Засгийн газрын тэргүүн өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Засгийн газрын тэргүүн өнөөдөр тодорно

Наадмын дараа намар гэдэг шиг УИХ-д хамгийн олон суудал авсан Ардчилсан намынхан ажилдаа шуурхайлан орж байна. Ардчилсан намын бүлэг өнгөрсөн бямба гаригт хуралдаж шинэ дарга, сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцжээ.

Парламентийн түүхэнд гурван бүлэгтэй шинэ парламентын 69 гишүүн  Үндэсний их баяр наадмын өмнө УИХ-ын гишүүний тангарагаа өргөсөн. МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Ардчилсан нам гэсэн нам, эвслээс бүрдэж буй намууд өнөөдрөөс эхлэн ажилдаа орно.  Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж, олонхи авсан учраас шинэ Засгийн эрхийг авах юм. Ингэхдээ аль нэг нам эвсэлтэй нэгдэж, шинэ Засгийн газрыг байгуулах юм. Гэвч Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн даргад Д.Эрдэнэбат, Монгол Улсын Ерөнхий сайдад Н.Алтанхуяг, УИХ-ын даргад З.Энхболд нарын нэрийг дэвшүүлж, ҮЗХ-ны хурлаар санал хураахаар болжээ.  Ардчилсан намын зүгээс ч мөн Засгийн газраа байгуулж, улс эх оронд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж. Ардчилсан намын даргаар дөрвөн жил ажиллаж, энэ удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Н.Алтанхуяг даргыг Монгол Улсын Ерөнхий сайдын суудалд томилох хүсэлт Ардчилсан намын бүлгийхэнд бий. Энэ хүсэлтийг ҮЗХ-ны 200 гаруй гишүүдийн саналаар биелэгдэх эсэх нь тодорхой болох аж. 

Ардчилсан намын ҮЗХ-ны хурал өнөөдөр 11.00 цагт Төрийн ордонд болох юм байна. Энэ хурлаар Ерөнхий сайд, УИХ-ын дарга, бүлгийн дарга нарыг сонгохоос гадна Монгол хүн 2020 хөтөлбөрийн хүрээнд ямар арга хэмжээ авах асуудлыг хэлэлцүүлэх юм байна. Одоо Ардчилсан нам Засгийн газрын тэргүүн болон УИХ-ын даргын томилгоог хэлэлцүүлсэний дараа аль нэг улс төрийн хүчинтэй нэгдэж хамтарсан Засгийн газар байгуулна. Урьдчилсан байдлаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй нэгдэх хүсэлтэй байгааг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлийн бүлгийн дарга Д.Тэрбишдагва нар  хамтран боломжтой гэдгээ мэдэгдсэн байгаа юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийг ирэх дөрвөн жил удирдах, бүлгийн дарга  Д.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Бүлгийн хуралдаанаар сайд, дарга нарын томилгооноос өөр ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Шинэ парламент байгуулагдснаас хойш анхны бүлгийн хуралдаанаа хийлээ.  Бидэнд улс эх орны шийдвэрлэх олон асуудал байгаа учраас баяр наадмын дараа шууд ажилдаа орлоо. Тиймээс амралт, ажлын өдрийг эс тооцон бүлгийн хуралдаанаа хйисэн. Бүлгийн хуралдаанаар ирэх дөрвөн жил бүлгийг ахлах хүнээ сонголоо. Үүний дараа Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын суудалд ямар хүмүүсийг томилохоо бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, Ерөнхий сайдад Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарын нэрийг дэвшүүлээд байна. Энэ асуудлыг ҮЗХ-ын 200 гаруй гишүүдийн саналаар шийдвэрлэнэ.Эхний ээлжинд  томилгооны асуудлыг хэлэлцсэн. ҮЗХ-ны хуралдаанаар томилгооны асуудлыг шийдвэрлээд дараагийн ажилдаа орно. Бид ер нь бол ажилдаа яаравчлан орохоол бэлтгэж байна.

-Ардчилсан намын бүлэгт нэгдэх хүсэлт бие даагч, аль нэг нам эвслээс ирсэн үү?

-Одоогоор манай намтай нэгдэх, намын бүлэгийн гишүүн болох хүсэлт ирүүлсэн хүн байхгүй. Ардчилсан намын 35 гишүүнээр бүлэг бүрдэж буй.

-Ардчилсан намын ҮЗХ-ны хурлаар аль нэг намтай эвсэх асуудлыг хэлэлцэх үү. Мөн ҮЗХ-аар дарга нарын томилгооноос өөр ямар асуудлыг хэлэлцэх вэ?

-Аль нэг нам эвсэлтэй эсэх асуудлыг түх хойшлуулж байгаа. Үүний өмнө олон ажил бий. ҮЗХ-ны хурлаар мэдээж, гишүүдийн саналыг авна. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтрах саналыг албан ёсоор гаргаагүй ч хамтран ажиллах боломжтой. Хэрэв тус эвсэл манай намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч, нэгдэх бол бид хамтарч ажиллана. Мөн ҮЗХ-ны хурлаар Ардчилсан намын Монгол хүн 2020 хөтөлбөрийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх, ямар арга хэмжээ авах талаар ҮЗХ-ны гишүүдээс санал авах юм. Ингэснээр бидний дэвшүүлээд буй Монгол хүн 2020 хөтөлбөр хэрхэн үргэлжлэх, ямар арга хэмжээ авах нь тодорхой болох юм.

-ҮЗХ 200 гаруй гишүүнтэй. Үүнд УИХ-дахь Ардчилсан намын бүх гишүүд хамаардаг уу. Намын УИХ-ын гишүүд нь ҮЗХ-ны хуралд ямар нэг асуудал оруулж, үүнийгээ олонхоор шийдвэрлэдэг гэх яриа байдаг л даа?

-УИХ дахь Ардчилсан намын гишүүд бүгд ҮЗХ-ны гишүүд. Энэ жил 35 гишүүн сонгогдсон. ҮЗХ-ны хурал аливаа асуудлыг шийдвэрлэхдээ 200 гарй гишүүний санал хураалтаар явдаг учраас ямар нэг асуудлыг олонхиор шийдвэрлэх блдлмжгүй.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж