“Сэрсэн тал” соёлын наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

“Сэрсэн тал” соёлын наадам эхэллээ

Соёл урлагийн их сургууль, БНСУ-ын соёлын стратегийн зөвлөх компани “Метаа” ХХК, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой “Сэрсэн тал” соёлын наадам өнөөдөр Хүй долоон худагт нээлтээ хийлээ. Тус наадмыг тав дах жилдээ Соёл урлагийн их сургуулийн багш, оюутан, МУЗ, “МЕТАА”-ийн ажилтан зэрэг 200 гаруй хүн хамтран сайн дурын үндсэн дээр зохион байгуулж байгаа юм. Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчилан таниулах уг наадам Үндэсний их баяр наадмын нэг хэсэг юм.

Соёлын наадмыг зүүн өмнөд Азийн урлагийн шилдэг наадмуудын нэгт тооцож буй зохион байгуулагчид цаашид нүүдэлчний соёл, өв уламжлалыг дэлхий дахинд таниулж, олон улсын төвшинд өргөжүүлэхээр зорьж байгаа аж.

Соёлын наадмын үеэр “Монголын нэг өдөр” гар урлал, “Их Монгол”, “Улаан Жамсран”, нум сумын харваа, уран бичлэг, эсгий урлаг, Монгол үндэстний дээл хувцас зэрэг урлаг соёлын өртөөг ажиллахын зэрэгцээ наадмын үйлчилгээнд тусгай зоос гаргажээ. Мөн Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан уран бүтээлийн тоглолтыг  наадамчин олонд толилуулна. Соёлын наадмын хамтрагчаар Боловсрол соёл шинжлэх ухааны яам,  дэмжигч байгууллагаар наадмыг зохион байгуулах хороо, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар ажиллаж, “Рио Тинто” ХХК, Солонгосын “Кореан Газ” ХХК  нар ивээн тэтгэж байгаа аж.

“Сэрсэн Тал” соёлын наадам өнөөдөр, маргааш үргэлжлэх юм.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж