Орхон аймагт өнгөрсөн шөнө 01 цаг 30 минутын орчимд орсон ширүүн борооны улмаас уулын үер бууж, хэд хэдэн автомашин усанд урсан хоёр хүний амь нас эрсэджээ. Одоогоор талийгаачдын хэн болохыг тогтоох, тэдний эд зүйлийг хайх, өөр осолдсон хүн байгаа эсэхийг Орхон аймгийн онцгой байдлын хэлтэс, цагдаагийн газартай хамтран хийж эхэлсэн байна.
Мөн тус аймагт арваад хоногийн өмнө орсон гэнэтийн ширүүн борооны улмаас үер бууж 324 айл үерт автаж, урссан ажээ. Гэтэл өнөөдөр төв зам тэр чигээрээ хуурч авто замын хөдөлгөөн саатсан бөгөөд зогсоолд тавьсан машин хүртэл үерт урсаж замын хажуу руу орсон байна.
Одоогоор тус аймгийн Засаг дарга аймгийн онцгой байдлын комиссийг яаралтай хуралдуулах шийдвэр гаргаад байна.