Үндэсний статистикийн газрынхны наадмын өмнөхөн танилцуулсан 2012 оны эхний зургаан сарын эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад инфляци 14.7 хувьд хүрч, Монголбанкнаас инфляцийг 10 хувьд барина гэсэн зорилт “будаа” болов. Инфляци ийм өндөр гарах болсны буруутан нь махны үнэ бөгөөд үүнээс болоод инфяци оны эхнээс 9,7 хувь өссөн байна. Чухамдаа тоолбол гарын таван хуруунд ч хүрэхгүй бараа бүтээгдэхүүний үнэ Монголын эдийн засагт голлон нөлөөлдөг. Зэс, нүүрс, нефть тэгээд мах. 40 сая гаруй толгой малтай, хоёр сая гаруйхан хүн амтай Монгол Улсын эдийн засаг өнөөдрийг хүртэл махны үнэд дарлуулсаар л яваа. Дотоодын зах зээлд махны үнэ сараас сард өсөхийн хэрээр бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх үндсэн шалтгаан болсоор уджээ. Сүүлийн нэг сарын дотор Монгол Улс ихээхэн хэмжээний бэлэн мөнгө тараасан нь махны үнийг хөөсрүүлж, эдийн засагт инфляцийн дарамтыг нэмэгдүүлчихсэн. Стастистикийн мэдээнээс харахад гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өнгөрсөн зургадугаар сарын эцэст 891.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 108.6 тэрбум төгрөг буюу 13.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 252.7 тэрбум төгрөг буюу 39.6 хувиар өссөн байна. Засгийн газар цалин хөлсийг нэмэгдүүлж, нийт иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө тарааж, хөрөнгийн зардлуудыг нэмэгдүүлж байгаа нь эрэлтийн дарамтад нөлөөлж буйг Дэлхийн банкнаас удаа дараа сануулсан. Хэт хурдан давхиж буй мориныхоо амыг татахыг тэд Монгол Улсын Засгийн газарт анхааруулсан боловч харамсалтай нь манайхан нэг чихээрээ ч сонсохыг хүсээгүй. Бусдын зөвлөгөөг сонсоогүйн балгаар саяхан л сан хөмрөг нь халиад байгаа мэт аашлаад байсан Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн нийт хэмжээ 2012 оны эхний хагас жилд 2355.3 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2930.1 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 574.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Нэг гараараа бэлэн мөнгө тарааж, нөгөө гараараа инфляци үйлдвэрлэсэн Засгийн газрын буруу бодлогоос болоод зардлын өсөлт нь орлогын өсөлтөөсөө давж, төсвийн алдагдал хагас жил хүрэхгүйн хугацаанд 574 тэрбумд хүрчээ. Иргэн бүрт сар бүхэн өгсөн 21 мянган төгрөг, хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тараасан 670 мянган төгрөгийн эх үүсвэрийг олохын тулд бүрэн эрх нь удахгүй дуусгавар болох С.Батболдын танхим хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөх бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн. Тэрхүү уранхай хойд хормойг нь хэрхэн яаж нөхөх вэ гэдэг хатуу бодлогыг бодохын тулд шинээр байгуулагдах Засгийн газар тархиа сайн ажиллуулах шаардлагатай болох нь. Төсвийн орлого нь зарлагынхаа хурдыг гүйцэж чадахгүй байгаа нь гадаад худалдааны татвар төдийлөн өсөөгүй, уул уурхайн компаниудаас орох онцгой албан татвар, нөөц ашигласны татвар, ноогдол ашиг буурсантай холбоотой юм. Ялангуяа, хөрөнгийн зардлын огцом өсөлт нь эдийн засгийн шингээх чадварыг сулруулж, үүнээс нь болоод үнэ огцом өсч буйг ч эдийн засагчид анхааруулж байгаа. Цаашлаад Хөгжлийн банкны гадаад хөрөнгийн зах зээлд тавьсан өр ойрын хугацаанд төсвийн байдалд дарамт үзүүлэх магадлалтай байгааг ч, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг авахгүй сая төгрөгөө бэлнээр авна гэсэн иргэдийн хүсэлтийг барагдуулна гэвэл төсвийн эх үүсвэрт учрах дарамт улам л нэмэгдэх бололтой. Ядахад,Засгийн газар энэ долдугаар сараас “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг авахгүй гэсэн иргэдэд мөнгийг нь өгч эхэлнэ гэдэг зар тараачихсан шүү дээ. Экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг нүүрсний хэмжээ өнгөрсөн жилийн өсөлтөөс бараг өсөөгүй, зэсийн экспортийн өсөлт сүүлийн үед төдийлөн ахиц гараагүй гэдгийг уул уурхайн салбарынхан анхааруулсан. Ялангуяа Монголын хамгийн том худалдан авагч, гадаад зах зээл нь болох Хятадын эдийн засгийн өсөлт саармагжсан нь Монголын хэт хурдтай давхиж байсан эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэдгийг олон улсын мэргэжилтнүүд Монголд анхааруулсаар л байгаа шүү дээ. Түүнчлэн санхүүгийн нөлөөнд өртөж болох анхаарахгүй байж болохгүй өөр нэг суваг бол өнгөрсөн жилээс эхлэн хэт халалтын шинж тэмдэгтэй байгаа банкны салбар юм. Эдийн засгийн өсөлт огцом буурах эсвэл макро эдийн засгийн тогтворгүй байдал гүнзгийрэх нөхцөлд банкуудын хөрвөх чадвар болон хөрөнгийн чанарын хувьд эмзэг байдалд оруулах магадлал өндөр байдгийг ч банкирууд дурддаг.
Банкны систем дэх эмзэг байдлыг хязгаарлах, засгийн газрын зардлыг жолоодлоготой болгох, төсвийн гадуурхи санхүүжилтийг багасгах болон Хөгжлийн банкны зээлийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд олгох гээд ямар ч байсан хуучин Засгийн газрын алдааг давтахгүй дотоодын сөрөг үзэгдлүүдийг тогтворжуулах, дэлхийн эдийн засгийн эрсдлийг даван туулах хариуцлагатай их ачаа шинэ Засгийн газрын нуруун дээр тохогдох нь дамжиггүй биз ээ.