
Наадам бол үндэсний хувцсаараа гоёх сайхан боломж. Энгийн өдрүүдэд өмсч чадахгүй хувцсаа энэ л өдөр нүүр бардам өмсөнө. Гунхалзсан хүүхнүүдийг үндэсний хувцас нь улам ч гуалиг харагдуулж, залуусыг нь жинхэнэ эр хүн шиг харагдуулна. Жаалуудыг харин эгдүүтэй хөөрхөн болгоно. Нутаг усныхаа зан заншил, онцлогийг тодруулсан дээл, нарийн хийцтэй даалин, хөөрөг солилцох ахмадын мэндчилгээ гээд энэ бүхэн үндэсний бахархлыг харуулна.

Төв цэнгэлдэхийн арын гол хаалгаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга тэргүүтэй төрийн албан тушаалтнууд орцгоох аж. Улаан хивсний ёслолын адил хамгаалалтын бүс тогтоосон байх бөгөөд сайд, гишүүд тэргүүтэн эхнэр хүүхдээ дагуулан орцгооно. Хүмүүс “Алтанхуяг дарга аа, Гончигдорж гишүүн ээ” гэцгээх бөгөөд тусгай зочдын зарим нь замдаа саатан иргэдтэй гар барьж мэндчилнэ. Үүнд нь таарсан нэгэн өөрийгөө азтайд тооцож буй нь царайд нь илт тодорно. Хүмүүсийн дундаас зарим нэг сайд, гишүүд гарч орох хаалга руу зүглэх бөгөөд шинэхэн сонгогдсон гишүүдийг хамгаалалтын ажилтнууд танихгүй “цаад хаалгаараа ор” хэмээх аж. Ө.Баярсайхан, “Фортуна” Н.Батбаяр зэрэг гишүүд хамгаалалтынханд “Би УИХ-ын гишүүн байна” гэж байж олсон доогуур шурган орцгоох бөгөөд хэн ирж буйг харах гэж цугласан иргэд ч “наад хүн чинь гишүүн, наад хүн чинь биш” хэмээн зөвлөнө.

Энд наадамлах гэж ирэх хүмүүстэй зэрэгцэн өөр хэсэг хүмүүс хэдийнэ ирцгээжээ. Тэд бол наадмын жижиг үйлчилгээ үзүүлэгчид. “Өнгөрөгч наадмаар хуушуурын бизнес хийгээд найман сая төгрөг олсон. Энэ жил ямар байхыг сайн мэдэхгүй байна” гэх хоёр ярилцан өнгөрөх нь тэдний төлөөлөл. Машины зогсоол дээр эхний бизнесмэнүүд байх бөгөөд өөрсдийн авчирсан тэргээр наадмын талбай руу зөөх үйлчилгээ үзүүлнэ. Энэ жил наадмын цэнгэлдэхийг зүглэсэн машины зогсоолыг багагүй зайны газарт байршуулсан тул тэрэгний үйлчилгээ үзүүлэгчдэд боломж олгожээ. Эдгээрээр үйлчлүүлэгчид нь наадмын талбайд хуушуур, худалдаа эрхлэгчид байх бөгөөд шуудай гурил, татсан мах зэргээ зөөлгөнө. Хөлс нь 10000 төгрөг.

Дараагийн бизнес эрхлэгчид нь зураачид. Тэд биен дээр төрийн далбаанаас эхлээд Мики маус хүртэл зурна. Хацар, мөр, дух бол зургийн талбар. Ингэж зуруулсны хөлсөнд 1000 орчим төгрөг авна.

Наадмын өглөө зөөлөн бороотой, сэрүүхэн байсан тул хүйтэн ундаа зарагчдад тийм ч тааламжтай байсангүй. Голдуу мөстэй кола байх бөгөөд унац ихтэй бизнес тул олон хүн үүгээр мөнгө олно хэмээн найджээ. Нэг том ундааг 1450 төгрөг, соруул, тагтай улаан аяга нь 150 төгрөг. Ингээд нэг том ундаанаас найман аяга мөстэй кола. Нэг бүр нь 800 төгрөг гэхээр зарагдсан аяга бүрээс 550 орчим төгрөгийн ашиг гарах аж.

Өнгөрөгч жилийн наадмаас харагдаж эхэлсэн ногоон хувцастай жаалууд мөн л ирцгээжээ. Наадмын цэнгэлдэх хүрээлэнг тойрон хэсэг хэсгээрээ хуваагдан зогсоцгоосон байх бөгөөд “Хогоо хогийн саванд хийгээрээ, хоггүй цэмцгэр наадамлацгаая. Хогийг хогийн саванд гоол” хэмээн цагаан хоолойгоор хашгирна. Өнгөрсөн жил гар ариутгагчаар наадамчдын гарын ариутгаж байсан бол энэ жил төсөв мөнгө нь болоогүй бололтой тэгж зардал гаргасангүй. Энд тэнд уриа үгсийг хашгиран зогсох жаалууд зарим нэг хүмүүс тээршаасан янзтай “ядаргаатай юм аа” гэцгээх бол зарим нэг нь “ингэж уриалах нь зөв шүү” хэмээн дэмжинэ. “Энхийн төлөө үйлчлэхүй” гэх бичигтэй цамц өмсөцгөөн зогсох тэдгээр залуусын талаар яриа өрнөх бөгөөд “өнөөх мүүний шашныхан эхлээд залуусаар иймэрхүү олон нийтэд тустай зүйл хийж байгаад сүүлдээ шашныхаа номлолыг заадаг гэнэ шүү” хэмээх сонсогдоно.

Эмээ өвөө, гадаад дотоодгүй нэг зүйл рүү давшилцгаана. “Юун дээр бөөгнөрөөд байна” гэж сонирхсон зүйлээ харахгүй өнгөрөх учир үгүй тул мөн л давшлан юу болоод байгааг харав. Нэгэн уул уурхайн компанийнхан өөрсдийн лого бүхий богино цамц, бал зэргийг үнэгүй тараасан нь ийнхүү багахан зэргийн үймээнийг бий болгожээ. Өдрийн турш тараана гэж төлөвлөсөн бараагаа арав хүрэхгүй минутын дотор үгүй болгожээ. “Үнэгүй юманд нугасгүй” тул өнөөх барааных нь учрыг дор нь олсон бололтой.

Энд хамгийн их оочер үүсгэж буй зүйлсийг нэрлэвэл хуушуурын асар, бие засах газар, мөн явдаг банк буюу АТМ-ын машин байх аж. Мөнгөний автомат машинаа энд авчирсан нь цөөнгүй хүний талархлыг хүлээж буй бололтой бөгөөд “Манай банкны АТМ байхгүй юм байх даа” гэсэн хүмүүс тааралдана.

Наадмаар баярлахаа хойш нь тавин ажиллах цөөн хүмүүсийн нэг нь цагдаа. Тэд наадмаар өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн турш ажиллаж буй гэнэ. Морьтой, машинтай эргүүлүүд хаа сайгүй байх бөгөөд иргэд болон гадны жуулчдад зам заах, туслах зэргээр үйлчилнэ. Өмнө нь хамгаалалтад гарсан цагдаа нар зандчих, нудчих зэргээр сэтгүүлчидтэй байнга муудалцдаг байсан бол тэд энэ удаад эвтэй байлаа.

“Францад оччихоод Эйффелийн цамхагийг нь үзээгүй бол очсон гэж бүү хэл” гэдэг шиг “наадмын талбай дээр оччихоод хуушуур идээгүй бол наадамласан гэж бүү хэл” гэх үг бий. Энэ жил худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл олгохдоо зөвхөн хүнсэнд олгохоор болсон нь үр дүнгээ өгч цэнгэлдэх энэ жилд барааны захад бүслэгдсэнгүй. Хуушуур, шарсан мах, айрагний асарууд цэнгэлдэхийг тойрсон бөгөөд хуушуурны асарууд ч хүнээр тасрахгүй байгаа бололтой. Нэг хуушуурны үнэ 800-1000 төгрөг байх бөгөөд “жоохон хэрнээ үнэтэй л юм, гэхдээ авахаас” гэж зогсоцгооно. Хуушуур хайрах тос шажигнах чимээ, амттайхан үнэр, наадмын хуушуур гэх тодотгол, наадмын яриа өнөөх л мах гурилыг илүү амттай хуушуур болгоно.

Ийнхүү цэнгэлдэхийг гороолсноор наадам жинхэнэ ёсоор эхэллээ.