Аймгийн цолтой бөх төрийн наадмыг магнайллаа

Хуучирсан мэдээ: 2012.07.13-нд нийтлэгдсэн

Аймгийн цолтой бөх төрийн наадмыг магнайллаа

Наян найман оны луу жилтнүүдийн од гийлээ

Их Монгол Улсын 806, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 101, ардын хувьсгалын 91 жилийн ойн их баяр цэнгэл наадам сайхан болж өндөрлөлөө. Бөхийн зүлэг ногоон дэвжээнд 512 хүчтэн зодоглож, тэдний дундаас монгол бөхийн түүхэнд улсын цолгүй аймгийн арслан 80-аад жилийн дараа анх удаа төрийн их баяр наадамд түрүүлж жинхэнэ ардын хүүхэд магнайлсан тод сонин наадам болов. Наадмын эхний өдрийн өглөөгүүр хур хаялснаа яг наадам нээхэд зогсч, чухам тэнгэр ивээж газар нялхарсан торгон ногоон дэвжээн дээр бөхчүүд халтирч гулгахын зовлонгүй хүчийг үзсэн юм.

Хүчит бөхийн зүүн талын тэргүүн магнайд Архангай аймгийн Батсүмбэр сумын харъяат, Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны дарга, МУГТ, Даян аварга Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайд Увс аймгийн Наранбулаг сумын харъяат Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням нар дэвэн дэвсээр гарч ирэн бөхчүүд эр бярыг уралдуулан барилдаж эхэллээ.

Бөхийн барилдааны дөрвийн даваа гэхэд улсын аварга, арслан, заан, начин цолтнууд ээлж дараагаар өвдөг шороодож, шинэ үеийн шижигнэсэн залуус харьж яваа ахимаг бөхөөр тавын даваанд начны болзол хангадаг үе аль тэртээд улирсныг харууллаа. Аварга цолтонгүй тавын даваа гэдгийг идэр залуухан бөхчүүд анх удаа үзүүлэв. Үндэсний бөхийн цагийг эзэлсэн их аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй 1964 оны луу жилтнүүдийг тэднээс даруй хоёр үеийн дараа, ардчилсан хувьсгалын өмнөхөн мэндэлсэн 1988 оны луу жилтнүүд залган гарч ирснийг зарлан хүчийг үзүүлж, эрийн хавыг гайхуулан үзэгч олныг цэнгүүлэв.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн заан Б.Сугаржаргал Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Аймгийн арслан Ж.Амартүвшин, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Аймгийн арслан Б.Пүрэвсайхан нар Монгол Улсын Ерөнхийлөгчйин зарлигаар улсын начин цолоор шагнуулж хамгийн залуу начин Б.Сугаржаргал МЗХ-ны уламжлалт шагнал болох хурдан удмын даага хөтөллөө.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат Хилийн цэргийн Хилчин спорт хорооны бөх, улсын начин Т.Санчир харцага цолонд хүрч одтой барилдав. Долоогийн даваанаас жинхэнэ торгон ир нь ханасан хүчит бахчүүд үнэн хүчийг үзэн барилдаж, наймын даваанд Увс аймгийн Давст сумын харъяат Алдар спортын хороо, Дулааны IV цахилгаан станцын бөх, аймгийн арслан П.Бүрэнтөгс 25-ны луу жил дээрээ аймгийн арслангаас улсын гарьд цолны болзлыг хангаж, улмаар ес даван төрийнхөө их баяр наадамд магнайлж улсын арслан цол хүртлээ.

Уран шаламгай, хурдан хурц барилдаантай идэрхэн бөхчүүд яралзтал хүчийг үзсээр дөнгөж 20.00 цаг болж, нар дээр байхад Увс аймгийн Давст сумын харъяат аймгийн арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Архангай аймгийн харьяат улсын заан Д.Рагчаа үзүүрлэн улсын гарьд цолны болзол хангаж наадамчдаа баясгалаа.

Өвөрхангайн уяаныхан одтой наадав

Нас насны хурдан хүлгүүд Хүй долоон худагт шандас сорьж Өвөрхангайн уяачдын уяж хурцлан сойлгыг нь тааруулсан ажнайгууд  их нас, соёолонгоос бусад насанд айргийн тавд хурдлан торгон жолоо өргүүллээ.

Азарга

  1. УИХ-ын гишүүн “Ажнай корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийн ембүү халзан
  2. Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Ц.Бямбасүрэнгийн хээр азарга 
  3. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Тод манлай уяач Г.Батхүүгийн Соёмбо зээрд 
  4. Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын хул азарга
  5. Сэлэнгэ аймгийн уугуул н.Батсүхийн хээр азарга

Их нас

  1. 1.Говь-Алтай аймгийн харьяат Манлай уяач, “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийн хүрэн морь
  2. Гачууртын уяачдын холбооны тэргүүн, нийслэлийн Алдарт уяач Ү.Атарсайханы Ембүү хул морь
  3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Баясгалангийн хүрэн морь 
  4. УИХ-ын гишүүн Шадар сайд М.Энхболдын халзан морь  
  5. Тод манлай уяач С.Ганхуягийн бор морь


Соёолон нас

  1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Х.Түмэнбаярын халтар соёолон
  2. Говь-Алтай аймгийн харьяат, Манлай уяач,"Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнийн хонгор 
  3. Архангай аймгийн Чулуут сумын уугуул, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайн хүрэн 
  4. Сэлэнгэ аймгийн Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Ганболдын хонгор буурал 
  5. Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул О.Мөнхтайваны хээр


Хязаалан нас

  1. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Г.Доржпүрэвийн зээрд хязаалан
  2. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Д. Баянбатын хонгор 
  3. Завхан аймгийн Яруу сумын уугуул, алдарт уяач Д,Дагвадоржийн зээрд 
  4. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул н.Нямлхагвын хээр 
  5. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Д.Баяргаагийн шувуухай хүрэн

Шүдлэн нас

  1. Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, “Чандмань тал” компанийн захирал Ж.Энхболдын зээрд
  2. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, аймгийн алдарт уяач Г.Нямцэрэнгийн хар 
  3. Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул аймгийн алдарт уяач Т.Ганзоригийн хар 
  4. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн алдарт уяач Б.Сүхбаатарын хээр 
  5. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Гантөмөрийн халтар

Дааган нас

  1. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Б.Батдэлгэрийн xээр xалзан
  2. Дундговь аймгийн Xулд сумын уяач X.Ганxүүгийн xонгор xалзан 
  3. Увс аймгийн Зүүнговь сумын xарьяат улсын алдарт уяач Б.Далайн xээр 
  4. Манлай уяач Б.Мөнxтөрийн xээр 
  5. "Мон-Эрдэнэ" группын ерөнxийлөгч П.Энxмөнxийн xалиун тус тус хурдлан ирж торгон жолоо өргүүлэн тод магнай ажнай хүлэг гэдгээ зарлав. 

Долдугаар сарын 10-нд хязаалангийн аман хүзүүнд хурдалсан Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Б.Жаргалсайханы хээрийг эрлийз гэсэн шалтгаанаар хасч, зургаад хурдалсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, “Унаган хурд” галын гишүүн Д.Баяраагийн өнгөрсөн жилийн төв бүсийн түрүү Шувуухай хүрэнг урагшлуулсан юм. Морь шинжиж гаргасан морины комиссынхны хэнэггүйгээс нэг уяачийн хөдөлмөрийг үрэн таран хийлээ.

Морины шинжээг сайн хийхгүй бол барун чигийн аймгуудын, ялангуяа Увс, Завханы хойд хэсэг, Хөвсгөлийн баруун талын өндөр сэрвээт Тэсийн унага зүүн чигийн намхан морьдын стандартад тэнцэлгүй хасагдаж ч мэдэхээр байгааг бас анхаарууштай.

Наадмын сүүлийн өдөр буюу долдугаар сарын 13-нд болсон эрлийз дээд насны 44 хурдан хүлгээс гарсан цагаас өнгөлж, тасарсаар Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн дөлгөөн хар тод магнайлж, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Б.Ганбаярын хээр халзан хурдаллаа. Айргийн гуравт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Г.Мөнхсайханы хээр, айргийн  дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул “Зоос” галын уяач Д.Батбаярын бор, айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул ГЕГ-ын дэд дарга Б.Цэрэнбалтавын хээр торгон жолоо өргүүллээ.

Эрлийз дунд насанд 62 үрээ мордож Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул А.Ариунсайханы  зээрд түрүүлж, Х.Бат-Эрдэнийн сартай хээр аман хүзүүдэн, Орхон аймгийн Жаргалант сумын уугуул Ц.Буянбаатарын хул, Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Ч.Бүргэдээгийн бор, Дундговь аймгийн Луус сумын уугуул С.Шинэбаатарын хээр тус тус айрагдлаа.
Эрлийз бага насны хүлгүүдийн уралдаанд Монгол Улсын Манлай уяач Д.Одгэрэлийн хар бор даага  түрүүлж, аман хүзүүнд н.Одонбатын халтар давхиж, айргийн гуравт Н.Алдарын бор хээр,айргийн дөрөвт З.Ганбаатарын халиун, айргийн тавд Ш.Лхамсүрэнгийн зээрд тус тус хурдлан торгон жолоо өргүүлжээ.

Гарамгай мэргэнтэй цэц мэргэчүүд

Эмэгтэй харваачдаас Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Монгол Улсын мэргэн Х.Оюунчимэг товх харваанд цэц мэргээрээ тэргүүлж үндэсний их баяр наадамд хоёр удаа түрүүлэн улсын хошой мэргэн боллоо.

Түүний араас Багануур дүүргийн харваач спортын мастер М.Өлзийханд, Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул спортын мастер н.Цэцэгмаа нар оносон сумаараа удаалжээ.

Эрэгтэй харваачдаас Монгол Улсын гоц мэргэн Ц.Хүдэрчулуун 40 сумнаас 39 онож улсын баяр наадамд дөрөв дэх удаагаа түрүүлж улсын гарамгай мэргэн боллоо. Тэрбээр Улсын гарамгай мэргэн А.Цэвээний хүү бөгөөд аавынхаа цолонд ийнхүү хүрч наадамчдаа байясгалаа.

Эрэгтэй харваачдаас  “Уурхайчин” багийн харваач Багануур дүүргийн спортын мастер Н.Өлзийбилэг, “Хангарьд” клубийн харваач Л.Отгонбаяр нар удаа байруудад шалгарчээ.

Ийнхүү монгол наадам сайхан болж дараа жилийн цэнгэл наадам хүртэл ярих сонин ихтэй өндөрлөн газар газрын наадамчид хэдэн өдрийн наранд гоёлын дээл гандасхийснийг ч үл анзааран нутаг нутгийн зүг хөсөг хөдөлгөж эхэллээ.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж