Наадам дуусч, намар эргэв

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Наадам дуусч, намар эргэв

Ийм сануулгыг монголчууд хэдэн үеэрээ л хэлж анхааруулсаар ирсэн нь энэ цагийн ойлголтоор бол ажил хэргийн бас нэг менежмент бололтой. Харин үүнийг сүүлийн үед хошин өнгө аяс оруулан “Наадмын дараа наадам” гэж хэлэх хүн мэр сэр таардаг. Энэ ч үнэний хувьтай л даа. Наадам дээр наадам нэмж бүсийн уралдаан, уул овооны тахилга гэхчлэн нэр төрөл нь байнга олширч байгаа. Бас ойн баярыг ч нижгэр тэмдэглэдэг болсон. Ерөнхийдөө аймаг, сум наадмаараа өрсөлддөг болсон юм уу даа.

“Наадмын дараах наадам”-ын хамгийн ойрын улсын наадмыг удаалж уяачдынх үргэлжилсэн бол ирэх амралтын өдрөөр цагдаагийн баяр болно гэж байна. Энэ сарын хорьд гаргаад Сүхбаатар аймгийн 70 жил, залгаад зүүн бүсийн уралдаан гэж улсын дайтай баяр болно. Энэ мэтээр үргэлжилнэ. Сум орны тэгш ой тэмдэглэх гэж олон хүнийг огшоож хөөрөгдсөн том арга хэмжээ бий болжээ. Бэлгүй хэрнээ бийлэгжүү загнаж, нутгийн зөвлөлийнхний нүнжгийг шалгадаг баяр болж хувирсан байна.

Монгол нутгийн зун ийнхүү наадмаар амьсгалж, наран дор уяа морьдын тоос хөврөх ажгуу. Гэвч ийм амар амгалан өдрүүдийн өнгөн цаана нартын жамаар намар наашилж, навчис чимээгүйхэн гундаж байдаг. Буцаж яваа цаг, ирж яваа өдрүүдийн тэнцэл ийн эсэргэн цаг руу илүү хэлтийж, нар богиносож, цаг хомсддог болохоор л монголчууд “Наадмын дараа намар” хэмээн сануулдаг биз. Нэгэн найрагчийн бичсэнчлэн “Наран холдох тэртээ нэл өнгөөр цайвалзаж, Наадмын өдрийн маргааш намар наашаа дөтлөх” авай.

Монгол нутаг маань дөрвөн улиралтай, дэлхийд гайхагдах хүйтэн өвөлтэй. Аливаа ажил цаг нар, тэнгэрийн араншингаас тэр чигээрээ хамааралтай. Багахан хугацаанд их ажил амжуулахыг байгаль цаг агаар нь ийн бидэнд тулгадаг. Ийм болохоор л урин дулааны өдөр хоногууд наадмаасаа илүү үнэ цэнэтэй байдаг. Замаа засна, түлээ нүүрсээ базаана, шугам сүлжээгээ засч солино гэхчлэн хот суурин газрын ажил дундарна.

Улаанбаатар хаа очиж хавартай зэрэгцэн засвар шинэчлэлтийн ажлаа эхэлсэн. Эдүгээ төлөвлөсөн ажлаасаа нэлээдийг нь нугалсан байх. Энэ жил гэхэд 1144,7 тэрбум төгрөгийн зам засварын ажил хийх учиртай. Тоймтойхон заримаас нь дурдвал "Хүчит шонхор” захаас Хувьсгалчдын гудамж хүртэлх 1,6 км авто замын ажил, Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэл 17.6 км, Ард Аюушийн өргөн чөлөөг Толгойтын авто замтай холбох 4.1 км авто замыг шинээр тавьж байгаа. Замын ажил намартай өрсөн дуусах найдвар байгаа хэмээн салбарынхан нь онцолж байна билээ. Үүнтэй зэрэгцэн хотын Их, Бага тойруу орчмын дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажил эхэлсэн. Ингэснээр хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Дэнжийн 1000 орчмын нам даралтын зуухуудыг халж, айлуудыг төвлөрсөн халаалтад холбох юм. Ер нь жил жилийн өдийд нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 50-60 хувийн гүйцэтгэлтэй байдаг. Харин хөдөөд бол байдал өөр.

Хадлан тэжээл, хашаа хороо гээд ажил мундахгүй. Энэ жил ихэнх нутагт зуншлага харьцангуй оройтсон болохоор газрын гарц, тариа ногооны ургац aлаг цоог байгаа гэнэ. Энэ сарын сүүлийн хагаст газар тариалангийн бүс нутгаар ихэнхдээ хур бороогүй, хуурай халуун байх төлөвтэй гэсэн цаг агаарын мэдээ байна. Тарьсан бол ургуулдаг хэдий ч тариаланчдын хувьд энэ тийм ч таатай мэдээ биш. Харин нэг сайн мэдээ гэвэл энэ намар тариа ногоо хураах үеэр бензин шатахууны хангалт хэвийн байхын зэрэгцээ үнэ ханш өсөхгүй гэсэн мэдээллийг Газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч П.Сарангэрэл өгч байгаа.

Энэ жил манай улсын мал сүрэг 50 саяд хүрлээ. Зуд турхан холуур байвал аз, амны хишиг тэр гэлээ ч ирэх өвлийн араншинг урьдчилан хэлэх амаргүй. 50 сая малд наанадаж хоёр сая шахам тонн байгалийн хадлан бэлтгэх шаардлагатай болно. Үүн дээр гар тэжээл нэмэгдэнэ. Нарны галтай, өвсний сортойд амжуулах ёстой ажил гэвэл энэ. Цахилгаан станцуудын өвлийн бэлтгэл, засвар үйлчилгээ нүүрс татан авалт, уул уурхайнуудын хувьд хөрс хуулалт, олборлолт гэхчлэн цаг хугацаатай өрссөн олон ажил шил шилээ харан хүлээж байна. Энэ өдрүүдийн хичээл зүтгэлээс ирэх өвлийн өнгө төрх хамаарна. Наадам холдож намар ойртлоо.

П.БУЛГАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж