“Гологдсон хүү” тэтгэмж авна

Хуучирсан мэдээ: 2012.07.14-нд нийтлэгдсэн

“Гологдсон хүү” тэтгэмж авна

АНУ-ын Теннесси мужийн шүүх өргөж авсан орос жаалыг эх оронд нь буцаасан америк бүсгүйгээр хүүхдийн тэтгэмжийн 150,000 ам.доллар төлүүлэх тухай шийдвэр гаргажээ. Харин Артём Савельев гэгч орос хүүг өргөж авсны дараа нутаг руу нь онгоцонд суулгаад буцаасан Торри Хансаны өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгджээ. Торри ОХУ-ын Хүүхэд асрах газраас үрчилж авсан Артём хүүг сэтгэхүйн өөрчлөлттэй тул гэр бүлд нь аюул учруулж мэднэ гээд онгоцонд суулгаж нутаг буцаасан юм. 2010 оны дээрх явдлын дараа хүүхэд үрчлэх процессын хяналтыг чангатгаж, үрчлэгдсэн хүүхдийн эрхийг хамгаалах тухай гэрээнд АНУ, ОХУ өнгөрсөн жил гарын үсэг зурсан билээ. Торри долоон настай хүүг үрчилж авсны дараа ОХУ-ын холбогдох байгууллагад мэдэгдэлгүйгээр нутаг руу нь явуулсан дээрх хэрэгт мөрдлөг явуулсан билээ. Торри хүүг сэтгэцийн өвчтэй тул үрчлэлтийг хүчингүй болгож буй тухай захиа бичин түүнд өгч явуулсан байсан аж. Харин Хүүхэд, эцэг эхийн дэлхийн ассоциаци Торриг хүүхэд үрчлэлтээ албан ёсоор цуцлаагүй тул Артёмын хууль ёсны асран хамгаалагч хэвээрээ бөгөөд хүү АНУ-ын иргэн гэж үзэж байгаа юм. Артём одоо Москва хотоос холгүй орших хүүхдийн асрамжийн газарт байгаа юм байна. Торри хүү өөрийг нь алах гэж оролдсон гэж мэдүүлсэн ч түүнийг үрчлүүлсэн агентлагийн өмгөөлөгч хүү сэтгэцийн хувьд цоо эрүүл, аюулгүй гэдгийг тогтоосон юм.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж