Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг залуус урлагийнхан дотроо хамгийн торгон мэдрэмжтэй, загварлаг нэгэн хэмээдэг. Тиймдээ ч тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмын гоёлоо сонгохдоо дэлхийн загварын ертөнцийг байлдан дагуулаад буй улбар шар өнгийг чухалчилсан бололтой. Үндэсний наадмаараа дээлээр гоёдог Монгол уламжлалаа ч тэрбээр орхигдуулаагүй бөгөөд сүүлийн үед “Монгол поп”-тойгоо зэрэгцүүлэн дэлгэрүүлээд байгаа “хүннү” загварын дээлээр наадмын гоёлоо сонгосон байлаа. Тэрбээр 10-нд Соёлын төв өргөөнд болсон “Цэнгэлийн манлай” хүндэтгэлийн тоглолт дээр наадмын гоёлоо анх дэлгэсэн бөгөөд Д.Болд “хүннү” загварын улбар шар дээл, малгайтай нь хослуулан өмссөн нь тун ч чамин харагдаж байсан шүү. Мөн өчигдөр Д.Болд наадмын нээлтийг үзэж сонирхохоор гэр бүлийн хамт Төв цэнгэлдэх хүрээлэнд саатсан бөгөөд гэр бүлээрээ үндэсний дээлээ ижилсүүлсэн нь олны харааг булааж байлаа. Түүний гэргий Ж.Бямбасүрэн үндэсний загварыг орчин үетэй хослуулан урласан цагаан торгон цамц, улбар шар юбка, улбар шар дуфлиэр гоёсон байсан бөгөөд охин Эгшиглэн нь ээжтэйгээ ижилхэн загвараар хосолсон байлаа. Мөн Энэрлэн хүү нь ээж, эгч хоёртойгоо адилхан загварын цамц, бор шар торгон өмдөөр гоёжээ. Д.Болдын Монгол омогшил наадмын гоёлоос нь хүртэл ханхалж байлаа.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү
Г.Даша