П.Бүрэнтөгс Улсын арслан цол хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

П.Бүрэнтөгс Улсын арслан цол хүртлээ

Хүчит бөхийн барилдааны есийн даваанд Увс аймгийн Давст сумын харьяат, "Увс нуур" дэвжээний бөх, аймгийн арслан П.Бүрэнтөгс улсын заан Д.Рагчааг давж, энэ жилийн улсын их баяр наадмын түрүүг авлаа.

Өнгөрсөн жилүүдэд аймгийн цолноос шууд улсын арслан цолыг авч эрэмгий барилдсан хүчтэнүүд бараг үгүй аж. Тиймээс бөхийн хорхойтнуудын хувьд улсын арслан цолны болзол хангасан П.Бүрэнтөгсийг олон жил Увсын нэрийг дуурсгах хүчтэн төрлөө хэмээн билгэшээж буй юм. Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар спорт” хорооны бөх тэрбээр наймын даваанд Сэлэнгэ аймгийн харьяат улсын арслан Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулж, гарьд цолны болзол хангасан бол есийн даваанд улсын заан Д.Рагчаагаар арслан цолонд хүрлээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ наадамчин олны уухай хадан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар аймгийн арслангаас улсын арслан цолонд шууд хүрлээ.



Харин наймын даваа хүртэл босоо байсан улсын заан Д.Рагчаа гарьд цолны болзол хангаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цолоо авлаа. Тэрбээр наймын даваанд улсын арслан Х.Мөнхбаатарыг давж, есийн даваанд П.Бүрэнтөгсөд өвдөг шороодсоноор ийнхүү улсын их баяр наадамд үзүүрлэлээ. Өнөө жилийн улсын их баяр наадамд 500 гаруй хүчтэнүүд хүч бяр, уран мэхийг уралдуулан барилдаж, хэний ч тааварт орж ирээгүй шинэ цолтнууд төрлөө.

Шинээр төрсөн цолтнууд:

Улсын начин:

1. Баатархүүгийн Пүрэвсайхан. Ховд аймгийн Чандмань сумын харъяат. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 409-р анги, "Сүлд" спорт хороо, Ховд дэвжээ, Ньюпрогресс группийн бөх.

2. Рэнцэнбямбын Пүрэвдагва. Архангай аймгийн Булган сумын харъяат, Батлан хамгаалах яамны "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 150-р анги, Бөхбилэгт дэвжээ, Хера холдинг ХК-ний бөх.

3. Жаргалсайханы Амартүвшин. Говь-Алтай аймгийн Бигэр сумын харъяат. Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, Хантайшир дэвжээ.

4. Болдпүрэвийн Сугаржаргал. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар "Сүлд" спорт хороо. Их Монголын хүчтэн дэвжээ, Үйзэн тал ХК-ний бөх.

Улсын харцага:

1. Төмөрбаатарын Санчир. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат. Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0146-р анги, Их Монголын хүчтэн дэвжээ, "АПУ" ХК-ний бөх.

Улсын гарьд:

1. Дамбийн Рагчаа. Архангай аймгийн Булган сумын харъяат, Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хороо, Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газар, Бөхбилэгт дэвжээ, Макс группийн бөх

Улсын арслан:

1.Пүрэвийн Бүрэнтөгс – Увс аймгийн Давст сумын харъяат. Батлан хамгаалах яамны "Алдар" спорт хороо, Олимп дээд сургууль, Увснуур дэвжээ, Дулааны цахилгаан станц – IV -ийн бөх.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж