Хуртай талбайд дээлтэй монголчууд

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Хуртай талбайд дээлтэй монголчууд

“Дэвжих төрийн дээл, мандах төрийн малгай, бадрах төрийн бүс” хэмээн ярьцгаах ард түмэн “Дээлтэй Монгол” наадмаа зургаа дахь жилдээ зохион байгууллаа. Жил ирэх бүрд цар хүрээ нь нэмэгдсээр, оролцогчид олширсоор буй уг арга хэмжээний зорилго н ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсарыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх мөн дэлхийн нийтэд Монголыг гайхуулах аж.

Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, “Монголын Аялал жуулчлалын холбоо” болон загварын хэд хэдэн компани хамтран зохион байгуулсан байна. Наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг ахалсан бөгөөд энэхүү арга хэмжээнийхээ талаар “Улаанбаатар хотын аялал жуулчлал-2015” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг “Дээлтэй Монгол” наадам нь Монгол үндэстэн ястны хувцас, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилан таниулах, даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн өвөрмөц түүх, Монголын эртний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноороо жуулчдын сонирхлыг илүү их татах , хүүхэд, залуучуудад түүх, соёлоороо бахархаж, хайрлах сэтгэлийг төрүүлэх зорилготой” хэмээн тодорхойлж үг хэлсний дараа ёслолын ажиллагаа парадаар эхлэв. Анх 100 гаруй хүнийг хамарч байсан бол оролцогчдын тоо хэд дахин нугарсан байх бөгөөд ёслолын жагсаалд оролцогчид нь талбайг бараг бүтэн тойрохоор өргөн болжээ. Жагсаал эхлэхтэй зэрэгцэн бороо орж эхэлсэн ч талбайн зочид тарцгаасангүй. Ийнхүү дүүрэг бүрийн төлөөлөл, байгуулага бүхний оролцогч нар үндэсний хувцсаа өмсөцгөөн алхлах бөгөөд бөмбөрт цэргүүд жагсаалтыг улам сүрлэг болгох аж. Энэ үеэр үндэсний хувцас өмсгөн зураг авах үйлчилгээ, мөн дээл, малгайны худалдаа хамгийн их үйлчлүүлэгчидтэй байна. Мөн таталган Монгол бичгээр үг бичигч нар ч ажил ихтэй өнжлөө. Уг өдөр Монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хос, үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч, нийтийн бүжгийн хос, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, сайн зохион байгуулалтай, идэвхтэй оролцсон нэг дүүргийг шалгаруулахаар зар тараасан байсан бөгөөд хэдий үүнд бүртгүүлээгүй ч олон хүн үндэснийхээ хувцсаар гоёж иржээ. Тэдгээр иргэдэд уралдаанд өрсөлдөхөөс илүү нэг өдөр дээлээрээ гоёх нь илүү байсан гэнэ. Ингээд үндэсний дээлтэй шилдэг хүүгээр н.Сүхбат, охиноор н.Мишээл, хамгийн бяцхан үндэсний дээлтэй оролцогч нь Сонгинохайрхан дүүргийн дөрвөн сартай хүүхэд шалгарсан байна. Мөн монгол дээлтэй гадаадын шилдэг оролцогчоор Швейцарь улсын иргэн н.Тэри шалгарсан бол хоёрдугаар байрыг Япон улсын иргэн, гуравдугаар байранд АНУ-ын иргэн тус тус шалгарчээ. Хамгийн сайхан дээлтэй хосын тэмцээнд 38 хос оролцсоноос Ариунболд, Золзаяа нар шилдгийн шилдгээр тодорч наадмыг чимэв. Дараагаар нь ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын тоглолт, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, нийтийн цэнгээнт бүжиг, шагайн харваа зэргээр наадам үргэлжилсэн байна.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж