Ард түмний ам дамжин яригдах шуугиант наадам шувтарч, бөхийн ертөнцөд Пүрэвийн Бүрэнтөгс гэж шинэ арслан төрлөө. Арванхоёрны орой гэртээ ардын наадмын түрүүг авч очих хувь тохиолоо бяр, сэтгэл хоёртоо нөөж байсан энэ залуу наадмын өглөө хамгийн түрүүнд сумын заан Ц.Оргилсайханаар есөн давааныхаа салхийг хагалжээ.
Түүний хоёрын давааны учраа нэг галын, нэг нутгийн бөх болох Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн хурц арслан О.Гантулга байв. Хоёрын даваа бол ир бяртай аймгийн цолтнууд хоорондоо таардаг наадмын хамгийн эгзэгтэй даваа. Тийм болохоор энэ даваанаас олон залуу хүчтэн торгон дэвжээг нулимстай үддэг. Энэ жил гэхэд Дундговийн А.Алтанхуяг, Сэлэнгийн Б.Дэлгэрсайхан гээд шижигнэсэн арслангууд хоёрын даваанд бүдэрчээ. Хүч, нас тэнцдэг энэ тулаанд аймгийн арслан О.Гантулгаар даваагаа ахиулсан аймгийн арслан П.Бүрэнтөгсийг гурвын даваанд бэлтгэл сургуулилтыг нь удирдаж, энэ наадамд сойсон Ардын багш, аварга О.Балжинням амлан авч, гар амар даваа ахиуллаа.
П.Бүрэнтөгсийн анхны багш нарын нэг, түүнд үндэсний бөхийн эрдэм ухаан заасан хүн нь даян аварга Агваансамдангийн Сүхбат. А.Сүхбат аваргын “Олимп” дэвжээнд харьяалагдан, үндэсний болоод чөлөөт бөхийн бэлтгэл сургуулилтаа базааж байсан тэрбээр сүүлд нутгийн бөхчүүдээ даган “Увс нуур” дэвжээг сонгож, “Алдар” спорт хороог түшсэн юм.
Гурвын даваанд багшийнхаа итгэлийг дааж даваа ахиулсан П.Бүрэнтөгс хэсэгхэн хугацааны дараа энэ наадмын анхаарлын төвд байсан, өнгөрсөн жилийн наадмын түрүү, залуу аварга С.Мөнхбаттай оноолтоор таарч, нутгийн аваргаа өвдөг шороодуулснаар наадамчдын анхаарлыг татаж эхлэв. Ингээд тавын даваанд П.Бүтэнтөгс Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан М.Өсөхбаяраар тав давж, начин цолны өндөр босгоор давлаа.
Хэдхэн цагийн дараа улсын наадамд түрүүлэх зураг төөрөгтэй байсан цэл залуу аймгийн арслан өмнөх даваанд улсын хүчит харцага Т.Өсөх-Ирээдүйгээр начин цолоо батлаад байсан Булган аймгийн Могод сумын харьяат, улсын начин Эрдэнэбилэгийн Энхбаттай зургаагийн даваанд тунав. Хэн давсан нь харцага цолонд хүрэх энэ барилдаанд П.Бүтэнтөгс хийгүй сайхан барилдаж, шинээр хүртсэн начин цолоо харцага руу урагшлуулав.
Долоогийн даваа. Сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргаад байхгүй, нас залуу ч буурь суусан, арал чацтай, ер нь л өөрийнхөөрөө маш тайван барилдаж, аймгийн арслангаас шууд харцага болоод байсан П.Бүрэнтөгсийг улсын гарьд М.Баяржавхлан зааны даваанд амласан байлаа. П.Бүрэнтөгс хашир гарьдыг сугадаж хөөгөөд ард нь гарч, хөнгөхөн давснаар Монгол Улсын Заан цолны босгоор алхлаа.
Наймын даваанд цолны эрэмбээр ам авахад, Х.Мөнхбаатар арслан улсын заан Д.Рагчааг амлаж, П.Бүрэнтөгс улсын арслан Г.Эрхэмбаяртай тунав. Өнгөрсөн жилийн наадамд үзүүрлэсэн хүчит арслантай П.Бүрэнтөгс наадамчдыг гайхширтал хурдан шаламгай барилдан, гарьд цолтон болж, улмаар үзүүр түрүүний барилдаанд олон жил заан цолондоо багтаж ядсан улсын заан Д.Рагчаагаар ес даван, наадмын түрүүг хүртлээ. Түрүү бөхийн есөн барилдаан ийн өрнөжээ. Улсын арслан Б.Ганбат, аварга С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс гээд Увсын бөхчүүд сүүлийн гурван наадмын түрүүг дараалан хүртэв. Аймгийн арслан Пүрэвийн Бүрэнтөгс 91 жилийн ойд түрүүлснээр Ардын хувьсгалын түүхэн он жилүүдэд улсын цолгүй бөх түрүүлсэн дөрөв дэх тохиолдлын /өмнө нь Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, С.Оргодол нар улсын цолгүй түрүүлсэн/ эзэн болж, Ардын хувьсгалаас хойшхи 50 дахь арслан цолтон болон тодорчээ. 1955 онд 256 бөх сугалаагаар барилдаж, Төв аймгийн Баянбараат сумын уугуул, залуу бөх С.Оргодол найм даван түрүүлж, шууд улсын арслан цол хүртэж байснаас хойш ийнхүү 57 жилийн дараа улсын цолгүй хүчтэн төрийн наадмын түрүү хүртэж буй нь энэ юм. Идэр залуу шинэ арслан мөн цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнийн 25-ны жил дээрээ анх удаа улсын наадмын түрүү хүртэж байсан амжилтыг давтсан байна.
Ард түмэн наадмаа бултаараа харж, олноороо сайхан наадлаа. Гэлээ гэхдээ наадам бүрийн дараа баяр, гуниг хосолдог. Энэ наадамд харамсч үлдсэн барилдаан, бас олны дургүйг тээсэн тулаан ч гарлаа.
Даян аварга Г.Өсөхбаяр, залуу аварга Ө.Мөнхбат нар дөрвийн даваанд өвдөг шороодож, Төрийн наадмын тавын даваа аваргагүй эхэлсэн нь сүүлийн дөч, тавин жил гараагүй тохиол болов. Аваргууд, ялангуяа шинэ залуу аварга ирэх наадмуудад нэгийг тунгаах биз ээ.
Ааг омог нь хааяа хальж асгарах гэдгээс биш энэ цаг үеийн хамгийн хүчирхэг, хамгийн их барилдаанч бөх Т.Санжаадамба заан тавын давааны ам авахдаа хамгийн том алдаа хийв. Улсын наадмын түрүү ч хүртэж болох байсан багтаж ядсан бяр хүчээ тавын даваанд дуусгалаа. Түүний аманд очиж, тав дээр зааныг шороодуулсан Л.Пүрэвжав харцага энэ наадмын уран шаглаатай барилдааныг Т.Санжаадамбыг өвдөглүүлсэн барилдаанаараа харуулав. Л.Пүрэвжав түүний дараа зургаагийн даваанд аймгийн арслан Б.Пүрэвсайханыг давснаар улсын наадамд дөрөв шөвгөрч, гурван удаа зургаа давсан амжилтаар Монгол Улсын Харцага цолтнуудын манлай нь боллоо. Л.Пүрэвжав, Б.Пүрэвсайхан хоёрын зургаагийн давааны барилдаан наадамчдын сэтгэлд сэв суулгасан байх талтай. Хоёр бөхийн барилдааны дунд ямар ч маргаан, үл ойлголцол гарсан бай торгон дэвжээн дээр, ард түмний цэнгэл дунд зогсч байгаа эр хүмүүс нэгийгээ элдэвлэх нь ёс бус үйлдэл юм.
Энэ жил улсын начин цолтны их гэр бүлд багтсан Б.Пүрэвсайхан бол улсын заан Ч.Батзоригийн төрсөн эгчийн хүү. Дөнгөж улсын цолны босгоор алхсан, дээрээс нь сургаж айлдах бөх ахтай, идэр залуу хүчтэн байтлаа өрсөн бөхийнхөө өөдөөс өшиглөнө гэдэг яаж ч бодсон том алдаа.
МҮБХ, хөлийн цэц, гарын даа, засуулуудаас наадам будилаангүй болох дэг ёс ихээр шалтгаалдаг. Бөхийн дүрэмд өнөө жил “Бөхчүүд 5 минутад багтаж ам авах, бас бөхчүүдийг гараа зангидах зэргээр элдэв сэтгэлийн хөдөлгөөн гаргасан үйлдэл гаргахгүй байх” зэрэг дүрэм, журам нэмэгджээ. Журам дүрмээ мөрдөж болно. Гэхдээ тав давсан бөхийг сэтгэлийн хөөрлөө илэрхийлсэн гээд шийтгэх нь ч хаашаа юм бэ дээ. Дүрэм мөрдөж байна гээд залуу хүчтэнүүдийн урмыг хугалчих вий гэж санагдсан. Энэ наадмын дөрвийн даваанд нэгэн залуу хүчтэн маш харамсалтайгаар наадмаа дуусгасан юм. Улсын гарьд И.Доржсамбуутай оноолтоор таарсан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, аймгийн арслан Бо.Батжаргалыг өрсөлдөгч бөхөөсөө 16 удаа зугтсан гэсэн шалтгаанаар талбайгаас хөөж, гарьд И.Доржсамбуу давалгүй даваа авсан энэ барилдааны шүүлт үнэн гэдэгт итгэхэд бэрх юм. Тэгвэл хүний зугтсаныг тоолж суудаг сүрхий “шүүгчид” өрсөн бөхийнхөө өрц рүү тийрсэн бөхтэй ямар хариуцлага тооцсоныг асуух хэрэгтэй байх.
Наадам бүрийн чимэг нь тавын даваа байдаг. Энэ жил Баатархүүгийн Пүрэвсайхан, Рэнцэнбямбын Пүрэвдагва, Жаргалсайханы Амартүвшин, Болдпүрэвийн Сугаржаргал нарын дөрвөн залуу НАЧИН хэмээх энэ эрхэм цолыг энгэртээ зүүлээ. Цолондоо эзэн болох залуус гэж товчхоноор тэднийг үнэлж болно. Цаг хугацаа харуулах биз ээ.
Тэднээс дутахгүй онцлох бөхчүүд бол начин цолондоо эзэн болж наадсан найман начингийн барилдаан байв. Улсын начин Ж.Оргил, Л.Нямсүрэн, Ш.Уламбаяр, П.Ганхүү, Т.Санчир, Э.Энхбат, Ш.Жаргалсайхан, Б.Гончигдамба нарын бяртай начингууд 91 жилийн ойн наадмын тавын даваанд үлдэв. Тэднээс улсын начин Ш.Жаргалсайхан, Н.Энхбат, Б.Гончигдамба нар цолоо батлан, өсөх идэр чимэг хүртэж, улсын начин Т.Санчир дараагийн даваанд цолоо ахиулан, харцагуудын тоог нэгээр нэмэв. Тавын даваанд үлдсэн найман начингийн дөрөв нь Завханы бөхчүүд байлаа. Гэвч Завханы гарьд М.Баяржавхлан тавд Ш.Уламбаяраараа, зургаад Ш.Жаргалсайханаараа даваа ахиулсан наадам хийв. Уг нь монгол бөхөд өнгөө гээлгүй ирсэн уламж ёсыг тунгааж, Завханы дөрвөн сайхан начингийн хэнийг нь ч гарьд дэмжиж болох байлаа. Ядаж амлахгүй орхих боломж ч байв. Түмэн олон уг нь нутгийн бөхөө өргөсөн, үнэнч шударга дэмжлэгийг хүндэтгэн соёрхдог шүү дээ.
Хүчийг үзсэн, олныг цэнгүүлсэн, нутаг усны бөхчүүдээ дэмжсэн, алдсан, оносон гээд үндэсний энэ цэнгэл дунд байх бүхэн нь багтаж дүүрсэн наадам болсон хэмээн хүндэлж, найраа наймаа, өгч авалцсан тухайг нь үлдээн бичлээ.
Цол нэмсэн хүчтэн олонтой, хурд нэмсэн хүлэг ихтэй, цэц гайхуулсан шинэ мэргэнтэй Монгол наадам өргөн дэлгэр, хууч сонин ихтэй алсарч үлдлээ. Ирэх жилийн наадмууд, монгол түмний их цэнгэл үнэн байхыг ерөөе.
Шинээр төрсөн цолтнууд:
Улсын начин:
1. Баатархүүгийн Пүрэвсайхан. Ховд аймгийн Чандмань сумын харьяат. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 409-р анги, "Сүлд" спорт хороо, “Ховд” дэвжээ, “Нью прогресс” группийн бөх.
2. Рэнцэнбямбын Пүрэвдагва. Архангай аймгийн Булган сумын харьяат, Батлан хамгаалах яамны "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 150-р анги, “Бөхбилэгт” дэвжээ, “Хера холдинг” компанийн бөх.
3. Жаргалсайханы Амартүвшин. Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат. Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, “Хантайшир” дэвжээний бөх.
4. Болдпүрэвийн Сугаржаргал. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар "Сүлд" спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээ, “Үйзэн тал” компанийн бөх.
Улсын харцага:
1. Төмөрбаатарын Санчир. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат. Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0146-р анги, “Их Монголын хүчтэн” дэвжээ, "АПУ" компанийн бөх.
Улсын гарьд:
1. Дамбийн Рагчаа. Архангай аймгийн Булган сумын харьяат, Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хороо, Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газар, “Бөхбилэгт” дэвжээ, “Макс” группийн бөх
Улсын арслан:
1.Пүрэвийн Бүрэнтөгс. Увс аймгийн Давст сумын харьяат. Батлан хамгаалах яамны "Алдар" спорт хороо, “Олимп” дээд сургууль, “Увс нуур” дэвжээ, “Дулааны цахилгаан станц IV” компанийн бөх.
Начин, харцага, гарьд, арслан цолтон шинээр төрлөө
Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүйзийг хүргэж байна.
Тавын даваа:
1. Д.Ганхуяг /у.а/ – Ж.Амартүвшин /а.а/
2. Б.Ганбат /у.а/ –Т.Санчир /у.н/
3. Х.Мөнхбаатар /у.а/ – Ж.Оргил /у.н/
4. Д.Азжаргал /у.а/ – П.Ганхүү /у.н/
5. Г.Эрхэмбаяр /у.а/ -Л.Нямсүрэн /у.н/
6. М.Баяржавхлан /у.г/ -Ш.Уламбаяр /у.н/
7. И.Доржсамбуу /у.г/ –Р.Пүрэвдагва /а.х.а/
8. Н.Ганбаатар /у.г/ – Ш.Жаргалсайхан /у.н/
9. Д.Рагчаа /у.з/ -Б.Сайнбаяр /у.з/
10. Д.Баасандорж /у.з/ – Б.Пүрэвсайхан /а.а/
11. М.Өсөхбаяр /у.з/ – П.Бүрэнтөгс /а.а/
12. Б.Соронзонболд /у.з/ –Б.Сугаржаргал /а.з/
13. Ч.Санжаадамба /у.з/ – Л.Пүрэвжав /у.х/
14.Т.Өсөх-Ирээдүй /у.х/ – Э.Энхбат /у.н/
15. А.Цацабшир /у.х/ – Б.Гончигдамба /у.н/
16. Ц.Содномдорж /у.х/ – Ө.Бат-Орших /у.х/
Зургаагийн даваа:
1. Х.Мөнхбаатар /у.а/ – Ж.Амартүвшин /а.а/
2. Д.Азжаргал /у.а/ – Т.Санчир /у.н/
3. Г.Эрхэмбаяр /у.а/ – Б.Сугаржаргал /а.з/
4. Г.Баяржавхлан /у.г/ – Ш.Жаргалсайхан /у.н/
5. Д.Рагчаа /у.з/ – Р.Пүрэвдагва /а.х.а/
6. Л.Пүрэвжав /у.х/ – Б.Пүрэвсайхан /а.а/
7. Ө.Бат-Орших /у.х/ – Б.Гончигдамба /у.н/
8. Э.Энхбат /у.н/ – П.Бүрэнтөгс /а.а/
Долоогийн даваа:
1. Х.Мөнхбаатар /у.а/ – Т.Санчир /у.н/
2. Г.Эрхэмбаяр /у.а/ – Л.Пүрэвжав /у.х/
3. М.Баяржавхлан /у.г/ – П.Бүрэнтөгс /а.а/
4. Д.Рагчаа /у.з/ – Ө.Бат-Орших /у.х/
Наймын даваа:
1. Х.Мөнхбаатар у.а – Д.Рагчаа у.з
2. Г.Эрхэмбаяр у.а – П.Бүрэнтөгс а.а
Есийн даваа:
1.Д.Рагчаа у.з – П.Бүрэнтөгс а.а