Хуралдаанаар баяр наадмын үеэр болсон үер усны гамшиг, ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар хэлэлцлээ. Өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас учирсан хохирлыг барагдуулах асудлыг нөгөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. ОБЕГ-ыг төлөөлж хурандаа н.Цогтбаатар баяр наадмын үеэр үүссэн нөхцөл байдлын талаар илтгэлээ.
Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Хан-Уул дүүрэг, Архангай аймгийн Жаргалант сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум, Баянхонгор аймгийн Бууцагаан сум, Булган аймгийн Хангал сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Өвөрхангай аймгийн Уянга сум, Завхан аймгийн Алдархаан, Улиастай, Эрдэнэхайрхан сум, Сэлэнгэ аймгийн Орхон, Шаамар сум, Төв аймгийн Эрдэнэсант сум, Увс аймгийн Зүүнговь, Наранбулаг сум, Ховд аймгийн Алтай, Дөргөн сумын нутаг дэвсгэрт түр зуурын усархаг бороо орж, аянга буусны улмаас таван хүн түлэгдэж, 18 иргэн усанд осолдож амь насаа алджээ. Мөн 272 гэр усанд автаж, 364 толгой мал хорогдсон байна.
Орхон аймгийн Баян-Өндөр суманд долдугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө усархаг бороо хоёр цагийн турш орж 90 мм-ийн тунадас унасаас үерийн нөхцөл байдал үүсч хоёр хүний амь нас эрсдэж, улсын чанартай автозамын нэг гүүр, хот доторх авто замын таван гүүр, явган хүний хоёр гүүр, гарц, дөрвөн автомашин, 260 айл өрх, хүнсний ногооны 9,7 га талбай усанд автжээ. Өндөр хүчдэлийн таван тулгуур багана хазайж, хоёр тулгуур багана унасан, хотын цэвэр усны шугам гэмтэж, автозам, дэд бүтцэд хохирол учирсан зэрэг хохирол учирчээ.
Завхан аймгийн Улиастай, Алдархаан сумын нутгаар усархаг бороо орж Чигэстэй, Богдын голууд үерлэж, голын ай сав нутгаар зусч байгаа айлууд усанд автах, зарим хэсгээр эргээсээ халих, далан сэтэрсэнээс шалтгаалан сумын төв үерт автжээ. Үүнд холбогдох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж байгаа аж. Мөн өндөр хүчдэлийн тулгуур багана хазайж унаснаас аймгийн хэмжээнд цахилгаан эрчим хүчийг хэсэгчилсэн байдлаар хязгаарлалттайгаар өгч эхэлжээ.
Баярын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн усны бүлэг, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах салбар Туул голын дагуу, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах салбарууд “Орхон, Сэлэнгэ, Хэрлэн голын дагуу цагдаагийн байгууллагатай хамтран завьт болон усны эргүүл зохион байгуулж 4200 гаруй иргэнд урьдчилан сэргийлэх ухуулга, сурталчилгаа явуулж 50 хүний амь насыг аварч ар гэрт нь хүлээлгэн өгснийг хурандаа н.Цогтбаатар дуулгалаа.
Дорнод аймгийн Булган сумын Өвөр-Урт гэдэг газар аянга буусны улмаас долдугаар сарын 10-ны өдөр гарсан хээрийн түймрийг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, орон нутгийн долоон иргэн, нийт 19 хүн ажиллаж долдугаар сарын 11-ний өдөр унтраажээ.
Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга н.Энхтүвшингийн мэдээлснээр долдугаар сарын 16, 18, 19-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэх ажээ. Мөн Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байх төлөвтэйг мэдээллээ. Цаашид ч үео усны аюул тулгарч болзошгүй байгаа тул нийт ард иргэдэд үер усны аюулаас сэргийлж, өөрсдийн аюулгүй байдлаа хангаж ажиллахыг Улсын онцгой комиссоос анхааруулсан юм.