Х.Лхагвасүрэн: Надад тохиолдсон жаахан зовлон дуу хууранд ямар ч хамаагүй

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Х.Лхагвасүрэн: Надад тохиолдсон жаахан зовлон дуу хууранд ямар ч хамаагүй

  2009
оны үндэсний шилдэг сэтгүүлээр шалгарсан “Uptown” сэтгүүлийн энэ оны
есдүгээр сарын  /№23/ дугаарт нийтлэгдсэн “Харанга” хамтлагийн гоцлол
дуучин Х.Лхагвасүрэнгийн ярилцлагыг тус редакцийн зөвшөөрөлтэйгээр
манай сайт нийтэлж байна.


Намар
цагийн шаргалтсан тариан талбай, хадаж бухалдсан өвс, харлан зурайсан
замаар Эрдэнэт хотыг зорин гарахдаа бид нэгэн эрхмийг уншигчидтайгаа
уулүуулахаар яарсан билээ. Аялан тоглолтоор явж буй багийнхны
буудалласан өрөөнд ороход зарим нь орноосоо өндийгөөгүй, нөгөө хэсэг нь
ширээнээ тухалсан байдалтай угтсан. Ийнхүү “Харанга” хамтлагийн хорин
жилийн ойн “Талархалын аялан тоглолт” Эрдэнэт хотод болохын өмнөхөн
хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэнтэй уулзлаа. Дуулиант хэрэгт
холбогдоод гарсан цагаасаа хойш нийтэд ам нээгээгүй тэрээр “Uptown”
сэтгүүлийн уншигчдад анх удаа ярилцлага өгч байгаа нь энэ. Түүнийг
илэрхийлэх өнөөх л хар савхин хослол, ковбой гутал, олон цагирган
ээмэг, дугуй хар шилээ зүүжээ. Харин урт буржгар үсний оронд богино
тачир үс малгайн дороос цухуйна. Бардам, давлиун юм шиг мөртөө “Авьяас
ард түмний өмч” хэмээн ярих түүнээс дуундаа өөргийгөө бүрэн зориулсан
нь мэдрэгдэнэ. Хоолойн цараа, давтагдашгүй хэв маягаараа ард түмний
хайрыг татсан түүнийг “Аавын хаалга” татахад халаглан суусан хүн хардаж
муучилсанаас нь олон биз. Ингээд түүнтэй илэн далангүй ярилцсанаа
уншигч танд хүргэе.

 

-Таны нүдийг муу байгаа гэж дуулсан. Одоо ямар байгаа вэ. Эмчлүүлсэн үү?

-Нүдийг камер юм гэж бодвол их бие нь зүгээр, дуран нь л эвдэрчихсэн гэсэн үг. Дуранг нь солиод л болчихно.

-Одоо бие тэнхэрч байна уу?

-Би ямар сульдсан биш тэнхэрсэн энэ тэр гэж ярих хэрэг байхгүй байх.

-Цаашдын төлөвлөгөөнд тань юу байна вэ?

-Тэр ойлгомжтой шүү дээ. Би хорин жил ингээд явчихсан юм чинь 30 жилийнхээ ойг хийнэ гээд л явна. Надад ухрах зам байхгүй.

-Одоо
муу бүхэн ард үлдсэн болохоор бид өнгөрсний тухай асуухыг урьтал
болгосонгүй. Х.Лхагвасүрэн гэдэг хүний дотоод ертөнцтэй танилцах гэсэн
юм?

-Хүн өнгөрсөн зовлонтой үеэ
бодохоор инээд нь хүрдэг гэдэг. Тэгээд ч би ердөө зовоогүй. Үнэндээ бол
зурагт үзээд л, ном уншаад л байж байсан шүү дээ.

-Огтхон ч шаналаагүй гэж үү?

-Ээждээ л шаналсан. Өөр юундаа шаналахав дээ.

-Саяхан нэг хүн таныг бөө болох ёстой хүн гэж бичсэн байхыг уншсан. Энэ үнэн үү?

-Тийм
эрин үе ирсэн нь үнэн. Онгод гэдэг юм чинь өөрийнхөө хүч чадлыг даачих
хүн хайж явдаг юм гэсэн. Та нар ч номноос уншсан байх. Өөрөө бодож,
сэтгэж, хайрлаж чаддаг сүнс гэсэн үг юмуу даа. Хүний биед орохоороо
хийх ёстой зүйлээ хийж чаддаг. Түүнийг биедээ оруулдаг шидийг олсон
хүмүүсийг бөө, удган, зайран гэдэг юм.

-Та тэгээд бөө болох уу?

-Би бөөлж байгаа. Би дуулахдаа л бөөлчихдөг. Тэгээд л боллоо.

-Дуулах, бөөлөх хоёр адилхан гэсэн үг үү?

-Би хэрэв бөө юм бол тийм ажил хийх ёстой бөө гэж ойлгож болно.Үнэнээсээ дуулна гэдэг бөөлөхтэй адил шүү дээ.

-Та ямар бурханд итгэдэг вэ?

-Би
бүх л бурханд итгэдэг. Яагаад гэвэл тэд дандаа зөв замыг зааж байдаг.
Гэхдээ эдэн дундаа Буддын шинжлэх ухааныг арай илүү сайн үр дүнд хүрсэн
гэж ойлгодог.

-Шинжлэх ухаан, шашин хоёр үргэлж зөрчилддөг биз дээ?

-Юундаа
зөрөлдөхөв дээ. Шашин гэдэг чинь угтаа бол өөр үг юм билээ. Харин яг
одоо бидний хэрэглээд байгаа энэ үг зүгээр хүмүүсийн дундаас л үүссэн
үг. Би хувьдаа буддын шашныг шинжлэх ухаан гэж боддог.

-Хэцүү нэртэд байхдаа та юуг их бодов?

-Юу бодохов дээ. Ном уншаад бас л завгүй юм чинь.

-Ямар ном уншив?

-Бурхадын
тухай ямар л бол ямар ном уншлаа. Би энэ ертөнц, хүмүүний амьдрал юу
болоод байгааг, ертөнцийн гарал үүслийн тухай уншдаг. Номонд сайхан
зүйлс зөндөө байна.

-Ахуйн зүйл танд аль хэдийнээ сонин биш болжээ дээ. Таны энэ дэлхий дээр оршин буй гол зорилго юу вэ?

-Миний
гол зорилго ард түмэндээ олон сайхан аялгуу, үг хүргэх л байна даа. Дуу
хуур тэнгэрийн өмч, авьяас ард түмний өмч гэж ярьдагчлан би дуулах л
ёстой бол дуулна. Миний дуунд ч энэ тухай байдаг. “Зон Монголынхоо
зоригийг дуулахгүй гээд яах вэ?” дуулах л ёстой. Надад учирсан жаахан
зовлон бол дуу хууранд ямар ч хамаагүй. Би эхнэртэйгээ хэрэлдсэн гээд
тоглолтондоо очихгүй байх эрхгүй. Шоронд орчихсон би гутарч байна гээд
дуулахгүй байна гэж байхгүй.Тэнд чинь орчин нь өөр болохоос биш хүн л
амьдарч байгаа шүү дээ. Амьдрал үргэлжилж байна.

-Та ер нь өөрийгөө шоронд орчихсон гэж боддоггүй юм байна. Тийм үү?

-Хүн
чинь сэтгэлээрээ шоронд орно гэж нэг юм байна. Би хулгай хийчихсэн биш,
олон сая төгрөг идчихсэн биш. Би тийм гэмтэй хүмүүс шиг шаналахгүй шүү
дээ. Би хэзээ ч өөрийгөө сэтгэлийн шоронд хийхгүй. Гадуур шоронгийн
хашаа байдаг л юм байгаа биз. Ганданд байгаа юм шиг өөрийгөө ариусгаад
л сууж байсан.

-Та тэнд орохдоо л ийм итгэлтэй байсан уу?

-Тийм. Би цаг үеийг дандаа сайхан болно гэж бодож ирсэн. Сайхан болсоор ч байх болно.

-Бардам зан, билэг танхай байдлыг та юу гэж боддог вэ?

-Чадаж
байвал яагаад бардамнаж болохгүй гэж. Гэхдээ энэ үг нь жаахан онцгүй
юм. харин өөртөө итгэлтэй байх гэвэл миний бодолтой нийцэх байх.

-Тэгвэл та өөртөө итгэлтэй, бардам хүн мөн үү?

-Би
хийж байгаа ажлаа ярих юм бол бардам хүн. Яагаад болохгүй гэж? Би л
хувьдаа чамайг над шиг дуулна гэж бодохгүй байна. Тиймээс энэ тал дээр
бардамнах эрхтэй гэж бодож байна. Хүн болгон адилгүй хүлэг болгон
жороогүй. Тиймээс юм бүхнийг адилтгах гэж болохгүй. Тийм нийгэм
байгуулах гээд манайхан балраа биз дээ. Улаан хувьсгал байгуулаад,
бүгдээрээ адилхан амьдрах гэсэн чинь болохгүй байсан биз.

-Та их зүйр үг хэлэх юм аа?

-Би
ардынхаа сайхан үгээр л амьдардаг. Тэд бүгд үнэн байдаг. Бидний өвөг
дээдэс гайхамшигтай ухаантай байсан шүү дээ. Тиймээс би эх орондоо
хайртай. Би Монголоос хаашаа ч явахгүй. Энэ хөх тэнгэр, энэ ногоон
газарт л би бүхнээс илүү хайртай. Тиймээс намайг шоронд хийх нь гэж
айгаад Америк явна гэж байхгүй. Өвөг дээдсийн минь сүнс эндээ, бидэндээ
ойрхон байна. Эндээ л байж байсан нь дээр. Өөрийнхөө нутаг дээр гэрээ
барьж чадаагүй хүн, хүний нутагт байшин барина гэдэгт би итгэдэггүй.
Ядуу гэх гээд байгаа бол ядуу гэдэг ойлголтыг би сэтгэлээрээ ядуу байх
л гэж ойлгодог. Хэрэв би дуулж чадахаа болиод, надад боломж одохгүй бол
Толгойтын Зүүнсалаанд байдаг ээжийнхээ зусланд очоод гэр бариад,
цувдай, толгой авч идээд л сайхан амьдарчихна. Бас сайхан цаг иртэл
хүлээж чадна. “Амьдрал бол альбом, Амьдрах гэдэг тэвчих”, “Зураг л
үлдэнэ, Зул асна” ингэхийн л хооронд нэг их юм хэрэггүй шүү дээ. Нэг л
амьдрах учраас бие биеэ хайрлах хэрэгтэй. Хойд нас байгаа гэвч тэр үед
бие биеэ танихгүйгээс хойш ийм л байх хэрэгтэй гэж боддог. Хүмүүс
амьдралыг их урт гэж бодоод байдаг. Миний бодлоор тийм биш. “Жаргах
цагт цаг хугацаа харвасан сум шиг одно. Зовох цагт цаг хугацаа зогссон
юм шиг удна” гэдэг. Тэгж санагддаг ч цаг хугацаа явсаар л байдаг.

-Таныг шүлэг бичдэг гэж сонслоо. Энэ үнэн юм уу?

-Шүлэг
гэх нь хаашаа юм бэ. Би бол дууны үг л гэдэг. Энэ хүмүүс чинь сүүлийн
үед бүгд л яруу найрагч, хөгжмийн зохиолч болоод уур хүргээд байна.
Үнэндээ тийм биш шүү дээ. Анхнаасаа л өвөг дээдэс дууны үг зохиогч л
гэж ярьж ирсэн биз дээ. Эсвэл шинэ цаг үед заавал яруу найрагч гэх
ёстой юм уу. Надад бол энэ хэллэгүүд томдоод байх шиг санагддаг.

-Зураг зурах уу?

-Зурдаггүй хүний хажууд бол зураач.

-Та хүү, охин хоёртойгоо хэр зэрэг холбоотой байдаг вэ?

-Том
хүүтэйгээ бол байнга холбоотой байдаг. Багатайгаа нэг их холбогдоод
байдаггүй. Бага байхад нь ээжээс нь салчихсан юм чинь тэрнийг тэгэж
өөртөө дасгаад яахав гэж боддог юм. Би ер нь хаяад үхэх байж хүүхдээ
эрхлүүлэх дэмий гэж боддог ч эрхлүүлэх их дуртай. Үүнийг мэддэг
болохоор ээж маань надад хүүхэд ойртуулах дургүй.

-Ард түмэн таныг одоо тогтож сайхан амьдраасай гэж хүсч байгаа байх. Энэ талаар та юу бодож байна?

-Тиймээ
намайг хайрладаг хүмүүс, сайхан амьдраасай гэж хүсээд байдаг. Тэдний
хүссэнээр болно оо. Ард түмэн гэдэг чинь агуу шүү дээ. Тэдний хүсэл
биелсээр ирсэн. Биелэх ч байх аа. Хамгийн гол нь ард түмний тэр их
хайрыг даах хүн нь  ганцхан би гэж бодохоор хэцүү байдаг.

-Нэг талаараа ард түмэн таныг заавал тийм байх ёстой гэж тулган шаардаад байгаа юм шиг санагддаг уу?

-Уг
нь бол хүн өөрийнхөөрөө амьдрах ёстой шүү дээ. Гэвч хүмүүс яаж ийж
байгаад л од болгочих гээд, эсвэл сайхан амьдруулчих гээд үзээд байдаг.

-Зарим нь томоотой байлгах гэж шаарддаг байх?

-Харин
тийм ээ. Тайзан дээр нэг юм татаад байна. Нөгөөхөө ч татаж байгаа юм
билүү гээд л. Хэцүү л дээ. Зүгээр, тийм амархан юм энэ хорвоод байхгүй.
“Болгоё гэвэл болохгүй юм энэ хорвоод байхгүй. Болохгүй ээ гэвэл болох
юм ертөнцөд нэгч байхгүй” гэдэг. Зовлон ирэхэд зориг хэрэгтэй. Жаргал
ирэхэд сэрэмж хэрэгтэй гэж бодож амьдардаг.

-Хотжилтын талаар та юу гэж боддог вэ?

-Миний Монголын ард түмэн хаанаа ч амьдарсан яадаг юм бэ. Дурны л хэрэг шүү дээ.

-Хотын амьдрал гэж яриад хуваагдал явагдаад байгаа шүү дээ?

-Таван
зуун жил хөдөө амьдарчихсан хүмүүс яаж тийм хурдан улаан, ногоон гэрэл
цээжлэх юм бэ. Ядаргаа шүү дээ. Эрх дураараа байсан хүмүүст чинь та нар
илүү ядаргаатай санагдаж таарна. Жаахан хугацаа хэрэгтэй. Хот гэдэг
чинь том айл болж байна л гэсэн үг. Олуулаа хэрнээ сайхан, цэвэрхэн,
эмх цэгцтэй айл Улаанбаатарт, улс Монголд байдаг. Тийм айл болохын
төлөө л явж байгаа хэрэг. Мөдхөн тийм болно. Арван жилийн дараа гэхэд
Монгол улс гайхамшигтай гоё болно гэдэгт би итгэдэг. Уг нь миний
санаагаар болдог бол Монгол улс нэг их хотжимооргүй байна. Яг хотын
ажил хийж, улс орноо хөгжүүлэх ёстой нь тэр ажлаа хийгээд, бусад нь
хөдөөнөө малаа маллаж баймаар байна. Нэг л их олон толгой ярьсан хүмүүс
болж. Энэ газар шороогоо ухаж, төнхөж ер нь яах юм бэ. Бидэнд ирээдүй
байна. Үр хүүхэд төрнө. Бөмбөрцөг сөнөх яагаа ч үгүй байна. Сайн цагийн
дөрөвхөн бурхан заларсан. Цаана нь 996 байгаа. Тэд заларч дуусч байж
галав юүлэх тухай ярина гэдэг. Энэ худлаа биш гэдэгт би итгэдэг.
Буриадад хүртэл 70 жилийн өмнө оршуулчихсан өвгөний үс, хумсыг аваад
үзэхээр амьд байгаад байна гээд Оросын шинжлэх ухаан тэр аяараа гайхаад
л байна шүү дээ. Манай Архангай аймгийн Цахир суманд ч ийм хоёр хүн
байдаг гэж би дуулсан. Би ийм юм сонирхдог. Яаж тийм хүч, чадалтай болж
байна вэ гэдгийг сонирхдог. Будда ч гэсэн жирийн хүн байсан гэдэг биз
дээ. Үнэхээр сайхан сэтгэлтэй байж, сайн юмны төлөө зүтгэж чадаж байвал
тийм хүч чадал ирдэг гэсэн.

-Майкл Жексоны амьдралын талаар юу гэж боддог вэ?

-Майкл
Жексон яах вэ. Би Дамчаа гуайг өнгөрөхөд л илүү их харамссан. Би тийм л
хүн. Майкл Жексон бол хийдэг юмаа хийчихсэн, тасарчихсан л гар шүү дээ.

-Тэр хүний ертөнцийн талаарх таны бодлыг л илүү сонирхоод байна л даа?

-Өөрийнхөөрөө
л амьдраад үхлээ. Үхсэн хойно нь бүгд сүйд болоод л дууслаа. Хаана ч
тийм шүү дээ. Монголд ч гэсэн амьд байхаар нь авс руу чулуудчих гээд,
эсвэл “аавынх” руу чулуудчих гээд л байдаг шүү дээ.

-Майкл Жексон шидэнд дэндүү итгэдэг байсан. Үхлийн дараах амьдрал хөлдөх, нисэх гээд л энэ талаар?

-Та
нар тэгэх ч юм уу хэн мэдэхэв дээ. Үхэж үзээгүй байж ийм юм ярих
хэрэггүй. Яагаад монгол хүн зул асаадгийг мэдэх үү? Бурхандаа л өргөж
байна гэж боддог байх даа. Үхсэний дараах 49 хоногт зулын гэрэл дагаж
явах ёстой юм гэнэ билээ. Тиймээс амьддаа таньж авах гэж, үр хүүхдэдээ
таниулах гэж зул өргөдөг юм гэсэн. Үхсэний дараа өчнөөн гэрэл асна.
Үүнийг би мэднэ. Яагаад гэвэл, би цэргийн госпиталд гурав хоног үхэж
үзсэн.

-Та тэгээд хаана очсон бэ?

-Би
тамлаж байгаагүй учраас тамд очихгүй нь ойлгомжтой. Эхлээд талийгаач
нартай л уулзаад байдаг юм билээ. Тэгэж байтал ямар нэг юм толгойн ар
дээрээс “Миний хүү одоо тэс тэс, гуравхан хоног тэсчихэд л бие чинь
амарч, сүнс чинь чөлөөлөгдөөд сайхан болно. Зүгээр битгий ай” гээд
байсан. Тийм мэдрэмжүүд ирдэг. Түүнийг үгүйсгэх арга байхгүй.
Хагалгаанд ороод клиник үхэлд орсон хүний сүнс нь биеэсээ гарч яваад
эргээд ирэхэд нь хагалгаа хийлгээд шинэчлэгдсэн бие нь таалагдвал
ордог. Үгүй бол ордоггүй юм гэнэ билээ. Хүнд хувцас таалагдана гэдэг
шиг сүнсэнд бие нь таалагдах гэж байдаг гэсэн.

-Майкл Жексон шидийг хүсээд харамсалтайгаар өнгөрлөө. Та шидийг хүсээд байгаа юм биш үү?

-Юу
нь эмгэнэлтэй байгаа юм бэ. Өөртөө л гоё үхлээ шүү дээ. Хийдгээ
хийчихсэн, хүссэнээ авчихсан. Чи түүнийг бусдад л гоё үхүүлэх гээд байх
юм. Дараа нь интернэтэд сүнс нь гэр дотроо явж байгаа гэрэл зургийг нь
аваад тавьчихсан байсан биз дээ. Хүмүүс сүнсэнд итгэх өдөр ирнэ ээ.

-Миний
мэдэхээр та арваад жилийн өмнө ийм байгаагүй. Одоо илүү их төгөлдөржиж.
Бас өөрийнхөө ертөнцөд гүн гүнзгийгээр итгэдэг болж тийм үү?

-Хөгжим
хүнийг хөгжимлөг болгож төгөлдөржүүлдэг. Харин үзэл бодол, итгэлийн
хувьд гэвэл ярьдаггүй л байсан болохоос ийм л байсан. Би өөрөөсөө арав
ах хүмүүстэй хамтлаг байгуулсан. Тиймээс надад дуугарах эрх, бас хүсэл
байгаагүй.

-Одоо харин та ярьдаг болчихсон юм биш үү?

-Одоо
намайг яриулах гээд байдаг болчихсон юм. Түүнээс биш би тийм их ярих
дуртай хүн бас биш ээ. Яагаад гэвэл би телевизийн хашаанд тоглож өссөн.
Ээж минь насаараа үндэсний телевизэд инженер хийсэн. Над шиг тэндхийн
хонгил, дээврийг мэддэг хүн бараг байхгүй биз. Тиймээс ч би энэ
телевиз, хэвлэлийнхнээс зугтааж явдаг.

-Аавтайгаа уулзаж байгаа юу?


Хааяа уулзана аа. Би ч аавыгаа Хамбаа гэдэг юм шүү дээ. Багадаа
салчихсан, тэгээд хоёулаа армид хамт бүрээ тоглож байсан болохоор
биднийг хүмүүс ах дүү л гэдэг байлаа. Би сүүлд аав хүү гэдгээ мэдсэн
шүү дээ. Түүнээс биш найз л гэж боддог байсан.

-Тантай нэг буулганд байх их хэцүү юм шиг ээ. Таны үзэл бодлыг ойлгож нийцэж хамт байх их төвөгтэй байх аа?

-Нийцэхгүй бол тэгээд л салчихна шүү дээ. Заавал нийцүүлэх гэж зүтгээд яах юм.

-Таны хувьд энэ сонин биш гэж үү?

-Сонин биш.

-Та үргэлж ийм байсан уу?

-Тийм л болж таарлаа даа. Урьд насандаа ч ийм байсан байх.

-Тэгээд
энэ чинь хайрлахтай яаж холбогдож байгаа юм бэ. Таныг хайрлаж, таньтай
хамт амьдарч байсан бүсгүйчүүдийг та хайрлая гэж бодоогүй юу?

-Миний
ажил арай их байсан юм. Намайг дуулуулсан нь дээр гээд ярианы эхэнд
ярьчихсан байх аа. Ард түмэн намайг дуулуулах гээд байхад хажууд байгаа
нь бүр илүү зүтгэх ёстой биз дээ. Би ингэж л боддог. Тэгж чадахгүй бол
зам замаа бодсон нь дээр. Найз л байсан нь зөв.

-Тэгэхээр тэд тэгээгүй гэсэн үг үү?

-Тэгэлцсээн
гэсэн үг. Гэхдээ тодорхой хугацаагаар. Надтай цуг байна гэдэг хэцүү
байхгүй юу даа. Миний замаар явах тийм амар биш.

-Чирэгдэх үү?

-Ёстой
нөгөө сүйд болно гэдэг л болно /инээв/. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг
гүйцээх зав ч олдохгүй. Гэхдээ хожим тэд намайг буруутгахгүй. Гучин
жилийн ойгоор бүгдээрээ цэцэг барьж ирнэ гэдгийг би сайн мэдэж байна.
Тэр л надад хангалттай. Би одоо ч тэдэнд хайртай, хайрлана. Би олон
гүүтэй азарга шиг амьдарч болохгүй юм уу. Нөхөртэй болчихсон байлаа ч
хүн дээрэлхвэл нөхөртэй нь хамт хамгаална. Манай Болоож “Алтан гадас”
одонгийнхоо найран дээр ирсэн хуучин эхнэрээ хүмүүс танилцуулахдаа
“Танилц энэ манай яагаав нөгөө “салийгаач”. Таньж байгаа биз дээ. Аа
энэ хажууд нь сууж байгаа нь манай хүргэн” гэж байсан удаатай.
Урлагийнхан ийм л байдаг. Манай гурван эхнэр хоорондоо найзууд шүү дээ.
Нийлээд л намайг шүүмжлээд, пиво уугаад буу халаад л явцгааж байдаг.
Манай хүүхдүүд бүгдийнхээр нь хэсээд л. Бүгдтэй нь найз юм чинь. Зарим
нь арай залуу байна шүү дээ. Надаас арав дүү байхаар чинь манай хүүд
эгч болчих жишээтэй.

-Хүү чинь хэдтэй юм бэ?

-Одоо их сургуульд орно. 18-тай.

-Дуулах авъяастай юу?

-Эрх
биш ээж нь бүжигчин юм чинь жаахан юм байлгүй дээ. Намайг шоронд байхад
нэг хамтлаг байгуулаад дуулсан байсан. Би сонссон, яахав дажгүй ээ. Би
ер нь чих их онцгой эрхтэн гэж боддог. Хүү маань овоо чихтэй юм шиг
байна билээ. Бас ном их уншдаг нь надад их таалагдаж байгаа.

-Ирээдүйн талаар та юу гэж боддог вэ?

-Хэлмэгдүүлэлтийн
үед их олон лам, эрдэмтнийг хороосноос болоод “Монголын заяа гомдсон”
гэж үг гарсан гэсэн. Харин 1990-ээд оноос хойш эсрэгээрээ “Монголын
заяа их ээ” гэдэг үг дэлгэрсэн. Тэгэхээр ийм сайхан үг гараад л байвал
удахгүй бүх зүйл сайхан болно. Үгийн хүч их ээ.

-Монгол
хүн тэнгэрээс тамгатай төрдөг гэж бахархан ярьцгаадаг. Гэтэл сүүлийн
үед дөрвөн хүүхдийн нэгд л энэ толбо байна гэж яригдаад байгаа. Энэ
талаар та юу гэж боддог вэ?

-Тэр
толбогүй төрөөд байгаа гурван хүүхэд монгол хүүхэд мөн ч юм уу, биш ч
юм уу хэн мэдэх юм бэ. Үүнийг зөвхөн ээж л мэднэ шүү дээ. Тэр ээжтэй л
ярих хэрэгтэй байна даа. Аав бол өрөвдмөөр шүү дээ, хөөрхий. “Май, энэ
чиний хүүхэд” гэвэл “Хэ хэ хэ” гээд л тэврээд авна. Би л бол тэгнэ.
Надад угаасаа хүний өөрийн хамаа ч байхгүй. Хүүхэд л бол хүүхэд.
Ингэхэд та нар орой тоглолт дээр хараара.  Хүүхэд хамгийн үнэнч фэн
байдаг. Би бүх тоглолт дээр тэдэнтэй л ойрхон байдаг. Толголт тарахад
хүүхдүүд л машин дээр шавчихсан байдаг. “Сар шиг хол“-ыг дуулахад тэд л
бүтэн мэдэж, нялх хоолойгоороо түрэн дуулдаг. Монгол хүүхдүүд ингэж өсч
байгаад би баярладаг. Яадаг юм, тэд “Сайхан монгол бүсгүйг санахгүй
гээд яахав” гэж өсөг. Гадаад хүнтэй сууж яах юм бэ. Тэд Монголоороо л
байг. Монгол үр удмаа үлдээх хэрэгтэй. Хэт үндсэрхэг энэ тэр гэж
сүржигнээд яахав. Монгол үндэстэн байх хэрэгтэй биз дээ. Тэгж байж
даяарчлал ярья. Түүнээс биш Монголгүй даяарчлалаар яах юм. Ийм сайхан
өргөн уудам нутагтай юм чинь орос, хятадыг холбосон маш гоё зам
тавьчихаад, дээгүүр нь бас онгоцыг нисгээд татварыг нь аваад байж байя
л даа. Хэтэрхий их хувиа хичээгээд хэрэггүй ээ. Насныхаа залууд бол
хувьсгалаа хичээж байсан нь дээр. Аяндаа хөгширнө. Тэр цагт хувиа
хичээхгүй юу.

-Та өөрөө харин хамгийн их хувиа хичээсэн хүн юм биш үү?

-Миний
ийм байгаа нь хувиа хичээгээгүй, дуулахын тулд ийм байгаа юм гэж би
хэлсэн. Надтай хамт үүнд зориулагдвал зориулагд. Үгүй бол замаа бод.

-Зориулагдах хүн олдох болов уу?

-Тулгахгүй шүү дээ. Би ард түмэндээ өртэй хүн. Тэд намайг сайхан дуулдаг л гэж бодож байгаа бол би өртэй.

-Гэхдээ хувь хүнийхээ хувьд харамсалтай биш үү?

-Харамсалтай
гээд яах юм бэ. Харамсах л байсан бол би энэ замыг сонгохгүй байх
байсан. Харин би аль хэдийн энэ замаа сонгочихсон.

-Тэгвэл та тэр чигээрээ бусдынх гэсэн үг үү?

-“Нийгмийн
хонгор” гэдэг шиг л явна даа. Миний юм гэвэл уртаашаа энэ савхин
хувцас, өргөөшөө нэг саарал машин л байна. Миний Монголын ард түмэнд
хэрэгтэй бол дуулж л явъя.

-Эмэгтэйчүүд таныг орхичихдог юм уу, та тэднийг үү?

-Би
тэднийг явуулж өгдөг гэх үү дээ. Хаяад явж арай чадахгүй ээ. Хэцүү шүү
дээ. Би хаягдсан хэсгийг нь хүлээдэг. Тэгээд гурван сар орчим сонин
болно, архи ууна. Тэгээд л ажилдаа гарна, мартахыг хичээнэ. Тэгэхгүй
бол дуулахад хэцүү. Маш их энерги хэрэгтэй. Ямартай ч эхнэртэй байгаад,
яг тоглолтын өмнө хэрэлдчихвэл тэгээд л дуугарахгүй. Бүүр орилоод
байхад л дуу гарахгүй. Их сонин.

-Таны эмэгтэй олдоогүйд би үнэхээр харамсч байна.

-Олдчихсоон. Цаана чинь байж байна.

-Та итгэлтэй байна уу?

-Бид
бараг гурван жил хамт байлаа. Би аймаар дурлаагүй ч гэсэн ядаж л намайг
хоёр жил шоронд эргэснийх нь хариуд баярлуулах хэрэгтэй. Тэр хүн ч
намайг хайрласныхаа төлөө баярлах эрхтэй. Яадаг юм бэ, нэг ч гэсэн
Монгол охин баярлаж яваг. Тэд баярлах эрхтэй. Би ер нь эмэгтэйчүүдийн
талд, Монгол охидын талд байдаг. Монгол л бол би биеэ үнэлэгч байсан ч
бусдаас өмөөрнө. Тиймдээ ч би биеэ үнэлэгч охидыг өмөөрч Солонгосыг
зодоод баригдаж л байлаа. Энэ миний зөв. Тэд яагаад эх нутагт минь
ирчихээд бидний охидыг доромжлох ёстой юм бэ.

-Та миний асуух гээд байгааг бүрэн ойлгосонгүй

-Сонссонгүй.

-Таныг бүрэн дүүрэн ойлгох эмэгтэйтэй та хэзээ ч учирч байгаагүй юм байна, тийм үү?

-Яаж тийм хүн байх юм бэ. Байхгүй ээ, байхгүй.

-Хүмүүс бие биедээ зорулагдаж төрдөг гэдэгтэй та санал нийлдэггүй юм уу?

-Худлаа. Ээж, аав нар аймаар их тэвчээр гаргаж байж насаа бардаг байхгүй юу.

-Тэвчээр
хайраас ундарна шүү дээ. Тэвчихийг хичээх ямар ч шаардлага байхгүй.
Хайртай л бол бие биедээ бүрэн зориулагдахад бэлэн байдаг?

-Тэгээд чи тэднийг шүүмжлэх гээд байгаа юм уу.

-Үгүй

-Тэгээд намайг уу

-Тийм

-Яах юм бэ намайг тэгж. Дуугаа л дуулаад явж байг л дээ.

-Би таны өмнөөс харамсч байна?

-Би харамсаагүй байхад чи харамсч яах юм бэ. Хайран энерги боль.

-Та өнөөдрийг хүртэл тал яваа юм байна?

-Ажлаа бүтэн хийж л байвал яадаг юм бэ?

-Тал биеэс хэзээ ч бүтэн ажил гарахгүй?

-Тэгээд чи намайг дутуу дуулдаг гэх гээд байгаа юм уу?

-Ямар нэг байдлаар дутуу л гэж ойлгож байна?

-Миний дууг сонсоод дутуу зүйл олоод харчих. Тэгвэл чамд итгэе.

-Энэ талаас нь яриагүй. Хүний зүрх сэтгэлд юу байна, тэр зүйл нь ундран гардаг?

-Тэрийг чинь надтай надгүй онгод тэнгэр хийчихдэг юм.

-Эмэгтэй хүн эр хүний төлөө бүтээгдсэн гэдэг биз дээ?

-За даа, тийм ч арай биш ээ. Би бол эрэгтэй хүн эмэгтэй хүний төлөө бүтээгдсэн гэж хэлнэ.

-Тэгээд энэ талыг чинь онгод тэнгэр гүйцээхгүй биз дээ?

-Дуу
хуур гэдэг чинь тэнгэрийн өмч учраас онгод тэнгэр л ажлаа хийчихнэ.
Миний амьдралаар амьдраад үзвэл чи ойлгоно. Бусдын төлөө явж байгаад
дуусах сайхан. Зул болоод л дуусна.

-Гэхдээ зөвхөн өгөөд байж болохгүй биз дээ?

-Би
өгсөнийхөө хирээр хаа нэг газраас ямар нэг юм авч л байгаа. Хэрэв чиний
хэлдгээр тийм аймаар тал л байсан юм бол аль хэдийнээ “чад хийчихсэн”
байх байсан. Яахав нэг талаараа тал амьдралтай мэт байна л даа. Өрөөсөн
нүдгүйгээр орчлонг хараад 21 аймгаа тойроод л ирлээ.

-Нэг нүд чинь бүр харахгүй байгаа юм уу?

-Харахгүй байгаа. Эрхбиш хүн байгааг л мэдэрнэ. Болор цайх гэдэг өвчин гэсэн.

-Юунаас болоод ийм болчихов оо?

-Шоронд
ном уншаад л. Тэнд камерийн хаалган дээр жижигхэн торны цаанаас
хонгилын гэрэл тусна. Тийм гэрэлд ном уншсаар байгаад ийм болчихлоо.
Уншихгүй гээд яах вэ, ямар уйлаад хэвтэж байлтай биш. Уншаад л юм бодож
байсан нь дээр биз дээ. Ах нь яахав дээ өөрийнхөөрөө л амьдарч явна.
“Амьдрал минь өөрийнхөөрөө. Авсанд орохоороо та нарынхаар” гэдэг шүү
дээ. Би хүүдээ намайг үхэхээр аваачиж булна уу, шатаана уу өөрсдөө
мэдээрэй. Бас зураг үзэхээр бол Чука ахаасаа аваарай гээд захичихсан.
Хүмүүс айдагаа авдрандаа хийнэ гэдэг бол би “Айдгаа авсандаа
хийчихсэн”. Тэгээд л одоо айдасгүй явж байгаа. Ингэж яваад л үхнэ.
Үхээд үзчихсэн болохоор бусадтай адил үхэхээс айж явдаггүй. Харин
амжихгүй үхчих вий гэдэг айдас л надад байдаг. Тэгээд ч надад айж
шаналж суух зав байхгүй. Тэрнийхээ оронд хоёр үг гоё олоод холбочих
юмсан гэж хүсдэг. Би оддын тоогоор наслаарай гэдэг үг олсондоо өөртөө
их баярласан.

Миний Монголын сарангоо эхчүүдийн сэтгэлд шаналал бүү байгаасай

Миний Монголын хацар гоо охидын нүдэнд гуниг бүү үзэгдээсэй

Миний Монголын зоригт хөвгүүдийн хийморь нь өөдөө байгаасай

Миний Монголын домогт аав нарын хүсэл нь холыг туулаасай

Миний Монголын газар шороо мөнхөд бүтэн байгаасай

Миний Монголын эх орон оддын тоогоор наслаасай гэж зургаан мөр шүү за юу. Ийм л юм бодно шүү дээ. Би өөр юм бодохгүй.

 -Та үсээ хусуулчихсан юм уу?

Би
хусуулаагүй ээ. Засан засчихгүй юу. Үсээ өгөөд оронд нь нэг CD-ний
эхтэй л гарч ирлээ. Түрээсийн мөнгө, тогны мөнгө төлөлгүй ажлаа
хийчихсээн. Хуйхтай үс ургана, хугацаатай ял дуусна. Эр хүн шиг л байх
хэрэгтэй. Сүүлийн үеийн энэ туранхай гонжийсон охидууд шиг залуусыг
харахаар уур хүрээд байна шүү.

-Таны үс таны чимэг байсан. Та харамсаагүй юу?

-Юунд нь харамсах юм бэ. Адууны дэл ч адуундаа чимэг л байдаг биз дээ. Тэглээ гээд яахав. Дийлэх биш дээ, дүү минь.

-Танд харамсдаг зүйл бий юу?

-Байлгүй
яахав. Хүнд тийм юм зөндөө л байдаг. Тэглээ гээд түүнийгээ дотроо
хадгалаад л яваад байж болохгүй. Хамаг энерги чинь алга болно. Гэхдээ
миний хувьд тийм аймаар харамсаад байх зүйл цөөхөн л дөө. Би 23 настай
“Харанга” –ын дуучин болж байсан. 20 настай орчихсон бол бас нэг гурван
жил гэж л харамсдаг. Гэхдээ ер нь ямар ч хэцүү асуудал надад байсан би
тайзан дээр гарахаараа мартчихдаг.

-Эрэгтэй
хүмүүсийг чулуу шиг бүхнээ дотроо хадгалж явдаг болохоор эмэгтэй хүнээс
илүү хурдан хөгширдөг гэдэг. Та түүнтэй санал нийлдэг үү?

-Би
бол тийм биш ээ. Гэхдээ манай ангийн хүүхдүүд намайг эргэсэн. Тэднийг
харахад зарим нь надаас хөгшин харагдаж байна билээ, зайлуул. Зарим нь
бүүр өвөө болчихсон явна билээ. Ер нь бол эмээ үлддэг хорвоо шүү дээ.
Гэхдээ урлаг хүнийг тийм болгохгүй ээ.

-Таныхаар баян хүн гэж хэнийг хэлэх вэ?

-Элэг
бүтэн байх л хамгийн дээд баян шүү дээ. Ах дүү, аав ээжтэйгээ байнга
холбоотой бай. Нэг л мэдэхэд явчихыг хэн байг гэх юм. хүмүүс их
дураараа “төд наслаад үхнэ ээ” гэж яриад байдаг юм. Тэгэхээр нь миний
уур хүрчихдэг. Тэрнийхээр болдог юм гэж хаашаа харсан юм байх вэ.
Өнөөдөр ч үхэхийг хэн ч үгүйсгэхгүй. Тиймээс бие биедээ хайртай бай.

-Та хөгширчихэж…?

-Тийм ш дээ. Би одоо 43 тай

-Тэгээд та хайргүйгээр амьдарч байна?

-Зүрхний хайр дурлал уу.

-Тийм.

-Хэрэггүй ээ

-Та тийм болохоороо л хөгшрөөд байгаа юм биш үү?

-Би
хайраар амьдарч байна. Би ээжийгээ сайхан байлгахын төлөө, сайхан
дуулахын төлөө амьдарч байна. Өөр хэрэгтэй юм байгаа юм уу.

-Байна.

-Юу байна?

-Хайр, эр эмийн бүтэн хайр?

-Зөвхөн
хоёрын хайрыг л хайр гэдэггүй юм шүү. Хорвоог тэр чигээр нь хайрлахыг
хайр гэнэ. Энэ нь гоё. Хүмүүс нэгнийхээ хөнжил, түрийвч рүү өнгийх
хэрэггүй. Бие биеэ хайрлахад л болно. Яахав чамд тэгж хоёулаа жаргалтай
байх нь гоё байгаа бол тэгээд л яв. Би тэрийг чинь хараад л кайф
авчихна. Би ийм л хүн. Тийм их юм мэдэх гэж хичээгээд ч бас яах юм бэ.
Зүгээр л бусдыгаа хайрла. Хүн мэдэхийнхээ хэрээр зовдог. Бас сөөм олз
олоход цаана нь алд шунал нэмэгдэж байдаг. Түүнийгээ хүн мэддэггүй
гэсэн.

-Гэхдээ ямар нэгэн шунал байж гэмээнэ амьдрал урагшилдаг юм биш үү?

-Тэнцүүлэх
л хэрэгтэй. Яг л нар сарны адилаар. Тэр хоёр хоногийг эвтэйхэн
хуваагаад ээлжилж байгаа шиг л байсан нь дээр. Аль нэг нь хэтэрвэл
тэгээд л буруудна. Гэхдээ шунал гэхээсээ илүү хөгжих, дэвших, тэмүүлэх
гэж яривал миний санасантай дүйцэх байх. Бас хүсэл мөрөөдлөө биелүүлэх
гээд сайхан үг байна. Бурхан бүгдийг бүтээсэн хэрнээ ганцхан зүйлийг
хүнд өөрт нь өгсөн юм гэсэн. Тэр нь хүсэл бодол. Түүнийгээ цайруулж
байж сая хүн болох байх даа.

-Өнгөрсөн хугацаанд тайзаа их санав уу?

-“Харанга”–ыгаа
л их саналаа. Тайз бол яахав дээ. Хаана ч дуулсан тэр тайз шүү дээ.
Одоо энэ өрөөнд тоглосон ч тайз. Тэр буланд хөгжмөө засаад л хэдүүлээ
дуулчихад тайз л болно биз дээ. Гадаадад очихоороо бид нар тэгдэг шүү
дээ. Энэ дуучид нэг их Европоор аялан тоглолт хийгээд ирлээ энэ тэр
гэхээр би бүүр өмнөөс нт иччихдэг. Үхсэнийх нь аялан тоглолт байдаг юм.
Тэднийг ямар Англи, Герман үзэх биш. Худлаа шүү дээ. Хөөрхий хэдэн
Монголчууд ингээд л сууж байдаг бйахгүй юу. Надад өөрийн баяр биш
хүмүүсийн баярлаж байгааг харах гоё байдаг. Би өөрийнхөө чаддаг юмаар
тэдэнд өчүүхэн ч гэсэн баярыг өгч байна даа гэж бодох л надад баяр.

-Шинээр гарч ирж байгаа зарим дуучид дуулах гэдэг нь өөрсдийгөө харуулах явдал гэж ойлгоод байх шиг?

-Тийм
ээ, нэг их гоё амьтан болох гээд л. Гэхдээ хиймэл юм чинь хйимэл л шүү
дээ. Чамд хиймэл цэцэг өгвөл чи ч гэсэн сэтгэлийг нь бодоод худлаа
хиймэл баярлана биз дээ. Харин сарнай өгвөл өөр тийм үү.

-Та түрүүн эмээ үлддэг хорвоо гэсэн. Яагаад өвөө үлддэггүй юм бол?

-Эрчүүд
юмны түрүүнд явдаг болохоор эрт элэгддэг юм байлгүй. Гэхдээ олон ээжийн
нуруун дээр Монгол айлын амьдрал байна даа. Тиймээс би эмэгтэйчүүдээс
их ичдэг. Бас тэднийг хайрладаг. Эрчүүд чинь зайлуул их хэврэг.

-Хэврэг гэхээсээ илүү бааштай юм биш үү?

-Чи
бол ээж байхгүй юу. Харин эрчүүд үсрээд л аав гэдэг нэр авна. Тэгэхээр
хүүхдээрээ байж байгаад үхнэ гэсэн үг. Эрчүүд гэдэг чинь нэг мөөмнөөс
салаад, нөгөө мөөмөн дээр очдог шүү дээ. Тэгэхээр мөөмнөөсөө зүүгдсээр
байгаад үхэж байгаа хэрэг. За зөндөө ярьлаа. Ах нь одоо ингээд ажилтай.
Үүгээр дуусгах уу.

-Тэгье,
ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны хэлснээр хөнжил, түрийвч хоёр руу
өнгийлгүйгээр олох гэж эрснээ олсондоо баяртай байна.

-Харин гадуур тийм нэг хөгийн юм байгаад байгаа шүү, тийм ээ. За баяртай.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж