Радко Младичийн шүүх хурлыг дахин хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2012.07.13-нд нийтлэгдсэн

Радко Младичийн шүүх хурлыг дахин хойшлуулав

Боснийн Сербийн армийн генерал Радко Младичийн биеийн байдал муудаж, эмнэлэгт хэвтсэн тул түүний дайны гэмт хэргийг шүүх шүүх хурлыг дахин хойшлуулжээ. 70 настай генерал Радко Младичийг 1995 онд Боснийн дайны үед Сараево хот болон Сребренька тосгонд лалын шашинт 8,000 гаруй эрчүүд, хөвгүүдийг хоморголон устгасан хэрэгт буруутгаж байгаа юм.

Радко Младичийн дээрх угсаатны цэвэрлэгээ нь дэлхийн II дайнаас хойш Европт болсон хамгийн аймшигтай цуст аллага юм. Өчигдөр өглөө Радко Младичийг шүүх шүүх хурал дөнгөж эхэлж байхад түүний бие нь муудсан тул эмнэлэгт хүргэсэн гэнэ. Шүүх хурлын дөрөвдэх өдөр Радко Младич шүүгчээс түр завсарлага авахыг хүсч, толгойгоо нүдэж эхэлсэн аж.

Радко Младичийг Олон улсын шүүх өнгөрсөн 16 жилийн турш  мөрдөн хайсны эцэст өнгөрсөн жил баривчилсан юм. Баривчлах үед хүнд өвчтэй байсан Радко Младичийн биеийн байдлаас болж шүүх хурал хэдэнтээ хойшлогдсон аж. Боснийн дайны хохирогчдын ар гэрийнхэн болон яллагчид Радко Младичийг шударга шүүхийн өмнө аваачиж, зохих шийтгэлийг нь оноохыг удаан хүлээсэн юм. Гэвч хохирогчдын ар гэрийнхэн  угсаатны цэвэрлэгээг эхлүүлсэн хуучин Югославын ерөнхийлөгч байсан Слободан Мелошевич Олон улсын шүүхэд очихоос өмнө шоронд нас барсан шиг Радко Младичийг шийтгэлээс амсахаас өмнө нүд аничих вий гэхээс болгоомжилж байгаа аж.

Яллагчдын хэлснээр Радко Младичийн бие харьцангуй сайн байсан ч тэрбээр шүүх хурал эхлэхээр л баашилдаг гэнэ. Радко Младичийг шүүх шүүх хурал Гаагийн Олон улсын шүүхэд энэ оны эхээр болсон авч дайны гэмт хэрэгт буруутайг нь нотлох баримт хангалтгүй гэж үзсэний улмаас шүүх хурлыг хойшлуулсан юм.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж