Нар, хур тэгширсэн Монгол наадам

Хуучирсан мэдээ: 2012.07.15-нд нийтлэгдсэн

Нар, хур тэгширсэн Монгол наадам

Би хуучин зууны балраагүй түүхэнд энэ биеийнхээ эд, эс, ширхгийг цуглахыг хүлээсэн хорвоогийн намираа салхи. Өвгөдийн үлдээсэн түүхт эх нутаг өдгөө 806 жил зүсэн зүйлийн ургамал, амьтан, хүмүүний биеийг хөрсөн дээрээ бүүвэйлжээ. Жил жилийн баяр наамдаас хамгийн магтууштай нь энэ жилийнх юм шиг, миний хувьд. Уулзсан, хуучилсан наадамчдын оюун бодол, амнаас нь гарах үг бүхэн үүнийг батлах мэт. Ир бяр нь ид тэгширсэн залуу бөхчүүд нь эрхгүй хаваа гайхуулж, эрхийдээ эрчтэй, элгэндээ цөстэй залуу харваачдын тавьсан сум мэргэн байж, салхинаас хурдан хийсэх эрэмгий хурдан хүлэг өнгөтэй байж туурга тусгаар монголчууд сайхан наадлаа гэцгээнэ. Хур бороо тэгширсэн, хувьтай монголчуудын наадам сайхан боллоо.

Цэмцгэр цэнгэлдэх

Хотол олны хуран цугладаг Төв цэнгэлдэх маань цэмцгэр байлаа. Төв цэнгэлдэхийг хүншүүлбэл, цэнгэлдэх цэмцгэр наадлаа. Хувцсаар ижилссэн залуус “Хог гэдэг дайсныг хогийн сав руу гоол” гэх зэргээр Төв цэнгэлдэхийн задгай талбайд уриалан зогсох. Наадамлаж буй багачууд түүнийг нь дуурайна. Жил бүрийн худалдаа, үйлчилгээний журмаар наадамчин олонд ойртуулсан хэрэгцээний бүхий л зүйлийг худалдаалж байв. Хүнс, хувцас, тоглоом, бас гэрэл зургаа татуулах наадамчин олонд зориуд бэлтгэсэн  төрийн далбаа, морьтон цэрэг, эзэн Чингис хааны зургийг хулдаасан дээр буулгасан том самбар бүхий фон гээд л…  Эзэн Чингис хаантай мөр зэрэгцэн зогсч гэрэл зургийн хальснаа мөнхөрөхийн тулд 2000 төгрөг төлнө. Хамгийн гоё нь хуушуур. Энэ жилийн наадмын хуушуур 800-1200 төгрөгний үнэтэй байсан. Цаанаа л наадмын амт амтагдах шиг, цэнгэлдэхийн хуушуурны үнэр одоо ч хамарт цоргих. Авч явах хуушуурыг гялгар уутанд хийдэг байсан бол энэ удаад цаасан уутанд хийдэг болжээ. Цэнгэлдэхэд ногоон үзэл ноёлж байлаа. 

Эмх замбараатай байлгахын тулд 2700 гаруй цагдаа, морин эргүүлүүд ажилласан байх юм. Тиймдээ ч хаашаа л харна, цагдаа. Зарим нь төвөгшөөсөн янзтай,

-Наадам үзэхээр ирсэн хүнээсээ олон цагдаа байх шив гэх нь сонсогдов. Гэмт хэрэг, зөрчлийн нийт хэдэн дуудлага ирсэнийг сонирхох гэвэл дүн мэдээ нь нэгтгэгдээгүй гэх юм. Ямартай ч халаасны хулгай, усанд осолдсон болон нэг нэгнээсээ төөрсөн дуудлага зонхилж байсан. Аврах багт нийт 50 дуудлага ирж 31 хүний амь насыг аварчээ. Хэтэрхий наадамласнаасаа болоод түм түжигнэж, бум бужигнасан олны хөлийн газар, хүүхдээ төөрүүлчихсэн гээд бүлтэгнэж яваа эцэг эхтэй ч дайралдсан. “Цүнхээ янзлаад эргээд хартал хүү минь алга” гэсэн нэгэн аав хамгийн ойр цагдаатай уулзаад хоцорсон. Цагдаагаас авсан мэдээллээр 12-нд л гэхэд арван хүүхэд аав, ээжээсээ төөрсөн гэсэн. Хүүхэд битгий хэл, том хүн ч “алдагдмаар” олны хөлийн газар ч цагдаа, сэргийлэхийнхний ачаар цэнгэлдэхийн хувьд бол түгшүүр бага наадамлав.

Ганц л зүйл дутагдаж байсан нь бэлэн мөнгөний машин. Явуулын банк ахиухан ажиллуулсан бол хамгийн том менежмент тэр болох байлаа. Яаралтай мөнгө хэрэг болсон үед түүн шиг хэрэгтэй зүйлгүй гэдгийг зохион байгуулах хороо бодоогүй бололтой? Ялангуяа гадаадынхан картаа барьчихсан бэлэн мөнгөний машин сураглаж яваа нь олонтаа дайралдсан.

“Түгшүүрийн худаг”

Бороо ороогүй бол тоосонд даруулахгүй гээд цонхоо хааж явсаар, багтарсан байдалтай Хүй долоон худагт очих байв. “Бэрх Зараа” ХХК наадмын өмнө ямар ч байсан зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай замыг ашиглалтанд оруулна гэж байсан нь мэдээж биеллээ олоогүй. Учир нь долдугаар сарын 3-нд очиход нэг талын урсгалыг нээгээгүй 60 хувийн гүйцэтгэлтэй байсан замын ажлаар хоёр дахь урсгалыг амжуулна гэж байсан юм. Таавар ёсоор нэг урсгалтай зам нээгдэв. Ингээд бороо, хурны ачаар санаснаас бага тоосонд даруулсан даа. Хүй долоон худаг хүрэх ойрын 1-2 км замын хажуугийн шороон замтай нийлэх хэсэг гүн ухаастай байсан нь наадамчин олон шулуун замд түгжрэхгүйгээр товчлоод явах боломжийг хааж байв. Хөдөө газар явах зориулалттай бидний хэлж заншсанаар том “жийп” төрлийн машинууд ажралгүй давна. Жижиг суудлын машинууд замын залгаа газраар гарч чадахгүй суух нь олонтаа. Хүй долоон худагтаа хүрлээ. Шандаст хүлэг морьдын тоосонд даруулж, хийморио сэргээх гэсэн нь санасандаа хүрэв. Харамсалтай нь уналгын морьд, хүний тоосонд даруулав аа, хөөрхий. Хүй долоон худгийг  түгшүүрийн худаг гэмээр. Морьтон “баатрууд” дайрчих шахам явган хүмүүсийн хажуугаар давхина. Морьдын хөлд дайруулж унаж байгаа хүн олон юм аа. Хүүхдийн уйлах чимээ хаа сайгүй. Том хүн ч сандармаар байсан юм чинь. Эргээд харвал, хоёр морины дунд. Тэр дээр, морьтон “баатар” нь “замаа хараач ээ” гээд л зүтгүүлэх. Боломжгүй зүйл гэж үгүй гэдэг шиг, ийм ойр зуурын юм шиг хэрнээ олон хүний айдсыг төрүүлсэн морьдын хөлд гишгэгдэхээс сэргийлэх нэгэн зүйлийг бодмоор л санагдсан. Балчир хүүхдүүдээ  Хүй долоон худаг руу дагуулах нь айдас төрүүлэм болжээ. Дайрч унагах тухай яривал дайралдаж унах нь бас байх юм. Уралдсан хүлгүүд барианд орж ирэхэд уламжлал ёсоор хурдан хүлгийн хөлсөнд хүрэх гэсэн хүмүүс бие биеийгээ давж, давхралдан унана. Морь тийш хэсэг нь гүйж байхад, хэсэг нь дайруулчихна гээд дүрвэн гүйлдэнэ. Монгол түмний хурдан хүлгийн хөлсөнд хүрэх гэсэн уламжлалыг яалтай нь ч билээ.

…Тэнд гадаад, дотоодын зочид, наадамчдад зориулсан соёл, урлагийн асрууд байрлах аж. Гарынхаа хээг оролцуулж каллиграф хийлгэж, том монгол гутал, малгай, шагайны хажууд үндэсний хувцасаа өмсч зургаа татуулах зэрэг Монгол түмний уламжлалыг илтгэсэн үзүүштэй олон асрууд байсан. Хуушуурны асрууд мөн бөөнөөрөө байсан бөгөөд 800-1200 төгрөгний үнэтэй. Задгай агаарт гараад бие ч задгай болох нь. Байн байн 00-ийн хэрэгцээ гарах юм. Даан ч дараалалд зогсч байгаад дотоожиндоо дусаах нь энүүхэнд бололтой. Хүй долоон худаг 00-ынхоо асуудлыг их муу шийджээ. Тэгээд ч ариун цэврийн газар гэхэд хэцүүхэн юм билээ. Ариутгалын бодис бус шалны цэвэрлэгээ, агааржуулагчаар л асуудлыг шийдсэн гэв. Хүртээмж нь ч муу юм. Хаа байсан морьдын барианаас 00 хайж явсаар машины зогсоолын газар хавиас нэг олж харав. Энэ хооронд лавтайяа 500 метр. Тэгэхэд Төв цэнгэлдэх бол хамаагүй цэмцгэр байсан юм байна гэж амандаа үглэсээр Хүй долоон худгаас хөдөлсөн дөө. Гэсэн ч морьдын төвөргөөн дунд сэрж, мэдэрсэн минь цаанаа л сэтгэлийг хөгөлсөөр хотын зүг хурдлав.

Тайван цаг айсуй. Түүхт эх ойн давхар тохироо бүрдсэн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр, өнгөтэй боллоо. Хотол түмнээрээ наадмын өдрүүдэд байгаль дэлхийдээ шүтэн мөргөж, эрдэнэт хүмүүний суу билэг, эрэмгий чадлыг дээдлэн, сайхан наадамлалаа. Дөрвөн уулынхаа дунд дэнж хотойтол ийнхүү наадамласан буюу.

У.БОЛОРМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж