Хавдар богино хугацаанд архагшиж, хүний аминд хүрдэггүй

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Хавдар богино хугацаанд архагшиж, хүний аминд хүрдэггүй

Хорт хавдар нь дэлхийн хүн амын нас баралтын гол шалтгаан болсоор удаж байна. 2005 онд 58 сая хүн нас барсны 7.6 сая буюу 13 хувь нь хорт хавдрын улмаас нас баржээ. Энэ  тоо жил ирэх тусам нэмэгдэж, хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болжээ. Монгол Улсад энэ өвчнийг эмчилдэг улсын эмнэлэг Хавдар судлалын үндэсний төвөөс өөр байхгүй. Тус эмнэлэгт эмчлүүлэгсдийн ихэнх нь элэг, ходоод, уушиг, улаан хоолой, хөх, умайн хүзүү болон бусад хавдраар өвчлөгсөд байдаг аж. Үүнээс хамгийн их түгээмэл тохиолддог нь элэг /2005 онд 46.5 хувь байсан бол 2009 онд 62.1 хувь болж өссөн/, ходоодны хорт хавдар /2005 онд 20.9 хувь байсан бол 2009 онд 23.6 хувь болж өсчээ/ болоод байна.

Тиймээс Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, Монгол Улсын хүний гавъяат эмч, доктор, дэд профессор Р.Сандуйжавтай уулзахаар  эмнэлэг дээр нь очлоо. Тэрбээр ходоодны хорт хавдартай нэгэн өвчтөнд үзлэг хийж байхтай таарав.

-Хэзээнээс эхэлж бие чинь  өвдөж байна?

-Сүүлийн гурван сар ходоодоор хөндүүрлэж, өвдөх болсон.

-Хэзээнээс турж эхэлсэн бэ?

-Он гарснаас хойш илт турж эхэлсэн.

-Жил болгон найман сард сувилалд яваад бие дээрддэг байсан. Гэтэл өнгөрсөн зун сувилалд яваад ч нэмэр болсонгүй. Ядраад, бие сулраад, хоолонд дургүй болчихсон. Хөдөө  их явдаг ажилтай байсан учир ядаргаа  арилахгүй байна гэж бодоод л явсан.

-Та хэдэн настай билээ?

-54 настай.

Өвчтөн сүүлийн гурван сарын хугацаанд гэдэс хэвлийгээр нь хөндүүрлэж өвдөн, хоолонд дургүй болсон тул эмнэлэгт хандсан юм  байна. Түүний ходоодонд хавдар үүссэнээс элгэнд нөлөөлж үсэрхийлсэн бөгөөд эмийн эмчилгээ хийхээр болжээ.

Р.Сандуйжав эмч:

-Монголчууд эрүүл мэндийн боловсрол маш муу, бараг энэ тухай мэдлэггүй гэхэд хилсдэхгүй. Гаднын өндөр хөгжилтэй орны иргэд  өөрсдөө эрүүл мэндийн шинжилгээнд тогтмол хамрагдаж заншсан байдаг. Гэтэл монголчууд өөртөө болон гэр бүлдээ анхаарал тавьж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн шинжилгээ оношилгоонд хамрагддаггүй. Шинжилгээнээс төвөгшөөх хэрэггүй. Хүн өглөө оройд ажилдаа явахаасаа цааргалдаггүй шүү дээ. Түүн шиг л миний хийх ёстой зүйл гээд өөртөө зуршил болгох хэрэгтэй. Шинжилгээнд тогтмол хамрагдсанаар  суурь өвчин болон хорт хавдрыг эрт илрүүлж, эрүүл амьдрах нөхцлөө бүрдүүлж байна гэж ойлгох хэрэгтэй.  Гэвч манай иргэд  ихэвчлэн би эрүүл байна, өвдөх юм алга гэж явсаар өвчнөө хүндэрсэн хойно ирээд уйлах ч багадах болдог. Ялангуяа элэг, ходоодны хорт хавдартай иргэдийн 85-90 хувь нь өвчнөө хүндэрсэн хойно эмнэлэгт хандаж байна. Хавдар нэг сарын дотор архагшиж, бусад эд эрхтэнд нөлөөлдөггүй. Бага дээр нь эмнэлэгт хандвал амьд явах хугацаагаа нэмж байна гэсэн үг. Түрүүний  өвчтөн ходоодны хорт хавдрын хамгийн сүүлийн буюу дөрөвдүгээр үедээ эмнэлэгт ханджээ. Энэ хавдар нь 3-5 жилийн хугацаанд үе шаттайгаар нэмэгдсээр бусад эрхтэндээ үсэрхийлсэн байна.  Одоо түүнд ямар нэгэн эмчилгээ хийх боломжгүй, зөвхөн өвчин намдаах  эмийн эмчилгээ л үлдсэн. Үнэндээ түүнд найман сарын нас үлдсэн байна. Энэ хүн ходоодоо дурандуулах шаардлагатай байсан ч тухайн үедээ хэцүү гэж төвөгшөөж явсаар өвчнөө хүндрүүлсэн. 54 нас гэдэг эр хүний хувьд идэр нас гэж ярилаа.

Хорт хавдар үүсгэгч хамгийн том шалтгаан бол хоол хүнсний бүтээгдэхүүн юм байна. Монгол Улсад хүнсний бүтээгдэхүүний стандарт алдагдсан нь хавдар ихсэх гол шалтгаан болсоор байгааг эмч нар онцолж байна. Түүнчлэн хорт хавдрын өвчлөл залуужиж байгаа нь нөгөө л хүнсний бүтээгдэхүүнтэй шууд холбоотой. Нийслэлчүүдийн жимсний хэрэгцээг Эрээнээс хангадаг. Импортоор ирж буй жимсний  чанар, аюулгүй байдал эргэлзээтэй . Хятадын жимс, хүнсний ногоо нь үр шим муутай, олон төрлийн химийн бордоо хэрэглэж ургуулдаг. Жимсийг муутгахгүйн тулд хиймийн бодис цацдаг нь ходоодны хорт хавдар үүсгэгч болж байгааг мэргэжилтнүүд тогтоожээ. Түүнчлэн гадны улс орнуудаас хүнсний бүтээгдэхүүн чөлөөтэй импортлох болсон цагаас хорт хавдрын өвчлөл эрс нэмэгдсэн гэж  эмч мэргэжилтнүүд хэлж байна. Иймд мэргэжлийн хяналтын байгууллагууд ч хяналт шалгалтаа чангатгах шаардлагатай болжээ.

Элэгний хавдар гэж юу вэ?

Элэгний хавдар буюу элэгний анхдагч ємєн (ЭАӨ) гэдэг нь элэгний эсээс үүсдэг хортой хавдар юм. Элгэнд удаан хугацаагаар үйлчилсэн химийн хортой бодис болон архаг ужиг євчнүүдийн улмаас элэгний ємєн үүсдэг.  Элэгний анхдагч өмөн /ЭАӨ/ гэдэг элэгний эсээс гаралтай бөгөөд дэлхийд хамгийн элбэг тохиолддог хорт хавдрын нэг.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд бүх хорт хавдрын дотор элэгний өмөн тавдугаар байрт орж, жил бүр нэг сая хүн шинээр өвчилж байна.Элэгний анхдагч өмөн дэлхий дахинд харилцан адилгүй тархсан байдаг тул өвчлөл нь жил бүр 100 мянган хүн амд хэд тохиолдож байгаагаас хамааруулан их, дунд, бага гэж гурав хуваадаг. Хамгийн их өвчлөлтэй оронд зүүн өмнөд Ази, Африкийн орон ордог бөгөөд манай орон нэлээд өвчлөлтэй орны тоонд оржээ. Элэгний анхдагч өмөнгөөр бүх насны хүн өвчилдөг. Манай орон элэгний анхдагч өмөнгийн өвчлөл, нас баралтаар хоёр хүйс /эрэгтэй, эмэгтэй/ адил нэгдүгээр байранд орж байгаа бөгөөд жил тутамд байнга өсч, цаашид өсөх магадлал өндөр байгаа юм. Манай оронд элэгний анхдагч өмөнгөөр өвчлөгсдийн 85-90 хувь нь хожуу үе шатанд, өөрөөр хэлбэл, төгс эмчлэгдэхгүй болсон үедээ оношлогдож байна.

Элэгний эд хатуурч, хорчийн элэг хэмжээгээрээ жижиг болохыг элэгний хатуурал буюу цирроз гэдэг. Элэг нь харьцангуй том цуллаг эрхтэн учир хавдар бага хэмжээтэй үед ямар нэг зовиур, шинж тэмдэг илэрдэггүй. Харин хавдар нь хэмжээгээрээ томорч элэгний бүрхүүл хальс руу нэвчиж ургасан болон цєсний сувгийг дарж бєглєсєн тохиолдолд зовиур шинж тэмдэг нь илэрдэг. Элгэнд хэд хэдэн хавдрын зангилаа үүсч болох ба цусаар дамжин єєр эрхтэнд тархаж болно. Єєр эрхтэний хавдар үсэрхийлэн элгэнд хоёрдогчоор хавдар үүсгэх тохиолдол элбэг байдаг.
 
Элэгний ємєн үүсгэгч эрсдэлт хүчин зүйлс

-Элэгний анхдагч ємєнгийн эрсдэлт хүчин зүйл нь элэгний хатуурал буюу циррозынхтой адил байдаг.

-В. С вирусээр үүсгэгдсэн элэгний архаг үрэвсэл. С вирус нь тариур, цус, цусан бүтээгдэхүүнээр, В вирус нь бэлгийн замаар халддаг болох нь нотлог­доод байна.
-Архи хэтрүүлэн хэрэглэх нь элэгний хатуурал үүсгэх  үндсэн шалтгаан болдог. /арван жилийн турш єдєр бүр 400 гр вино юмуу 1.4 л пиво уух нь элэгний хавдраар євчлєх эрсдэлтэй/

-Үр тариа самранд үүссэн хєгц, мєєгєнцрєєс ялгардаг хортой бодис.

-Хиамны найрлагад ордог нитрит, тосон будаг, уусгагч болон гэр ахуйн эдлэл хэрэглэл дэх химийн бодисууд зэрэг нь элэгний анхдагч ємєн үүсгэх эрсдэлт хүчин зүйл болно.

-Насанд хүрэгчид элэгний хавдраас сэргийлэхийн тулд энэ вакциныг хийлгэж болох юм. Үүний тулд эхлээд өөрийгөө В эсвэл С, А вирус тээж байгаа эсэхийг оношлуулна. Хэрэв вирус тээгээгүй бол вакцин хийлгэж болно.

Шинж, тэмдэг, зовиур

Элгэнд  өөрчлөлт ороход нүд улайх, хараа муудах, булчин, шөрмөс сулрах, хумсны өнгө муудаж, бэх бат чанараа алдах зэргээр мэдрэгддэг байна. Харин доорхи шинж тэмдгүүд хавдрын хожуу үе хүртэл илрэхгүй байж болно.

-Хамгийн элбэг тохиолддог зовиур шинж тэмдэг нь хоолны дуршил буурах, турж эцэх, ядарч сульдах

-Хавдар томорсон үед євчтєнд байнга євдєлт үүсэх, эсвэл хэвлийн баруун дээд хэсэгт зангилаа, овгор зүйл тэмтрэгдэх

-Гэдэс томрох

-Шарлалт /арьс, нүдний эвэрлэг бүрхүүл/
-Элэгний суурь євчин, хатуурлын улмаас євчтний биеийн ерєнхий байдал муудах

Элэгний ємєнгєєс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Нярай хүүхдийг В вирусын эсрэг вакцинжуулалтад хамруулах. (Манай улс 1990 оноос эхлэн шинээр тєрсєн бүх нярайг вакцинжуулалтад хамруулж байгаа)
-Элгийг хордуулдаг архи, согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэхгүй байх.

-Ямар ч өвчин эмгэггүй эрүүл байсан ч жилдээ нэг удаа нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шаардлагатай шинжилгээ хийлгэж байх

-Мах, амьтны гаралтай єєх тосыг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх.

-Хєгцєрч муудсан үр тариа, самар хэрэглэхгүй байх

Элэгний анхдагч ємєнгийн  эрт илрүүлэлтийн шинжилгээ

Хавдрын хэмжээ жижиг орчиндоо нэвчилтгүй байх учир мэс заслаар авахад хялбар байдаг. Түүнчлэн амьдрах хугацаа уртасдаг. Элэгний В,С вирусээр үүсгэгдсэн элэгний архаг үрэвсэлтэй, элэгний хатууралтай зэрэг єндєр эрсдэлтэй бүлгийн хүн амыг шинжилгээнд хамруулахыг зєвлєж байна.

-Аймаг, дүүргийн эмнэлгийн хавдрын эмчийн хяналтан дор эрт илрүүлэлтийн үзлэг шинжилгээг хийлгэх

-Цусанд альфафетопротейн (AFP) тодорхойлох болон гурван сар тутам элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг үнэлэх
-Зургаан сар тутамд ЭХО шинжилгээ хийлгэх

Эмчилгээний арга

Элэгний хорт хавдар нь дотроо олон янз байдаг бөгөөд элэгний хучуур эдээс гепатоцеллюляр /элэг эсийн/, холангиоцеллюляр /цөсний замын/, гепатохолангиоцеллюляр /холимог/ хорт хавдар үүсдэг. Одоогоор элэгний анхдагч хорт хавдрыг хослуулсан аргаар эмчилдэг бөгөөд эдгээрээс мэс заслын аргыг хими эмчилгээтэй хослуулах нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Гэвч элэгний хав­дар хурдан тархдаг тул хагалгаа хийх боломж нь таван өвчтөний нэгд нь л бай­даг гэнэ. Харин тусгай эмнэлгүүдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хий­дэг бөгөөд энэ нь одоогийн байдлаар хам­гийн ирээдүйтэй эмчилгээ гэж дэлхий нийт үздэг байна.

Ходоодны хорт хавдар

Ходоодны хорт хавдар нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа, хоол хүнсний чанар байдалтай салшгүй холбоотой бөгөөд  манай оронд хелика бактерийн шинжилгээ хийдэг болсноос хойш ходоодны хорт хавдарыг эрт үед нь илрүүлэх боломжтой болжээ.  Ходоодны өмөнгөөр 40-өөс дээш насныхны 20 хувь, 50-иас дээш насныхны 50 хувь өвчлөх эрсдэлтэй. Ходоодны хорт хавдрыг  зөвхөн дурангийн шинжилгээгээр илрүүлдэг тул эхний үедээ өвчтөнд мэдэгдэх шинж тэмдэг бага. Иймд жилд нэг удаа заавал ходоодоо дурандуулж  байвал  ходоодны хавдрыг эрт илрүүлэх боломжтой. Гэвч нийт өвчлөгсдийн 80 орчим хувь нь хавдрын хүнд үе буюу гуравдугаар үедээ эмнэлэгт ханддаг байна.

Ходоодны өмөн үүсгэх эрсдэлт хүчин зүйлс

-Удамшлын нөлөө. Хэрвээ гэр бүлийнхний хэн нэг нь ходоодны өмөнгөөр өвчилж байсан бол ойр дотны төрөл төрөгсөд нь өвчлөх магадлал 20 хувиар өсдөг.
-Хооллолтын онцлог. Хоол хүнсэндээ хурц, давсалсан, утсан, хуурч шарсан (хэт шарсан), лаазалсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь уг өвчин үүсэх магадлалыг ихэсгэдэг

-Хоол, цайг халуунаар нь хэрэглэх

-Архи, тамхи хэрэглэх
-Ходоодны үрэвсэл, шарх, ходоодны ур, хоргүй хавдар мэтийн ходоодны өвчнүүдээр удаан хугацаагаар өвдөх

-Ходоодондоо хагалгаа хийлгэсэн хүмүүсийн өвдөх магадлал 2.5 дахин их байдаг

-Ходоодноос Хелико бактер илрэх

-Витамин В 12 болон С-ийн дутагдал

-Пернициоз хэлбэрийн цус багадалттай хүмүүст 20 дахин их, мөн хоёрдугаар бүлгийн цустай хүмүүст ходоодны өмөн олонтаа тохиолдог байна.

Хорт хавдар үүсгэж болох хүнсний зүйлүүд
 
-Утсан мах хорт хавдар үүсэх гол шалтгааны нэг болдог хүнсний жагсаалтыг тэргүүлжээ. Өдөр бүp 30-хан грамм утсан мах идэхэд хорт хавдраар өвчлөх эрсдэл 15-38 хувиар нэмэгдэх аж. Эрдэмтдийн баталж буйгаар ялангуяа энэ бүтээгдэхүүнд агуулагддаг нитрат болоод удаан хадгалахад зориулсан бодис нь хавдар үүсгэx эрсдэл болдог аж.
 
-Тос, өөх ихээр агуулсан бүтээгдэхүүн. Удаан болон олон дахин шарсан, халаасан, өөх тостой бүтээгдэхүүн өөртөө тос агуулдаг. хүнсний ногоо, жимс, жимсгэнэ ч үүнд хамаатай.
 
-Шарсан төмс, чипсэнд агуулагддаг нүүpc yc, акриламид гэх бодис биед хортойгоор нөлөөлдөг.
 
-Давс. Эрчүүд ялангуяа давс ихтэй бүтээгдэхүүнээс аль болох татгалзах хэрэгтэй аж. Давс  хүнсэндээ ихээр хэрэглэдэг 500 хүн тутмын нэг нь хавдраар өвчлөх эрсдэлтэй байдаг гэнэ.

Хавдарын явцыг удаашруулах, өвчлөх эрсдлээс хамгаалах бүтээгдэхүүн
 
-А витамин агуулсан хүнс. Лууван, бууцай, улаан перц хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг хүн хорт хавдрын эрсдлээс 25 хувиар өөрийгөө хамгаалж чадна.
 
-Хорт хавдараас сэргийлэхэд гол үүргийг Е витамин гүйцэтгэдэг. Энэ нь ургамлын тос, улаан буудайн төрлийн хүнс, самарт ихээр агуулагддаг .
-Ногоон навчтай жимс, ногоонууд хавдар эсэргүүцэх, хор тайлах чадвар сайтай болох нь батлагдсан байдаг. Үүний зэрэгцээ хүнсний ямар ч бүтээгдэхүүнд зөв хадгалалт хамгийн чухал.

Ходоодны үрэвслийн голлох шинж тэмдэг

-Аюулхай орчмоор өвдөх, цанхайх, дотор муухайрах, хэлэнд зузаан өнгөр тогтох
-Амнаас эвгүй үнэр гарах, хэхрэх, гэдэс дүүрэх, өтгөн хатах, суулгах              
-Горойх, гашуунаар гулгих, цээж хорсох, хоолны дуршил буурах, турах, ядрах,
-Аюулхай болон улаан хоолойд юм тээглэх, нүүрэн дээр батга гарч, сэвхтэх гэх мэтээр илэрдэг. Хэрвээ ийм шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй. Учир нь эдгээр шинж тэмдэг нь ходоодны хорт хавдрын суурь болдог.

Ходоодны хавдраас сэргийлэх

-Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх

-Архи, тамхины хэрэглээг багасгах

-Ногоон навчтай жимс, ногоонууд хавдар эсэргүүцэх, хорыг тайлах чадвар сайтай болох нь тогтоогдсон тул хоол хүнсэндээ жимс, ногооны хэрэглээг нэмэгдүүлэх.

-Хоолны дэглэм маш сайн баримтлах. Хүн өдөрт 4-5 цагийн хооронд дөрвөөс доошгүй удаа хооллож байх хэрэгтэй. Гэвч хүмүүс ихэвчлэн өглөө өлөн элгэн дээрээ юу ч идэлгүй гарч,  өдөр нь бага идэж,  орой их хэмжээгээр хооллодог.

-Эрүүл ахуй, ариун цэврийн баталгаатай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх

-Ходоодны архаг үрэвсэлтэй хүний шүлсээр дамжиж халдвар­ладаг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж