнэн. Засгийн газар байгуулах эхний санаачлага АН-ын талд байгаа. Ямар хүчинтэй, ямар нөхцөлөөр Засгийн газар байгуулах вэ гэдэг асуудалд манай талд ганцхан нөхцөл бий.

Энэ улс оронд хүлээгдэж байгаа асуудлуудыг шийдвэрлэх чадвартай тийм л улс төрийн хүчинтэй эвсэх шаардлагатай гэдгийг дахин нотоллоо.

-Аль улс төрийн хүчин тэр нөхцөлд тохирох вэ?

-Өнөөдөр саналаа тавьж байгаа ганц хүчин бий. Тэр бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл. Тэдний тавьсан саналыг хэлэлцэх эсэх асуудлыг ҮЗХ хэлэлцээд УИХ дахь АН-ын бүлэгт эрхийг шилжүүллээ.  Өөрөөр хэлбэл, АН-ын бүлэг энэ эрхийг хүлээж авлаа гэсэн үг. Өнөөдөр бид бүлгээ хуралдуулж, ажлын хэсгээ зохион байгуулаад анхныхаа хэлэлцээрт орно. Хэлэлцээритйг анх удаагаа хийх гэж байна.

-Засгийн газар хэзээ бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрдэх вэ?

-Үүнийг өнөөдөр хэлэхэд бэрх. Гэхдээ манай баримталж байгаа байр суурь бол маш шуурхай үүнийг хийх хэрэгтэй. Маш шуурхай хийнэ гээд бас хөнгөн гоомой хандаж болохгүй. Бид зарчимдаа, бодлогодоо нийцэх тэр улс төрийн хүчинтэй л асуудлаа ярина. Би сайд, шадар сайд байх ёстой гэдэг ч юм уу, хөндлөнгөөс хүмүүсийн тухай асуудал эхлээд ярихгүй. АН өнөөдөр олон зүйлийн эрх ашгаа нэг талдаа гаргасан. Албан тушаал гэхээсээ илүү бодлогоо хэрэгжүүлэх боломжийг ярьж байхад, тэр боломж дээр тулгуурласан эвсэх тухай асуудал ярьж байхад хөндлөнгийн ямарваа хэлээр яриад эхэлбэл ойлголцоход хүнд болно. Тиймээс АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж ажлын хэсгээ зохион байгуулаад анхныхаа хэлэлцээрт орох ёстой. Эхний гараа юу вэ гэвэл бидний бодлогод цаад хүчин нэгдэх үү, үгүй юү гэдэг асуудал. Үүнийг хийж чадах улс төрийн хүчин байвал бид цаашаа явна. Үүний эсрэг ямарваа нэг жижиг сажиг асуудал яриад, хувь хүний асуудал яриад, албан тушаал яриад эхлэх юм бол бидний хувьд туйлын хүнд байдал руу орно гэсэн үг.

-Засгийн газрын бүтэц ярьсан уу?

-Бүтэц яриагүй. Өнөөдөр дөнгөж анхны хэлэлцээр эхлэх гэж байна.

-“Шударга ёс” эвслээс та нартай хэн хэн хэлэлцээрт орох бол?

-Тэрийг одоогоор хэлж мэдэхгүй байна.

-АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг ярьсан уу?

-Түүнийг хойшлуулж байгаа.

-Хэзээ болтол?

-Одоогоор мэдэхгүй байна.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж