Сэжигтнүүд цагаа олон зайлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Сэжигтнүүд цагаа олон зайлжээ

Ойролцоогоор хорин жилийн өмнө Дэлхийн хөлбөмбөгийн холбооны (FIFA) экс-ерөнхийлөгч Жоао Авеланж ба FIFA-гийн Гүйцэтгэх хорооны гишүүн асан Рикардо Тейшейра хоёр авсан авлигын хэргийн баримтуудыг Швейцарийн шүүхийн байгууллага ил гарган тавив. Хоёр сэжигтэн өдгөө хөлбөмбөгийн засгаас холдсөн байгаа.

Өнгөрөгч лхагва гаригт Швейцарийн шүүх FIFA-гийн экс-ерөнхийлөгч бразилиийн иргэн Жоао Авеланж ба FIFA-гийн Гүйцэтгэх хорооны гишүүн бөгөөд экс-ерөнхийлөгчийн хүргэн асан Рикардо Тейшейра хоёр олон саяын авлига авч байсан талаарх баримтуудыг шинэчлэн гаргаж нийтэд танилцуулав. Дэлхийн аваргын тэмцээнийг телевизээр дамжуулах эрхийг худалдах эрх авсан  ISL гэх маркетингийн компаниас тэд олон саяын авлига авсан байлаа.

Тийм ашигтай телевизийн бүтээгдэхүүний зах зээл дээр бэхжиж авахын тулд тэр компани 1990-ээд онуудад хөлбөмбөгийн хоёр нэртэй зүтгэлтэнг худалдан авахаар шийджээ. Тэдний нэг нь тэр үед FIFA-гийн ерөнхийлөгч байсан Авеланж байв. Тэр хүн FIFA-г 24 жилийн турш (1974–1998) удирдсан юм. Мөн Бразилийн хөлбөмбөгийн конфедерацийг 1989 оноос толгойлж ирсэн, FIFA-гийн Гүйцэтгэх хорооны нөлөө бүхий гишүүн Рикардо Тейшейра хоёр дахь худалдагдсан албан тушаалтан нь байжээ. Тодорхой болсноор 1997 оны гуравдугаар сард Авеланж 1,5 сая ам.долларын авлигыг ISL компаниас авсан байна. Тейшейра нь 1992-1997 онуудад  12,7 сая швейцарийн франкаар  хөрөнгөө зузаатгасан гэж Швейцарийн хууль хяналтын байгууллагынхан мэдээлэв.

Дашрамд дурьдахад, компани нь өөрөө дампуурсны улмаас 2001 онд үйл ажиллагаагаа зогсоожээ. Гэхдээ хэвлэлийнхний шахалтаар есөн жилийн дараа 2010 онд энэ хэргийг нээсэн байна. Үүний нээхэд  2018/2022 онуудын дэлхийн аваргын эзэн орнуудыг сонгох сонгуулийн дараа авлигын дуулиан мандсан нь түлхэц болсон байв. Мөн энд FIFA-гийн ерөнхийлөгчийн сонгууль бас нөлөөлсөн нь тодорхой. Авеланжийн нэр тэр маркетингийн компаниас авсан авлигын хэрэгтэй холбогдон нэг биш удаа дуудагдаж байв. Хоёр жилийн өмнө ВВС-“гийн “Панорама” нэвтрүүлэгт тэр бразили хүнийг ISL компанитай гэмт хэргийн холбоотой хэмээн ярьж байв.

Телевизийнхний гарган тавьсан баримтад өгүүлэхдээ, Авеланж тоонд нь байж магадгүй спортын эрх мэдэлтнүүд  тэр хэргийг хаалгахын тулд 5,5 сая швейцари франк төлсөн гэжээ. Тейшейрад хамааруулан “Панорама” нэвтрүүлгийн нэгэн сэдэвт  ярихдаа тэрээр FIFA-гийн Гүйцэтгэх хорооны бусад хоёр гишүүн Өмнөд Америкийн хөлбөмбөгийн конфедерацийн тэргүүн Николас Леос, FIFA-гийн дэд ерөнхийлөгч камерун хүн Исса Айата нарын хамт 10 жилийн дотор (1999 он хүртэл) нөгөө ISL компаниас  175 төлбөрийн хуудсаар 100 сая ам.доллар авсан гэж хэлсэн байлаа.

Өнгөрсөн жилийн аравдугаар сард энэ авлигын хэргийг мэдэж байсан ч чимээгүй байсан гэж гадуур ярьдаг FIFA-гийн ерөнхийлөгч Зепп Блаттер гэнэтхэн ISL компанитай холбоотой хэргийг сэргээлгэх талаар үг дуугарсныг санахад илүүдэхгүй байх. Хөлбөмбөгийн засаглалын дээд хэсгийн авлигын тухай бичиг баримтыг шинэчлэн гаргаж тавихыг уриалж байсан FIFA-гийн Авлигатай тэмцэх асуудлын зөвлөх Марк Пит түүнийг тэгж хэлүүлсэн байх.

Гэхдээ туршлагатай албан тушаалтан Блаттер  хэргийг гаргаж тавих хугацаагаа яг тааруулсан гэж зоригтой хэлж болох юм. Учир нь одоо Авеланж ч, Тейшейра ч спортын улстөрд оролцдоггүй болсон байгаа юм.

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард ОУОХ-ны хоёр гишүүн Айяту ба Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Ламин Диак хоёрын ISL-д хөлбөмбөгийн дэлхийн аваргын тасалбар худалдах эрхийг 10 жилийн өмнө худалдан авлига авсан хэргийг Олон улсын олимпийн хороо шалгаж эхэлсний дараа FIFA-гийн экс-ерөнхийлөгч ОУОХ-ноос гарах тухай захидлаа бичсэн байв.Авеланжийн хэргийг тэр сард нь Ёс зүйн хороо нь авч хэлэлцэх ёстой байсан юм. Гэтэл түүнийг огцорсны дараа  хэргийг нь хаажээ. Одоо 96 настай Авеланж биеийн эрүүл мэндийн байдлын улмаас эмч нарын хяналтад байгаа гэнэ.

Гуравдугаар сард FIFA-гийн Гүйцэтгэх хорооны гишүүний тушаалаа Тейшейра орхисон байв. Үүний өмнө тэрээр Бразилийн хөлбөмбөгийн конфедерациас гарч мөн 2014 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмуээний зохион байгуулах хорооны даргаасаа огцорсон байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж