Австраличууд газрын тосны салбарт хөрөнгө оруулна

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Австраличууд газрын тосны салбарт хөрөнгө оруулна

Австралийн хөрөнгө оруулагчид Монголын газрын тос, байгалийн хийн  салбарт хөрөнгө оруулах  гэнэ. Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Strzelecki Metals” Монголд газрын тос, байгалийн хийн хайгуул хийх эрхтэй, бүртгэлгүй “Wolf Petroleum” компанийг худалдан авахаар төлөвлөж байгаа юм байна. Монголын уур уурхайн салбар дахь гадаадын томоохон оруулалтын жишээ бол Хонконгийн Керри групп коксжих нүүрсний “Mongolian coking coal”-ийн дийлэнх хувьцааг “Монголын уул уурхайн корпораци”-д 464.47 сая ам.доллараар худалдсан бол Тайландын нүүрс олборлогч “Banpu” “Hunnu Coal”-аас худалдаж авсан 443 сая ам.долларын хувьцааг хараахан гаргаагүй байгаа билээ. Уул уурхайн аварга “Рио Тинто”  групп Оюутолгой төслийн хамтран хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз”-ын хяналтын хувьцааг худалдан авч, төслийн гол гүйцэтгэгч болсон юм.

Хэрэв хувьцаа эзэмшигчид нь зөвшөөрвөл “Strzelecki Metals” “Wolf Petroleum”-ын нэрийг өөрчилж, ирэх арваннэгдүгээр сараас хувьцааг нь хөрөнгийн зах зээлд гаргаж элэх юм байна. Тэд хамтарвал хөрөнгийн зах зээлээс ойролцоогоор 50 сая ам.долларын ашиг олно гэж тооцоолжээ. Монголын Засгийн газрын тооцоолсноор Монголд түүхий нефтийн нөөцтэй 30 гаруй газар илэрсэн бөгөөд ойролцоогоор 10.7 тэрбум баррель газрын тосны нөөцтэй аж. Хятадын төрийн өмчит газрын тосны үйлдвэр “ПетроЧайна” –гийн олборлолтыг эс тооцвол нөөцийн ихэнх нь судлагдаагүй.  “Deal Journal Australia”-д бичсэнээр дэд бүтэц муутай Монгол Улсаас газрын тосыг Хятад руу төмөр замаар тээвэрлэхэд хүндрэлтэй олон асуудалтай тулгарах аж. ОХУ-аас Хятад руу газрын тосны хоолой тавьж болох ч Роснефть зэрэг томоохон үйлдвэрлэгчид дургүйцэж байгаа гэнэ. 2010 онд байгуулагдсан “Wolf Petroleum” нь Монгол дахь газрын тосны урт хугацааны лиценз эзэмшдэг хамгийн том компани бөгөөд нийт 80,000 км2 талбайтай гэнэ. Тус компани сүүлийн хэдэн жил хайгуул шинжилгээ явуулсан бөгөөд ирэх жил өрөмдлөгийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. “Wolf Petroleum” нь Баруун-Уртад ПетроЧайнагийн ордтой ойрхон хайгуулын ордтойгоос гадна Жинстэд асар том хайгуулын талбайтай. “Strzelecki Metals” “Wolf Petroleum”-ыг худалдаж авахын тулд тус компанийн нэгж хувьцаа тус бүрт өөрийн 25 хувьцааг санал болгожээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж