Хурдан морь унаач хүүхдүүд “Алтан гэрэгэ” авлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Хурдан морь унаач хүүхдүүд “Алтан гэрэгэ” авлаа

Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлэх үнэлэмжийг “Монгол глобал” компанийн захирал Б.Ганбаяр бодитоор өсгөлөө. Тэрээр улсын баяр наадамд хурдан морио айрагдуулж түрүүлүүлсэн 30 хүүхдэд  нэг сая төгрөгтэй тэнцхүйц 960-ийн сорьцтой  14 грамм алтан гулдмай бүхий Алтан гэрэгэ гардууллаа.

“Цэнгэлийн манлай” гал дээр ирж шагналаа авсан Дарьганга нутгийн уугуул Баянхүүгийн Ёндонсамбуу хэмээх 11 настай хүүг Д.Ганбаяр захирал Орос гуравдугаар сургуульд суралцахыг хүсвэл сургалтын төлбөр, орон сууцны асуудлыг шийдвэрлэхээ амлалаа. Харин Ёндонсамбуугийн өвөө С.Гүрдагва нь “Монгол глобал” компанийн захирал Б.Ганбаярт хурдан удмын хүлэг морьдынхоо угшилтай даага бэлэглэлээ.

Нэг сая төгрөгтэй тэнцэхүйц “Алтан гэрэгэ”-г мөн нь Б.Солонго хэмээх охин хүртсэн юм. Энэ жилийн дааганы уралдаанд 251 хурдан хүлэг уралдсанаас 10 настай Б.Солонгын унасан Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Г.Батдэлгэрийн хар халзан, чандмань тамгатай даага түрүүлсэн юм. Мөн найман настай Гансүхийн Сүхбат хүү их насанд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул “Алтай констракшн” компанийн Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн зүсмийн саран дэвсгэртэй чандмань тамгатай их насны морийг унаж түрүүлсэн бол соёолонгийн уралдаанд Х.Бат-Эрдэнийн хонгор зүсмийн тангад тамгатай морийг аман хүзүүнд хурдлуулж хоёр алтан гэрэгэний эзэн боллоо.

Хүрэл зэвсгийн үеийн шар хүрэн гэрээр зочилсон хөгшид хар цагаан туганд хүндэтгэлтэйгээр мөргөж байсан. Энэ сайхан гэрийг “Монгол глобал” компанийнхан Шинжлэх ухааны академийн инноваци хариуцсан мэргэжилтэн, доктор профессор Г.Алтангэрэлийн зөвлөгөөгөөр хийжээ. Монголд өмнө 13 дугаар зууны үеийн гэрийг нарийн судлан судалгааны  үндсэн дээр хийсэн тохиолдол байхгүй юм байна. Гэрийн бүх эд хэрэгслийг түүх судлан, урлан бүтээсэн байна. Гэрийн хойморт алтан шонхор бүхий их эзэн хаан Чингисийн хөөмөл, хоёр талд нь хар цагаан сүлд байрлуулжээ. Цагаан сүлдийг монголчууд баяр ёслолоор тахидаг байжээ. Гэрийн баруун талд Мөнх хааны тамганы бичээс, зүүн талд нь Чингис хааны “Алд бие минь алжааваас алжаатугай. Ахуй төр минь бүү алдартугай” гэсэн үгийг хуучин монгол бичгээр бичиж байршуулжээ. Гэрийн тооно нь нар сарны бэлэгдэлтэй. Хадны сүг зургаар чимэглэсэн. Хас тэмдэгтэй, түмэн наст хээтэй. Ноён уулын булшнаас олдсон түүхийн эх сурвалжаас судлан мэдсэн бүхнийг энэ гэрт шингээхийг хичээсэн гэж Д.Ганбаяр ярьж байлаа. “Монгол глобал” компанийн хамт олон энэ жилийн баяр наадмаар хамгийн олон зочид, найз нараа хаан шиг хүлээн авч хүндэтгэсэн бөгөөд “Цэнгэлийн манлай” галд 5600 орчим зочид ирсэн гэнэ. Цэвэрхэн галыг шалгаруулдаг бол “Цэнгэлийн манлай” торойн шалгармаар байлаа. Тэдний гал орчимд ширхэг ч шүдэнзний мод байхгүй цэвэрхэн. Хотын төвд ч байхгүй цэвэрхэн ОО-д тухлах боломжийг бүрдүүлсэн. Булган аймгийн Могод сумнаас авчирсан сэнгэнэсэн сайхан айргаар дайлж байлаа.

“Монгол глобал” компаний хамт олон наадмаар ажиллаж ирсэн зочдод үйлчилж тэднийг баярлуулж байгаадаа өөрсдөө маш их баяртай “Ингэж ажиллаж байгаа нь бидэнд нэр төрийн хэрэг” хэмээн бахархаж байсан. Зохион байгуулалт сайтай, ажилдаа чин сэтгэлээсээ  ханддаг тэднээс сурах зүйл их байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж