Их Монгол улс байгуулагдсаны 806 , Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Хүй долоон худгийн ногоон дэнжид болсон хурдан морьдын уралдаан эхэлсэн долоодугаар сарын 10-наас 13-ныг дуустал болсон монгол морьдын уралдааны зургаа, эрлийз морьдын бага, дунд, их насны морьдын уралдааныг “www.todmagnai.mn” сайт цаг алдалгүй түргэн шуурхай мэдээлэн хүргэсэн юм. Тус сайтын сурвалжлах баг Хүй долоон худагт байрлан, түрүүлж айрагдсан морьдын эздийн баярын сэтгэгдэл, эгзэгтэй фото агшнууд, түрүүлж айрагдсан морьдын тухай дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай мэдээлэн хүргэж байсан нь морь сонирхогчдоос өндөр үнэлгээ аваад байлаа. Ямартаа ч баяр наадмын хурдан морины сурвалжлах багаас “салбартаа тэргүүлэгч” нь “Тод магнай”-н хамт олон болж таарлаа. “Тод магнай” сэтгүүл нь 2009 оноос, www.todmagnai.mn сайт нь энэ оны хоёрдугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус сэтгүүлийн хувьд ММСУХ-ны 2011 оны шилдэг сэтгүүлийн нэг юм. Хөдөө орон нутгийн болон улсын цолтой уяачдын хэзээний танил болсон тус сэтгүүлийн хамт олон энэ оны хоёрдугаар сард сайтынхаа нээлтийг хийхийн зэрэгцээ Морьтон монголчуудын мөнхийн омогшлыг дэврээн, үүх түүх, үндэсний өв соёлоороо бахдах үзлийг хөхиүлэн дэмжих зорилготой “Тод магнай 2012” ёслолын ажиллагааг анх удаа зохион байгуулсан бөгөөд цаашид уламжлан болон зохиогдохоор болсон. Мориор дамжсан их өвийг нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой тус ёслолын ажиллагаа нь шилдэгүүдээ таван номинациар олны санал сануулгаар шалгаруулан тодруулсан юм. Ийнхүү сэтгүүл зүйн салбарт “залуу” хамт олон хэдий ч морины төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа олны хувьд хэзээний танил болсон амжилтаа баяр наадмын энэ л өдрүүдэд ахин батлан харууллаа.