Шагайн харваа нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

Шагайн харваа нээлтээ хийлээ


Их Монгол Улс байгуулсны 806 жил,
Ардын хувьсгалын 91 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны
нээлтийн ажиллагаа өнөөдөр Шагайн асарт ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн
ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд
С.Батболд, бусад зочид төлөөлөгчид оролцов.

Энэ жил шагайн харваанд 41 багийн 350 гаруй харваач мэргэнээ сорьж
байгаа юм. Өнөөдөр харвааны хагас шигшээ үргэлжилж байгаа ба одоогоор 18
баг тунаж үлдээд байна.

Монголын шагайн харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Батзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жилийн Үндэсний их баяр наадмын шагайн харваанд мэргэнээ сорьж байгаа харваачдын тухайд?

-Их Монгол Улс байгуулсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн
Үндэсний их баяр наадмын шагайн харваанд нийт 41 багийн 350 гаруй
харваач оролцож байна. Үүнд Үлэмж, Дархан  мэргэн  42, Дархан мэргэн 14 ,
Гарамгай мэргэн 17, Мэргэн 25, 10 Дэд мэргэн  оролцож, мэргэнээ сорин
сайхан наадаж байна. Энэ жил оролцож буй харваачдаас  хамгийн ахмад нь
76 настай н.Дашзэвэг гуай юм.

-Шагайн харваанд нутаг бүрээс мэргэн харваачид ирсэн үү?

– Өмнөговь, Дундговь, Хэнтий, Өмнөговь, Сэлэнгэ, Говь сүмбэр, Орхон,
Дархан, Улаанбаатар хотын харваачид маань мэргэнээ сорьж байна.

-Шагайн харвааны дүн хэзээ гарч, цолоо гардуулах бол?

-Дүн маргааш 11.00 цагт гарна. Түүний дараагаар мэргэн цолоо гардуулахыг
шийдэх  болно. Ер нь эхний гурван байрт орсон багуудад Монгол Улсын
цол, чимэг олгодог юм. Өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар эхний гурван
байрт шалгарсан харваач болон нийт 13 мэргэн, дэд мэргэн, дархан мэргэн,
гарамгай мэргэн гээд цол тэмдгийг нь өнөөдрийн нээлтийн үеэр
гардууллаа.

Монгол Улсын гарамгай мэргэн Ц.Хүнхэр:

-Та хэд дэх жилдээ Улсынхаа баяр наадамд мэргэнээ сорьж байгаа вэ?

-Би 42 дахь жилдээ шагайн харваанд мэргэнээ сорьж байна. Улсын чанартай
шагайн харвааны тэмцээнд 20 гаруй жил харвасан юм. Улсын гарамгай мэргэн
цолтой, улсын аварга болон цомын аваргын тэмцээнээс найман медаль
хүртсэн.
 
-Энэ жилийн харваачдын ур чадвах хэр байна?

-Энэ  жилийн наамдын өнгө буюу шагайчид маань цэц мэргэн байна. Ажиглаж
байхад энэ жилийн шагай харваачдын 70 гаруй хувь нь залуучууд байх шиг.
Үндэснийхээ их баяр наадам, ёс заншлаа дээдэлж, шагай харваачид маань
залуужиж байгаа нь үнэхээр сайхан байна.

 
У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж