Хог хэмээх дайсан усны ундаргад “тухалжээ”

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Хог хэмээх дайсан усны ундаргад “тухалжээ”

Хатан Туулын минь хөвөө, эрэг хогоор “амьсгалан” хахаж цацаж байна. Олны сэтгэл Туулын тийш тэмүүлэхэд, хог хаягдал сүүдэр мэт дагах нь харамсалтай. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд наадамчин олон маань жилдээ ганц тохиодог энэхүү тэмдэглэлт өдрөө нар, салхины сайханд өнгөрүүлэхийг эрмэлзэн голын хөвөө бараадна.
Голын эрэгт олон пивоны шил, гялгар уут, тамхины хайрцаг гээд хаяаагүй юм алга.

Зөвхөн баяр наадмын өдрүүдэд л гэхэд, 27 тонн хог цэвэрлэсэн гэж байна. Цэвэрлэсэн нь ийм тоо байхад, цэвэрлээгүй нь ямар байгааг зон олны ундны усаа авдаг Туул голоос харж болохоор байна.

Бөөгнөрсөн хогийг ажвал урссан шинжтэй гэмээр. Уутнаасаа гарсан пиво, ундааны шил нойтон салфетка, чихэр печений цаасыг араасаа дагуулан яваа нь харагдана.  Голын эргээр наадсан хүмүүс хогоо уг нь бөөгнүүлсэн бололтой. Голын эрэг рүү ирж байгаа хүмүүс машин унаатай л дөхнө. Бөөгнүүлсэн чигээр нь аваад явчихаж болмоор. Хамгийн ойрын арга бол энэ.

Наадмын хур хог зөвхөн Туул голын эрэг хөвөөгөөр ч биш зуслангуудаар овоорчээ.

Зуслангуудын хогийг долоон хоногтоо нэг ачдаг гэж байна. Тэгтэл Шарга морьт зуслангийн эцэст байрлах хогийн цэг буюу нэг нэгнийгээ дууриан хог бөөгнүүлсэн хэсгийг цэвэрлээгүй нэлээн удсан тухай зусланд амарч буй иргэд ярилцаж байна лээ. Харин Төв цэнгэлдэх хүрээлэн энэ жил үлгэр жишээч байж, цэмцгэр наадсан. Олны хөл үе үе цугладаг газруудыг цэвэрлээд байж болох нь. Харин усны ундарга болсон Туул голоо хог хаягдал дунд ширгээснийхээ дараа хэчнээн цэвэрлэе гээд оройтох бус уу. Хог цэвэрлэх ажил өрнөж байна гэдэгт урамших биш, хоггүй байна гэдэгт урамшихын тулд хүн бүрийн сэтгэл зовниж, нөр их ажил болголгүй дор бүрнээ хог тарихгүй байвал шийдэгдчих асуудал шүү дээ. Хог битгий хая гэж үй олон жил хэн бүхэн хэлж ярьдаг ч хогоо хаясаар л байдаг. Ингэхээр энэ бол иргэн хүний өөрийн ухамсар юм. Хог хаягдлаар сүлсэн цай уух хүсэлтэй хэн байх билээ?

Зургийг ЭНД дарж үзнэ үү

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж