Монгол Улс өрсөлдөөний бодлогоо НҮБ-аар хэлэлцүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

Монгол Улс өрсөлдөөний бодлогоо НҮБ-аар хэлэлцүүлэв

Швейцарийн Женев хотноо долдугаар сарын 9-11-нд болж буй НҮБ-ын “Өрсөлдөөний хууль ба бодлого” сэдэвт Засгийн газрын шинжээчдийн бүлгийн XII хуралдаанд Монгол Улсыг төлөөлж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга Б.Лхагва тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Монгол Улс шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтын үндэс суурь болсон хуулийг 1993 онд анх баталсан хэдий ч уг үйл ажиллагааг хэрэгжүүлэх албан ёсны байгууллагаа 2005 онд байгуулсан байна. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар” нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа гадны хөгжингүй улс орны байгууллагын дэргэд харьцангуй залуу, шинэ тутамд байгуулагдсан агентлагт тооцогддог.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй өсөлтийг нэмэгдүүлэх, зах зээлийг зөв зохицуулахад голлох үр нөлөөтэй өрсөлдөөний бодлого, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход УИХ-аас багагүй анхаарч, уг хуулийг бодитойгоор хэрэгжүүлэх, дутагдалтай талыг сайжруулах, дэлхийн бусад улс орнуудын практик, ерөнхий жишигт нийцүүлэх, зах зээлийн орчныг үр ашигтай, чөлөөтэй болгох үүднээс 2000, 2010 онд хуулиа тус тус шинэчлэн найруулж баталсан юм. Гэвч дэлхийн жишигт нийцсэн бодлогыг өөрийн улсад хэрэгжүүлэхийн тулд бусад улс орнуудын туршлагаас судлах шаардлага зайлшгүй гарч ирсээр байна. Иймд ШӨХТГ-аас хүсэлт тавьсаны дагуу НҮБ-аас жил бүр зохион байгуулдаг “Өрсөлдөөний хууль ба бодлого”  сэдэвт Засгийн газрын шинжээчдийн бүлгийн энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын асуудлыг тусгайлан авч хэлэлцэж байна. Уг хуралдаанд оролцож байгаа НҮБ-ын гишүүн орнууд манай улсын хууль эрх зүйн орчин, хуулийг хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч байна.

Юуны өмнө Монгол Улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ажилтнуудынхаа ажлын ачааллыг хэт нэмэгдүүлсэн, хүний нөөцөө хангалттай мэргэшүүлэхгүй байгаа талаар шинжээчдийн дүгнэлт гарсан байна. Мөн тендерийн булхай хариуцсан болон өрсөлдөөний асуудал хариуцсан мэргэшсэн хяналт шалгалтын багуудыг тусгаарлан байгуулах зөвлөмжийг өгч байна. Хамгийн гол нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулахын тулд чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хүний нөөцийг бэхжүүлэх, сургах, дахин сургах, чадваржуулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх нь чухал байна гэдгийг олон улсын шинжээчид хэлж байна.

НҮБ-ын “Өрсөлдөөний хууль ба бодлого”  сэдэвт Засгийн газрын шинжээчдийн бүлгийн XII хуралдаан өнөөдөр өндөрлөх юм.

Б.ЗУЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж