
Харин Засгийн газрыг байгуулахын тулд Ардчилсан нам аль нэг улстөрийн хүчин, эвсэлтэй хамтрах ёстой. Н.Алтанхуяг дарга наадмын өмнөхөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газрыг байгуулах хүсэлтэйгээ илэрхийлсэн ч Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас гарах шийдвэр эцсийнх болно. Үүний дараагаар аль яамыг “Шударга ёс” эвслээр толгойлуулах вэ гэдгээ ярилцана. Ямар ч байсан УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх зарчмын тохиролцоонд хүрсэн нь Үндэсний зөвлөлдөх хорооноос гарах шийдвэрт ч нөлөөлөх бололтой. Тиймээс хотыг МоАХ гартаа төвлөрүүлэх болсон шигээ Засгийн газрыг “Алтан гадас”-ынхан толгойлох нь нэгэнтээ тодорхой болоод байна гэсэн “шум” Төрийн ордонд хүчээ авч байна. Гэхдээ тус фракцын удирдлагад Засгийн газар шилжиж ирэх ч яамдыг тэргүүлэх сайдууд нь бусад фракциудаас түлхүү орж ирэх магадлал бий аж. Ямар ч байсан Улаанбаатар хотын гэр хорооллыг хаус хороолол болгох, төмөр зам мэт ажил нь урагшлахгүй байгаа бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг урагшлуулах үүднээс Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Х.Баттулгыг томилох сураг гарч байна. Тэрбээр сайд болсон нөхцөлд хоттой холбоотой дэд бүтцийн ажлууд ч төлөвлөснийхөө дагуу урагшлах боломж бий. Тиймээс хуучин албаа авахад буруудах зүйлгүй хэмээн намын нөхөд нь үзжээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинийг нэр дэвшүүлэх сураг ажиг байна. Өнгөрсөн дөрвөн жилд тэрбээр парламентад суухдаа хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд олон томоохон төслүүдийг боловсруулахад гардан оролцож, том ачаа үүрсэн туршлагатай хуульч тул “Нэг ардчилал”-ынхнаас нэг сайд төрөх магадлал өндөр аж.
Харин Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албанд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг битүү байна. Энэ нь Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас гарах “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газрыг байгуулах уу гэдэг шийдвэр, мөн “Шударга ёс” эвслийнхэн аль яаманд хэнийг нэр дэвшүүлэх санал ирүүлэхтэй шууд холбоотой бололтой. Ямар ч байсан хотыг МоАХ, Засгийн газрыг удирдах эрхийг “Алтан гадас” гартаа авсан нөхцөлд нам доторх бусад фракциудаа хоосон үлдээхгүй, жин банг нь тааруулж, томилгоо хийгдэнэ гэх мэдээлэл дуулдлаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өчигдөр УИХ-ын гишүүн З.Энхболдыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх болсон нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Наадмын өмнө бол УИХ-ын даргаар Д.Эрдэнэбатыг нэр дэвшүүлж мэднэ гэх мэдээлэл цацагдаж байсан юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан нам доторх фракциуд дотооддоо “байлдаан” хийлгүй, аль болох эе эвийг нь хичээж ирсэн нь ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Эрдэнэбатын удирдах чадвартай холбоотой хэмээн үзэх хүмүүс олон. Тийм ч учраас түүнийг УИХ-ын даргад нэрийг нь өргөн мэдүүлэхэд боломжийн хүн хэмээн үзэж байв. Гэвч “Шонхор” фракци УИХ-ыг гартаа авах нь тодорхой боллоо. УИХ-ын гишүүн З.Энхболдыг УИХ-ын даргад нэрийг нь дэвшүүлэх бол УИХ-ын гишүүн С.Эрдэнэ УИХ-ын дэд даргад нэр нь дуулдаж эхэллээ. Хэрвээ эдгээр мэдээлэл бодитой болбол хотыг МоАХ, Засгийн газрыг “Алтан гадас” фракци, УИХ-ыг “Шонхор” тэргүүлэх болж байна.