Цагдаа нар өндөржүүлсэн байдалд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

Цагдаа нар өндөржүүлсэн байдалд ажиллаж байна

Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааг үзэхээр ирсэн наадамчин олон Төв цэнгэлдэх хүрээлэнд цуглан, алтан соёмбот далбаагаа шүтэн, үндэсний урлагаа үзэж сонирхон, уухайн “түрлэг” дунд сүр жавхлантай наадаж байна. Баяр наадмын эдгээр өдрүүдэд наадамчин олны амгалан тайван байдлыг хангахаар цагдаа, цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, уртасгасан цагийн хуваариар ажиллаж буй.

Наадмын нээлтийн ажиллагааны үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.

-Баяр наадмын өдрүүдэд хэчнээн албан хаагч ажиллаж байгаа вэ?

-Үндэсний их баяр наадмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн болон дотоодын цэргийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Үндсэндээ нийслэлийн хэмжээнд 2700 гаруй цагдаагийн албан хаагчид Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг орчимд нийслэлийн хэв журмыг сахиулж байна.

-Хөдөлгөөнт эргүүл хийж байгаа албан хаагчдаас гадна цагдаагийн хэсэг хаагуур бэлэн байдалд ажиллаж байгаа бол?

-Төв цэнгэлдэх хүрээлэнд 10 дугаар хаалганы ойролцоо болон Хүй долоо худагт цагдаагийн жижүүрийн хэсэг ажиллаж байгаа. Баяр наадмын үеэр цагдаагийн бие бүрэлдэхүүн уртасгасан цагийн хуваариар ажиллана. Ингэхдээ мотоцикльтой, морин эргүүлүүд, бүх дүүргийн цагдаагийн албан хаагчид нэмэлт бүрэлдэхүүнээр нэгдсэн. Цагдаагийн үйлчилгээ, тусламж авах гэсэн иргэдэд хүртээмжтэй байлгахын тулд ийнхүү шийдсэн юм. Тэгэхээр иргэд маань хамгийн ойр байгаа цагдаагийн хэсэг болон ажилтанд шууд хандан тусламж авах боломжтой.

-Одоогийн байдлаар зөрчил, гомдол хэр байна?

-Энэ жил наадамчин олон маань тайван сайхан наадаж байна. Одоогоор зөрчил гараагүй. Өчигдрөөс морь уралдаж эхлэхэд ямарваа ноцтой зөрчил гараагүй. Тээврийн хэрэгслээр явж буй наадамчид явган зорчигчдоо хүндэлж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайтар хангахыг сануулж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж