Уулзалтын үеэр Монгол улсын өрсөлдөөний хууль эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал, түүний цаашид улам боловсронгуй болгох арга замын талаар хоёр харилцан санал бодлоо солилцсоны зэрэгцээ тус улсад уул уурхайн салбар эрчимжтэй хөгжиж, Монголын ирээдүй өнгөлөг харагдаж байгаад ноён П.Драганов сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн эдийн засгийн эрчимтэй өсөлтийг тогтвортой байлгахын тулд өрсөлдөөний бодлогыг зөв зохистой хэрэгжүүлэх нь хамгийн чухал гэдгийг онцолсон тэмдэглэсэн юм.
НҮБ-ын гишүүн орнууд анх удаа манай улсын өрсөлдөөний хууль эрх зүйн орчин, хуулийг хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, энэ удаагийн хуралдаанаар уг тайланг тусгайлан авч хэлэлцэж байгаад талархаж байгаагаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав илэрхийллээ.
Монгол Улсын өрсөлдөөний байгууллага нь мэргэжилтнүүдийнхээ ачааллыг хэт нэмэгдүүлсэн, хүний нөөцөө хангалттай мэргэшүүлэхгүй байгаа, тендерийн булхай хариуцсан болон өрсөлдөөний асуудал хариуцсан мэргэшсэн хяналт шалгалтын багуудыг тусгаарлан байгуулах зөвлөмжийг шинжээчдийн багийнхан өгсөнтэй санал нэгтэй байгаагаа ноён дэд нарийн бичгийн дарга Петка Драганов хэллээ.
Хамгийн гол нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулахын тулд чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудалд Монголын талаас анхаарлаа хандуулахыг хүссэн.
Монгол Улс өрсөлдөөний хуулийг анх 1993 онд анх батлан гаргасан бөгөөд үүнээс хойш шат дараатай хууль эрх зүйн орчноо сайжруулж, үйл ажиллагаа явуулах байгууллагаа бэхжүүлж байгаа хэдий ч дэлхий нийтийн жишигтэй харьцуулбал шинэ тутамд байгуулагдсан туршлага багатай орны тоонд орж байгаа. Уул уурхайн эрчимтэй хөгжлөөс үүдсэн манай улсын эдийн засгийн эрчимтэй хөгжлийг зөв зохистой хувиарлаж, шударга өрсөлдөөний зарчмыг хэрэгжүүлэх уг байгууллагын цаашдын хөгжлийг дэмжихийн тулд техникийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгааг ЗГХЭГ-ын дэд дарга Д.Нямжав онцлон хүслээ.
Монгол Улсын Засгийн газраас тавьсан энэхүү саналыг тусгайлан авч хэлэлцэхээ ноён дэд нарийн бичгийн дарга амлаад хуралдаанд амжилттай тайлангаа хэлэлцүүлэхийг хүссэнээр уулзалт өндөрлөлөө.
Дашрамд дурдахад НҮБ-ын “Өрсөлдөөний хууль ба бодлого” сэдэвт Засгийн газрын шинжээчдийн бүлгийн 12 дугаар хуралдааны төгсгөлд уулзалтын үеэр тавьсан асуудал ажил хэрэг болж НҮБ-ын Худалдаа хөгжлийн байгууллагаас Монгол Улсад техникийн тусламж бүхий төсөл хэрэгжүүлэхээр боллоо. МУ-ын өрсөлдөөний хууль ба бодлогыг боловсронгуй болгох, өрсөлдөөний соёлыг төлөвшүүлэх хөгжүүлэх, мэргэжилтэн сургах чадавхижуулах чиглэлийн энэ тусламж нь 2013 оноос эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжих юм байна.
НҮБ-ын “Өрсөлдөөний хууль ба бодлого” сэдэвт хуралдааны төгсгөлд Монгол Улсын асуудлыг тусгайлан авч хэлэлцэхэд дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын Хөгжлийн бага хурлын байгууллага, түүний удирдлагууд, дүн шинжилгээ хийсэн НҮБ-ын шинжээчид, техникийн тусламж үзүүлсэн Туркийн Олон Улсын хамтын ажиллагааны төлөөлөгчдөд талархалаа илэрхийлж Монгол Улсын төлөөлөгчид оройн зоог барив.