Торгон жолоо өргүүлсэн шандаст хүлгүүд хэнийх вэ?

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Торгон жолоо өргүүлсэн шандаст хүлгүүд хэнийх вэ?

Газар эвхэж, гал маналзтал давхих шандаст хүлгүүдийн уралдаан Хүй долоон худагт наадамчин олныг өндөлзүүллээ. Энэ жилийн улсын их баяр наадамд уяачид 2000 гаруй хурдан хүлгийнхээ шандсыг зургаан насанд сорилоо. Түүнийг тоймлон хүргэе.

Хөвсгөлийн уулс өндөлзөв

Долдугаар сарын 10-нд, Ардын их хувьсгалын баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насаар эхэлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу долдугаар сарын 10-нд Хүй долоон худагийн торгон ногоон дэнжийг хязаалан насны морьд гоёж, өнжив. Хэний уясан хүлэг наадмын түрүү авч унасан хүүхэд, уясан эзэн, уул, усныхнаа баярлуулах болоо гэсэн таавар дунд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Г.Доржпүрэвийн зээрд магнай тоосоороо гоёсоор давхиж ирсэн нь энэ жилийн наадмын хамгийн онцлох үйл явдал болж үлдсэн юм. Хязаалангийн уралдаанд газар, газрын 300 гаруй хүлэг давхиснаас Г.Доржпүрэвийн зээрд сугарч гарч ирсэн нь хөвсгөлчүүдийн хувьд 20 шахам жилийн турш догдлон хүлээсэн агшин байлаа. Зээрд хязааланд одоо насаа ахиулан уралдах боломж ийнхүү олгогдлоо, тэр хэрээр наадамчин олон жил жилийн наадмаар ямар амжилт үзүүлэхийг нь анхааралтай ажиглах болж, байна.

Дашрамд сануулахад, одоогоос 20 гаруй жилийн өмнө буюу 1991 онд тус аймгийн харьяат н.Хишигбатын хонгор хэмээх алдарт хүлэг улсын наадамд тоосоо өргөсөн ч, уралдаан будилснаас эл хурдан буян торгон жолоо өргүүлж чадалгүй нутаг буцаж байсан түүхтэй гэдэг. Түүнээс хойш Хөвсгөлийн уулсыг өндөлзүүлсэн хурдан буян улсын наадамд шандсаа сориогүй гэх яриа үүссэн ч, Улс хувьсгалын түүхт 91 жилийн ойн үндэсний их баяр наадмаар Г.Доржпүрэвийн зээрдээр хөвсгөлчүүд магнайдаа баяр хурааж, шандаст хурдан хүлгийн удам тасраагүй гэдгийг зарлав.

Харин аман хүзүүнд Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Д. Баянбатын хонгор хурдалсан юм. Хонгор үрээний уяаг Тод манлай уяач Д.Даваахүү тааруулжээ. Айргийн гуравт Завхан аймгийн Яруу сумын уугуул, Алдарт уяач Д,Давгадоржийн зээрд, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул н.Нямлхагвын хээр, айргийн тавд Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Д.Баяргаагын шувуухай хүрэн тус тус хурдалж, наадамчин олны уухайн түрлэгээр мялаалгаснаар Улсын их баяр наадмын хурдан морины уралдааны салхийг хагалав.

Зээрд шүдлэн торгон жолоо өргүүлэв

Шүдлэн насны морьдын уралдаанд 300 шахам хурдан буяны хурд, хүчийг үзэхээр уяачид бүртгүүлсэн байсан ч, сэрвээний өндрөөр 40 гаруй нь хасагдсан. Ингээд 250 гаруй шүдлэн гарааны зурхай руу хөдөлж, хурдалхад Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, “Чандмань тал” компанийн захирал Ж.Энхболдын зээрд түрүүлж, аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Нямцэрэнгийн хар шүдлэн хурдалж, улсынхаа баяр наадамд торгон жолоо өргүүлсэн юм. Харин айргийн гуравт, Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул аймгийн Алдарт уяач Т.Ганзоригийн хар орж ирж, айргийн дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатарын хээр, айргийн тавд Говь-Алтай аймгийн Халиун  сумын уугуул аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Гантөмөрийн халтар тус тус  хурдалж наадамчин олноо баясгасан юм.

Ж.Энхболдын зээрд шүдлэн нь өнгөрсөн жилийн улсын их баяр наадмаар даагандаа дөрөвт давхиж орж ирж байсан бол өнөө жил наадмын түрүү авч Дорнодчуудынхаа итгэлийг алдсангүй ээ. Амжилтаа бататган ирэх жилийн наадмаар соёолон насны түрүү авахыг хүсье.

Ембүү халзан босоо цагаан хүлэг болохоо харуулав

Долдугаар сарын 11-нд, газар, газраас ирсэн 236 азарга улсынхаа наадамд хурдалснаас хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн “Ажнай корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийн ембүү халзан түрүүлж, босоо цагаан хурдан хүлэг болохоо нотлов. Учир нь өнгөрсөн жилийн наадмын түрүү, бүсийн наадмын айргийг авч эгэлгүй хурдан шандаст хүлэг болохоо харуулж шагшигдаж байсан ембүү халзан хурд хариагүй болохоо ийнхүү Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаар харууллаа. Аман хүзүүнд Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Ц.Бямбасүрэнгийн хээр, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Тод манлай уяач Г.Батхүүгийн Соёмбо зээрд хурдлав. Г.Батхүүгийн хувьд УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон ч гэлээ хийморьтой байна гэдгээ ийнхүү харууллаа.

Айргийн дөрөвт, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хул азарга, айргийн тавд Сэлэнгэ аймгийн  уугуул н.Батсүхийн хээр азарга тус тус хурдалж, наадамчин олныг баясгалаа. Ер нь азарганы уралдаанд төрийн түшээдийн хүлгүүд дээгүүр давхилаа хэмээн тодорхойлж болохуйц байв. Учир нь УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн ембүү халзан азарганы түрүүг авсан бол айргийн гуравт УИХ-ын дэд дарга асан Г.Батхүүгийн Соёмбо зээрд, наймд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн буурал азарга хурдалсан явдал байлаа.

“Алтай констракшн”-ийн Бат-Эрдэнийн од гийжээ

Төрийн их наадмын үе үеийн түрүү, айргууд багтсан байдаг их насны морьдын уралдаанд 400 гаруй шандаст хүлэг хурдалснаас Говь-Алтай аймгийн харьяат Манлай уяач, “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийн хүрэн түрүүлж, Хүй долоон худгаас торгон жолоо өргүүллээ. Хол тасархай түрүүлж ирсэн хүрэн энэ агшинд наадамчин олны нүдэнд баярын нулимс хуруулж “Аргагүй л хурдан аргамаг юм даа” хэмээн дуу алдахад хүргэж байв.

Аман хүзүүнд Гачууртын уяачдын холбооны тэргүүн, нийслэлийн Алдарт уяач Ү.Атарсайханы Ембүү хул, айргийн гуравт Бүсийн наадмын түрүү, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Баясгалангийн хүрэн, айргийн дөрөвт “Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдааны аман хүзүү, Шадар сайд М.Энхболдын халзан, айргийн тавд улс бүсийн нэг түрүү, таван айргийн эзэн, Тод манлай уяач С.Ганхуягийн бор хурдалж, Хүй долоон худгийн ногоон дэнжийг хотолзууллаа.

Халтар соёолон магнайллаа

Долдугаар сарын 12-нд, Хийморь далласан соёолон насанд 236 шандаст хүлэг уралдсанаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Х.Түмэнбаярын халтар түрүүлж, унасан хүүхэд, уясан эзэн, хурсан олныг баярлуулсан юм.

Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн харьяат, Манлай уяач,"Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнийн хонгор хурдалсан нь хэн хүнд давхар тохиогоод байхааргүй аз болж буув. Өмнөх өдрийнх нь их насны морьдын уралдаанд түүний хүрэн араасаа нэхэх 10 гаруй хурдан шандаст хүлгийг хол хаян давхиж ирсэн бол энэ өдөр хонгор соёолон нь “Ахынхаа амжилтын араас нэхэж яваа шүү” гэх шиг ийн хурдаллаа. Тэгвэл айргийн гуравт  Архангай аймгийн Чулуут сумын уугуул, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайгийн хүрэн, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Ганболдын хонгор буурал, айргийн тавд Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул О.Мөнхтайваны хээр хурдалж, нутгийнхаа уулсыг өндөлзүүлж, гол мөрнөө цалгиуллаа

Дааганы түрүү Өвөрхангайнх болов

Хурдан морьдын уралдааныг хязаалангаар эхлүүлж, даагаар өндөрлүүлдэг
монгол наадам уламжлалаа хадгалж, зүсрэх бороон дунд 310 гаруй даага
хурдаллаа. Ийнхүү газар, газраас наадмын түрүү горилж ирсэн өхөөрдөм
хөөрхөн даагануудаас Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Б.Батдэлгэрийн
xээр xалзан түрүүлж, торгон жолоо өргүүлсэн бол аман хүзүүнд Дундговь
аймгийн Xулд сумын уяач X.Ганxүүгийн xонгор xалзан хурдалсан юм. Хонгор
халзан дааганы уяа сойлгыг Дундговь аймгийн Адаацаг сумын xарьяат
Аймгийн алдарт уяач X.Доржxорол тааруулжээ. Айргийн гуравт Увс аймгийн
Зүүнговь сумын xарьяат Улсын алдарт уяач Б.Далайн xээр даага, айргийн
дөрөвт Манлай уяач Б.Мөнxтөрийн уяа сойлгыг нь тааруулсан xээр даага
орсон бол айргийн тавд "Мон-Эрдэнэ" группын ерөнxийлөгч П.Энxмөнxийн
xалиун даага хурдлав.

Аймаг сумынхаа нэрийг дуурсгасан дааганууд ирэх жилүүдийн наадмын түрүүг авах болтугай гэж ерөөе.  Дараа жилийн наадам болтол хол байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж