Хүй долоон худагт хэний морьд хурдан байв

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Хүй долоон худагт хэний морьд хурдан байв

“Төмөр зуузай сунган гүйдэг
Түмэн агтнаас түрүүлэж гүйдэг
Мяндсан жолоо сунган гүйдэг
Мянган агтнаас түрүүлэж гүйдэг
Заан дөрвөн соёог яралзуулаад
Заамал зургаан хүзүүгээ гүдэлзүүлээд
Төө сайхан чихээ солбилзуулаад
Төгрөг хар нүдээ тормолзуулаад
Туулай сайхан зоогоо хотолзуулаад
Тураг сайхан биеээ товолзуулаад
Өтгөн сайхан сүүлээ сагсалзуулаад
Өнгөт сайхан дэлээ намилзуулаад
Эрчимт дөрвөн туурайгаа жирэлзүүлээд
Эрдэнэт дөрвөн хөлөө гялалзуулаад
Дайрч ирсэн даян хүлэг
Давхиж гарсан хангайн буга
Даяр гайхамшигт
Даамай хурдан
Ган зуузай
Галт идэр хүлэг ээ” хэмээн цоллуулах хурдан морьдын уралдаан Хүй долоон худгийн торгон ногоон дэнжид болж, наадамчин олныг баясгалаа. Энэ жилийн хурдан морины уралдаанд эрлийз морьдыг тусад нь уяачдын наадам дээр уралдуулах шийдвэр гарсан ч уралдах морьдын тоог бууруулсангүй, үзэх наадамчдын сонирхлыг багасгасангүй. Ийнхүү зургаан насны морьдын уралдаан гурван өдрийн турш болж уулын энгэр дүүргэн, дэнжийг хотойлгон наадлаа.

ДААГА

Энэ насанд хэний ямар даага түрүүлэх тухай таамаг тун бүрхэг байлаа.  “Битүү” гэдэг тодотгол энэ насанд бий тул ийн таамаглах боломжгүй гэсэн үг. Өнгөрсөн жил 200 гаруй даага уралдаж байсан бол зуу илүүгээр өсчээ. Ингээд 310 гаруй хурдан даага уралдсанаас Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Б.Батдэлгэрийн хээр халзан даага түрүүлж, Дундговь аймгийн Хулд сумын уугуул Ц.Ганхүүгийн хонгор халзан аман хүзүүдлээ. Дараагаар нь Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Б.Далайн ухаа, Ховд аймгийн Дөргөн сумын уугуул, “Гарьд зам” Н.Батбаярын халтар, Төв аймгийн Баян сумын уугуул П.Энхмөнхийн халиун удаалж айрагдсан байна. Мөн насны уралдааны үеээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн давхар саран тамгатай хар алаг даага тоосоо өргөсөн тухай яриа олны сонирхлыг татаж байлаа. Түрүүлснээс нь илүү хамгийн сүүлдэж “баян ходоод” болсныг нь харах сонирхол энэ насны уралдааны нэг онцлог. “Унасан хүүхэд нь томдоод, барьсан ташуур нь багадсан” хэмээн цоллуулдаг энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай нь Төв аймгийн Лүн сумын уяач П.Ганxүрэлийн xонгор даага  боллоо. 

ШҮДЛЭН

Шүдлэн насны морьдын уралдаанд 260 гаруй хурдан хүлэг тоосоо өргөснөөс Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, “Чандмань тал” ХХК-ийн захирал Ж.Энхболдын зээрд үрээ түрүүллээ. Энэ үрээг х.Гансүх гэх 12 настай хүү унаж уралджээ. Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Нямцэрэнгийн буурал, айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатарын хээр, Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Ганзоригийн хар айргийн дөрөвт, айргийн тавд Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Т.Гантөмөрийн халтар үрээ хурдлав. 

Өнгөрсөн жил 300 гаруй шүдлэн үрээ уралдаж байснаас тооны хувьд багассан нь эрлийз морьдыг тусад нь уралдуулах шийдвэр гарсантай холбоотой бөгөөд улсын комиссоос тогтоосон 1.30 метрээс өндөртэй хэд хэдэн шүдлэн үрээ хасагдсан байна.

ХЯЗААЛАН

Улсын баяр наадмын хурдан морь­дын салхийг хязаалан насны морьдын урал­даанаар эхлүүлдэг уламжлал ёсоор хязаалан насны уралдаан эхэллээ. Энэ жил хязаалан насны морьдын уралдаанд 324 морьд бүртгүүлсэнээс 306  хурдан буян гарааны зурхайгаас гарав. Газар газрын алтан туурт хүлгүүд тоосоо өргөсөн Хүй долоо худгийн дэнжид ямар хурдан хүлэг уясан эзэн, унасан хүүхдээ баясгахыг харахаар ирсэн наадамчин олон дэнж дүүргэж байлаа. Ингээд 18 километрийн зайн уралдаанд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Г.Доржпүрэвийн зээрд түрүүд хурдалж, Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Б.Жаргалсайханы хээр удааллаа. Гуравт, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Д.Баянбатын хонгор, дөрөвт Завхан аймгийн Яруу сумын уугуул, “Тавантолгой транс” компанийн захирал, аймгийн Алдарт уяач Д.Дагвадоржийн зээрд, тавд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Ж.Нямлхагвын хээр хурдалсан байна.

СОЁОЛОН

Хүй долоон худагт Улаанбаатарын бүх л машин тэрэг, хүн нүүгээд ирчихсэн мэт байх бөгөөд энэ насны уралдааныг онцгойлон үзэх сэтгэлгээтэй нь холбоотой аж.
Эхлэх цагаасаа багагүй хойшлон байж гарааны зурхайгаас гарсан уралдаан хурдан болж өнгөрөв. “Хуушуур идэж, соёолонгийн тоосонд даруулбал наадамласан болдог” гэж ярилцдаг олны өмнүүр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Х.Түмэнбаярын халтар соёолон Манлай уяач, “Алтан констракшн” ХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн хонгор соёолон давхин орж ирсэн бөгөөд халтар соёлон түрүүлж барианы зурхайд оров. Уг халтар соёолонг Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат Манлай уяач Агваансамдангийн Батсүx уяж xурдлуулсан бөгөөд  өмнө нь Дорноговь аймагт болсон бүсийн уралдаанд айралдаж байсан энэ соёлон Сүxбаатар аймгийн Дарьганга сумын Рагчаасүрэнгийн унаган адуу юм байна. Аман хүзүүнд хурдалсан хонгор үрээ нь Дорноговь аймгийн Сайншанд сумын ААУяач О.Саруулбаярын унаган адуу ажээ.

Гуравт Архангай аймгийн Чулуут сумын уугуул, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайн хүрэн, дөрөвт Сэлэнгэ аймгийн Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Ганболдын хонгор буурал, тавд Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул О.Мөнхтайваны хээр соёлон хурдаллаа.

ИХ НАС

Их насны уралдаанд 419 хурдан ажнай тоосоо өргөж, гарааны зурхайнаас 25 км уралдаж барианд орлоо.  Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул МУМУ Х.Бат-Эрдэнийн хурдан хүрэн морь их насны морьдын уралдаанд түрүүлэн торгон жолоогоо өргүүллээ. Энэ хүлгийг Хэнтий аймгийн Дадал сумын уяач МУМУ Б.Бат-Өлзий уяж хурдлуулсан байна. Аман хүзүүнд Гачууртын уяачдын холбооны тэргүүн, нийслэлийн Алдарт уяач Ү.Атарсайханы ембүү хул оров. Гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Баясгалангийн хүрэн, дөрөвт Шадар сайд, Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн М.Энхболдын халзан, тавд тод манлай уяач С.Ганхуягийн бор орсон байна. Уг нь Дундговь аймгийн Дэрэн сумын xарьяат манлай уяач Г.Батчулууны уясан шарга морь xүүxэдгүйгээр давхин гуравт ирсэн боловч журам ёсоор энэ адууг таван байр ухраан тооцсон юм.

АЗАРГА

200 гаруй хурдан азарга уралдсанаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Манлай уяач Д.Бат-Эрдэнийн зээрд халзан түрүүлж, Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Ц.Бямбасүрэнгийн зээрд аман хүзүүдсэн байна. Айргийн тавд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Тод манлай уяач Г.Батхүүгийн соёмбо зээрд, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Д.Сугарын цагаан хул, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул Б.Батсүхийн хээр хурдалсан байна. “Азарганы уралдаан төрийн түшээдэд ээлтэй байна” хэмээн ярьцгааж байв.

Ийнхүү өмнөх жилүүдээс ирсэн наадамчид, уралдсан морьдын тоо нь хэдэнтээ давсан наадам болж өнгөрлөө. Эндсэн морьд, бэртсэн хүүхэд, будлиантсан уралдаан багатайгаар нэгэн наадмыг өнгөрөөлөө.

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж