Хамгийн эртний тооцогдох нохойн яс Алтайн уулнаас олдлоо

Хуучирсан мэдээ: 2012.07.13-нд нийтлэгдсэн

Хамгийн эртний тооцогдох нохойн яс Алтайн уулнаас олдлоо

Энэ оны эхээр Аризонагийн Их сургуулийн судлаачид хамгийн сүүлийн шинэхэн нээлтийнхээ талаар олон нийтэд дэлгэсэн юм.

Орос-Америкийн археологийн хамтарсан судалгааны ангийн бүрэлдэхүүн олон жилийн судалгааны үр дүнд хамгийн эртний гаршуулан тэжээсэн нохой одоогоос 33.000 жилийн тэртээд холбогдохийг тогтоогоод байна.

Нохойн чулуужсан гавлын ясыг Разбойнишя гэх Сибирийн өмнөд тал Алтай нурууны зүүн хойд хэсэгт орших агуйгаас илрүүлсэн байна.

1962 онд анх тус агуйг илрүүлэн нээсэн ба агуйн урт 90 метр, өндөр нь хамгийн өндөр хэсэгтээ 15 метр юм. Судалгааны явцад нохойн яснаас гадна чоно, баавгай, хонь үхэр, шувуу зэрэг амьтдын яс илэрсэн байна. Тус агуй нь хуучин чулуун зэвсгийн үеэс шинэ чулуун зэвсгийн үе хүртэлх бууц, суурингийн үлдэгдэл, зэвсэг, багаж хэрэгсэл, малын яс, хадны сүг зураг, галын үнс нурам зэрэг эртнээс хүн, амьтан орогнон амьдарч ирснийг нотлох олон соёлт давхарга бүхий агуй юм.

Гавлын ясны хувьд олон мянган жилийн туршид маш сайн хадгалагдан үлдсэн байна. Аризонагийн их сургууль, Оросын судалгааны лаборатори, Оксфорд ба Фея-багийн их сургуулийн лабораториудад судалгааны ажил хийгджээ. Эрдэмтдийн олон удаагийн нарийн судалгааны үр дүнд нохойн толгойн болон эрүүний яс нь одоогоос 33.000 жилийн тэртээх болох нь батлагдав. Энэ нь дэлхийд хамгийн эртний тооцогдох гэрийн гаршуулан тэжээсэн нохой болж байгаа юм.

А. Дээрээс харсан байдал, Б. Хажуугаас харсан байдал, С. Доороос харсан байдал, Д. Эрүү, Е. Шүд

Алтайн уулнаас олдсон нохойн гавлын яс нь өнөөгийн гэрийн тэжээмэл нохойн өвөг удмын холбогдох он цагийг урагшлуулсан төдийгүй, евро-Азийн бүс нутагт археологийн чухал нээлт болж буйгаараа туйлын ач холбогдолтой юм.

Лабораторийн судалгаанаас гадна он цагийг тогтоох аргад радио карбоны буюу С14-ийн шинжилгээг мөн ашиглажээ. Гавлын ясны хэмжээ, доод дээд эрүүний яс, хоншоор, шүд зэргүүд нь тухайн үе /чулуун зэвсгийн үе/-ийн чоно болон өнөөгийн чоно ноос ялгаатай болох нь тогтоогджээ. Харин эртний болон орчин үеийн нохойн гавлын ястай илүү ойр бүтэцтэй байна.

“Бидний төсөөллөөр хүн төрөлхтөн зэрлэг амьтдаас анхлан үхэр, хонь, ямаа зэрэг мах, арьсыг нь хэрэглэх зорилготойгоор мөн хоёр дахь ч бүтээгдэхүүн болох тэдгээр амьтдаас гарч буй сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос зэргийг өөрсдийн хэрэглээнд ашиглах үүднээс гаршуулсан гэж үздэг бол, энэ судалгааны явцад бидний сонирхлын татаж буй нь нохойг дээрх амьтдаас түрүүнд гаршуулан тэжээсэн гэсэн үзэл юм.

Үүнийг бид өнгөц хархад өөрсдийгөө хамгаалуулах болон ан авд ашиглах зорилгоор нохойг гаршуулсан гэж үзэж болох ч хүн амьтад тэр дундаа хүн нохойн хоорондын харилцааг илүү нарийн гаргаж ирэхэд энэ судалгаа чухал алхам болж байна” хэмээн судалгааны багийн ахлагч судлаач Кожин өгүүлсэн байна.

Энэхүү нээлтээс өмнө Бельги улсын Гоёт нэртэй агуйгаас 31.700 жилийн өмнөх гаршуулсан, тэжээмэл нохойн чулуужсан гавлын ясыг илрүүлж байжээ. Энэ нь европын археологийн судалгааны үечлэлийн “шинэ чулуун зэвсэг”-ийн үед хамаарах юм.

Гоёт агуйгаас олдсон гаршуулан тэжээсэн нохойн чужуужсан гавлын яс. Одоогоос 31.700 жилийн тэртээд холбогдоно. Сонирхуулхад Францад – 26.000 жил, хятад – 15.000 жил, Орсод – 24.000 жилийн өмнө хамаарах гэрийн тэжээмэл нохойн ул мөрүүд олдсон байдаг.

Ийнхүү Алтай уулнаас дэлхийд хамгийн эртний тооцогдох нохойн ул /чулуужсан гавал/ мөр олдож буй нь Монголын археологи, Монголын эртний үеийн судалгаанд хамаарах чухал хэрэглэгдэхүүний нэг бөгөөд, эрт үед монгол нутагт оршин амьдарч байсан хүй нэгдлийн болон эртний үеийн оршин суугчидтай ямар нэгэн сэжмээр холбоотой байхыг үгүйсгэх аргагүй юм.

Р.ГҮНБА

Эх сурвалж: www.monarcheo.blogspot.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж