Ш.Алтантуяагийн хэрэг Малайзын сонгуулиас өмнө шийдэгдэхгүй

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяагийн хэрэг Малайзын сонгуулиас өмнө шийдэгдэхгүй

Малайзад амиа алдсан монгол бүсгүй Ш.Алтантуяагийн хэргийн явцтай танилцахаар Монголоос ажлын хэсэг томилогдон ирэх наймдугаар сард Малайз руу явах гэнэ.

“Энэ хэрэгт ажиглалт хийх албаны хүмүүс ирнэ гэж мэдэгдсэн. Гэвч ирэх цагаа товлоогүй. Учир нь саяхан парламентын сонгууль явуулсан Монгол Улс Засгийн газраа эмхэлж амжаагүй байгаатай холбоотой” хэмээн Малайзын нэгэн албаны хүн “Keadilan Daily”-д мэдээлжээ.

Тус сонинд  “Монгол бүсгүйн амийг хөнөөсөн аймшигт хэргийн буруутныг шийтгэх өдрийг түүний гэр бүлийнхэн болон Малайзчууд зургаан жил хүлээж байна” хэмээн бичсэн байна. Малайзчууд тус улсын Ерөнхий сайд Нажиб Разак болон нөлөө бүхий улс төрчдийг авилгын хэрэгт хутгасан шумбагч хөлгийн нууц наймааг бүсгүйн үхэлтэй холбоотой гэдэгт эргэлзэхгүй байгаа юм.

Шаарийбуугийн Алтантуяа гэгч 28 настай бүсгүйг  2006 онд Ерөнхий сайд Нажиб Разакийн хоёр бие хамгаалагч хэрцгийгээр хөнөөсөн. Хоёр этгээд бүсгүйг буудаж, дараа нь зөвхан цэргийнхэн хэрэглэхийг зөвшөөрдөг C4-өөр дэлбэлсэн юм. Ш.Алтантуяагийн  хэрэг нь Малайзын түүхэнд хамгийн их дуулиан тарьсан, нууц  аллага болсон. Хэргийг мөрдсөн Малайзын болон гадаадын эрэн сурвалжлах сэтгүүлчид бүсгүйг хөнөөхийн тулд хоёр бие хамгаалагчийг хөлсөлсөн этгээдийг маш нөлөөтэй гэдэгт итгэлтэй байгаа юм.

Ш.Алтантуяаг хөнөөсөн хоёр этгээдэд 2009 онд Малайзын шүүх цаазаар авах ял оноосон боловч ялыг гүйцэтгэлийг хойшлуулсаар өдийг хүрчээ. Бусдын гарт үрээ алдсан С.Шаарийбуу Малайзын Засгийн газраас шүүх процессыг яаравчлуулахыг хүссэн авч Нажиб Разакийн Засгийн газар хэргийг санаатайгаар хойшлуулсаар байгаа аж. Малайзын хэвлэлүүдэд бичсэнээр бүсгүйн аллагын цаана улс төрчид буйг нотлох хангалттай баримт байгаа боловч тус улсын шүүх энэ талаар тайлбар хийхээс эрс татгалзсан юм.

Алуурчдын нэг Сирул Азар Умар бүсгүйг хөнөөсний хөлсөнд 100,000 малайз ринггит авснаа хүлээсэн ч бүсгүйг юунаас болж хөнөөсөн талаар асуугаагүй аж. Ш.Алтантуяаг огт таньдаггүй байсан гэмт этгээдүүдэд түүнийг алах шалтгаан байгаагүй нь түүний аллага захиалга байсныг харуулдаг. Энэ хэрэгт холбоотой гэж сэжиглэгдэж буй гуравдахь хүн нь Нажиб Разакийн туслах, дотны найз, Малайзын Засгийн газрын худалдаж авсан шумбагч хөлгийн гол зуучлагч Разак Багинда юм. Ш.Алтантуяатай амрагийн харьцаатай байсан Разак Багиндаг түүнийг аллагын гол захиалагч гэж сэжиглэдэг боловч тэрбээр ямар ч ял шийтгэлгүй мултарсан бөгөөд одоо Их Британид амьдарч байгаа юм.

Францын шумбагч үйлдвэрлэгч DCNS компанийг Малайзын Засгийн газарт шумбагч худалдах гэрээг байгуулахын тулд тус улсын Ерөнхий сайдад 114 сая еврогийн хахууль өгсөн хэргээр Парист шалгаж байна. Францын цагдаа нар Малайзын нөлөө бүхий улс төрчид, Ерөнхий сайд Нажиб Разакийг авилга авсныг нотлох чухал нотолгоо бий гэж мэдэгдсэн байна. Шумбагч хөлгийн наймаатай холбоотой асар том авилгын хэрэг Ш.Алтантуяагийн аллагын хэргийг нь сөхжээ. Харин Малайзын төрийн хяналтанд байдаг хэвлэлүүд Ш.Алтантуяаг “Scorpenes” шумбагч хөлгийн наймаатай холбоотой нотлох баримтыг гуйвуулах гэж бүх чадлаараа хичээж байгаа аж.

Малайзчууд Ш.Алтантуяагийн хэргийн явцыг ажиглахаар Монголоос албаны хүмүүс ирж байгаад баяртай байгаа бөгөөд гэмт хэрэгтнүүдийг шийтгэж, Малайзын нэрийг бохир зүйлээс салгах ёстой гэж үзэж байгаа гэнэ. Ш.Алтантуяагийн гэр бүлийнхэн түүнийн чандрыг нутагт нь авчирч хүний ёсоор нутагшуулахаар зургаан жил хүлээж байгаа боловч давж заалдсан алуурчдын шүүх хурал болохоос нааш бүсгүйн чандрыг Малайзын шүүхэд хадгалах ёстой гэнэ. Гэвч Малайзын сөрөг хүчин “Нажиб Разак ирэх жилийн бүх нийтийн сонгуулиас нааш шүүх хурлыг явуулахгүй” гэжээ. Малайзын бүх нийтийн 13 дахь сонгууль нь ирэх 2013 оны дөрөвдүгээр сард болох юм байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж