Тавантолгойн татах хүч

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Тавантолгойн татах хүч

Тавантолгойн сургаар Монголын бизнесмэнүүд чухам л үүрээ эвдлүүлсэн шоргоолж шиг гүйлдэх нь гүйлдэж, хуралдах нь хуралдаж, хор найруулж, хар цухалзуулж, гар барьж найрамдаж өөрсдийн ертөнцийн өнгө болгоныг харуулж байна. Хэн хэн яг яаж нэгдэж байгаа талаар олон нийт сайн ойлгоогүй ч анхааралтай ажиглаж байгаа. Үнэндээ бол Монголын компаниудын нэгдлийн араас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим гэсэн нэрийн доор бас хэдэн компани хавчуулагдан орж ирж “ярианы эрч сааруулах” боллоо.  Яаж зүгээр байх вэ, нэгнээ том, жижиг, царайтай, царайгүйгээр нь дуудах маягтай. Хорон үгтэй “Буян”-гийн Жагаа хамгийн түрүүнд “Мянган гуйлгачин нэгдэж сая сая төгрөг цуглуулж байна гэсэн. Манай арав бол нэг нэг сая “ногоон” гаргана” гэж даапаалсан сурагтай. Тавантолгойн асуудлыг том бага бизнесмэнүүдээр чимсэн энэ үйл явдлын хамгийн сонирхолтой нь интерполоор эрж хайх шахуу сураг нь алдраад байсан хэд, хэдэн нөхөр гэгээн дүрээ харуулав. Шаардлага гарвал МҮХАҮТ гэдэг  “бичиг” өмнөө барьчихдаг С.Дэмбэрэл гэж нөхрийн дагуулж ирсэн хүмүүсийн дотор авлига, татвар, залилангийн хэрэг, төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар нь завшихдаа мэргэшсэн нөхөд тууж явахыг хараад “Хүүе энэ нөхөр чинь “аавын”-д оччихоогүй билүү” гэж хүртэл цочив.

Өнгө, мөнгөний хүчээр хэсэг сайд хийж тоглохдоо БНХАУ-ын 300 сая сая ам.долларын зээлийг будилуулж, Буман нарны гэрлийн бум буман төгрөгийн хэрэгт орооцолдоод олдохоо байсан Б.Эрдэнэбат малилзтал алхаж явах юм. Улстөрд ч сайн дурын уран сайханч  байсан түүнийг “Буман нарны гэрэл”-ийг хүлээж залхсан малчид хараагаад, хайгаад олоогүй. Хятадууд 300 сая ам.долларын үр дүнгээ нэхэж, хоёр улсын харилцаанд хүртэл нөлөөлөхөөр байдалд унагасан сайд асан ийн Тавантолгойн сургаар цатгалан муур шиг царайлаад “ичээ”-нээсээ гараад ирдэг юм байна. Малчдаас “туусан” буман нарны гэрлээрээ Тавантолгойн цооногийг гэрэлтүүлэх гэж байгаа юм биш биз дээ, энэ чинь. Өрсөлдөгчиддөө эрүүгийн элементүүд гэхчлэн нэр хоч өгөөд байсан томчуудын дунд харин ч төрийн мөнгийг тэрбум тэрбумаар нь луйвардсан, тендер будилуулахдаа мэргэжсэн хүмүүс олон харагдаж байна лээ шүү. Вискиг кетчуп гэж “андуурч” татвараас бултуулаад аавынд хэсэг саатсан С.Болдхэт хэзээ ч хэрэгт холбогдож байгаагүй, амгалан төвшин төрх гаргаад, арзайтал инээгээд явж байна. Сураг нь алдраад байсан “Оюуны ундраа” компани ч “том”-уудын дунд цохиж явна. Ер нь шоронгоос арай гэж мултарсан лав гурван нөхөр явж байна. Эрүүгийн ертөнцөөс Тавантолгой хүрэх зам их ойрхон байдаг бололтой юм.

“Монгол 999” ч бас дутахгүй ээ. Төрийн мөнгийг тэрбумаар нь луйвардсан гээд байсан Онцгой байдлын дарга асан П.Даш компанийн захирлуудыг “сүргээр” нь дагуулчихсан Драмын театрт болсон анхны хуралд нь морилсон. Интерполоор эрж хайх шахаж байсан нөхөд ийнхүү Тавантолгойн сургаар өөрсдөө гүйлдээд гараад ирэв. Тавантолгой ч татах хүч сайтай юм аа. 

Б.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж