Хөрөнгө, орлогоо буруу мэдүүлэгсдийг сонслоо

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Хөрөнгө, орлогоо буруу мэдүүлэгсдийг сонслоо


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх сэдэвт нээлттэй сонсгол зохион байгууллаа. Нээлттэй сонсголыг Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ удирдаж, УИХ-ын Авлигын эсрэг бүлгийн гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Х.Жекей нар оролцсон юм. Мөн хөрөнгө орлогоо хугацаанд нь мэдээлээгүй, худлаа мэдээлсэн албан тушаалтнууд, тэдэнд хариуцлага тооцох эрх бүхий албан тушаалтнууд, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны улс төрийн ажилтнууд, Азийн сан, Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын ажилтнууд, ажиглагчид, сэтгүүлчид нээлттэй сонсголд оролцлоо. Энэ нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр хүний эрх хэрхэн зөрчигдсөн талаар хийсэн нээлттэй сонсголын дараа болж буй хоёр дахь том сонсгол болов.

Ажлын хэсгийн ахлагч эрхэм гишүүн Ж.Сүхбаатарын хэлснээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос парламентын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, амьдрал дээр хэрэгжилтийг нь сайжруулах зорилгоор Авлигын эсрэг бүлэг ажиллаж байгаа ажээ. Нээлттэй сонсголыг хууль зүйн дараах үндэслэлүүд дээр тулгуурлан хийжээ. Нэгд, УИХ хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх, хоёрт, Авлигын эсрэг хуулиар хөрөнгө орлогын мэдүүлгийн биелэлтийг АТГ олон нийтэд мэдээлэх үүрэгтэй, гуравт, тэр чиглэлээр УИХ мэдээлэл авах, асууж тодруулах эрхтэй гэсэн үндэслэлээр нээлттэй сонсголыг хийжээ. Гишүүн  Ж.Энхбаяр олныг бухимдуулах гол үндэс болсон авлигатай үндэсний хэмжээнд тэмцэх цаг болсон гээд Монгол Улсыг авлига гэдэг үзэгдэл эмзэг болгож буйг онцолсон юм. Тэрбээр “Ашигт малтмалаар улбаалж гаднынханд Монголыг сонирхох сонирхол их болсон. Авлигатай тэмцэх үйл ажиллагааг иргэний хөдөлгөөн болгон өрнүүлэх шаардлагатай. Бид нээлттэй сонсгол хийснээрээ АТГ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох гээгүй гэсэн бол гишүүн Х.Тэмүүжин нийгэмд байгаа гурван асуудалд хариулт өгөхөд дөхөмтэй болгох үүднээс нээлттэй сонсголыг хийхээр болсноо танилцууллаа. Эдгээр нь олон нийтэд авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл байгаа эсэх, Авлигын эсрэг хууль яагаад хэрэгтэй болох, Монголд хариуцлагын тогтолцоо байна уу, хуулийн хэрэгжилт яагаад сулардаг, хүчгүйддэг вэ гэсэн асуултуудад сонсгол хариу болно гэж тэрбээр хэлсэн юм.

Ингээд АТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Ж.Батсайхан эхний мэдээллийг хийлээ. Түүний танилцуулснаар АТГ-аас 2009 онд нийт 42 албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлснийг тогтоож, хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллагад нь асуудлыг тавьжээ. 2010 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 21 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцуулахаар мөн холбогдох байгууллагад нь асуудлыг тавьсан байна. Үүнээс 13 албан тушаалтанд хариуцлага тооцсон хариу ирж, гурван албан тушаалтанд хариуцлага тооцоогүй бол үлдсэн таван албан тушаалтны хариуцлага тооцож хариу ирүүлэх хугацаа дуусаагүй байгаа ажээ. Ингээд хөрөнгө оруулгын мэдүүлгийн зөрчил гаргасны улмаас нээлттэй сонсголд дуудагдсан албан тушаалтнууд, тэдний зөрчлийг танилцууллаа. Эхнийх нь хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд бүртгүүлээгүй албан тушаалтнууд байв. Тэд нь Дорнод аймаг дахь Гаалийн газрын байцаагч Г.Болортуяа, Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ж.Туяацэцэг нар юм.

Г.Болортуяа 2010 онд бүртгүүлэх Хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд бүртгүүлээгүй Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалтыг зөрчсөн бөгөөд Гаалийн Ерөнхий газрын даргын 2010 оны 172 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Ж.Туяацэцэг мөн л Хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд бүртгүүлээгүй, Татварын Ерөнхий газрын даргын 2010 оны 210 тоот тушаалаар албан тушаалын сарын цалинг хоёр сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Үүний дараа хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдээлсэн албан тушаалтнуудыг нэрлэв.

Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав нь мэдүүлэг гаргагчийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөлд бүртгэлтэй дөрвөн орон сууц, Дорнод аймгийн Хэрлэн суманд гурван орон сууц, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэг орон сууц,

Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилга, хоёр давхар хувийн байшинг бусдад борлуулсны 50,0 сая төгрөгийн орлого, өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө оруулж 23 хувийг эзэмшдэг “Дорнод” ХХК-ийн хөрөнгө оруулалт, мөн өөрийн хөрөнгө оруулж 35 хувийг эзэмшдэг “Жадав” ХХК-ийг тус тус мэдүүлээгүй байжээ.
Ц.Жанлавт хариуцлага тооцуулахаар Монгол улсын Ерөнхий сайд болон Дорнод аймгийн ИТХ-д хоёр удаа асуудлыг тавьсан боловч хариуцлага тооцоогүй аж.

ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурц өөрийн эзэмшлийн 58-67УБП “Вольксваген” авто машин, гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй нэг орон сууц, өөрийн үүсгэн байгуулсан УБЕГ-т бүртгэлтэй “Грандстепп” ХХК, мөн БНСУ-д бүртгэлтэй “Грандстепп” компанийг тус тус мэдүүлээгүй.Ц.Хурцад хариуцлага тооцуулахаар ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад асуудлыг тавьсан боловч санаатай худал мэдүүлсэн үндэслэл тогтоогдохгүй байгаа тул Төрийн албаны тухай хуулиар хариуцлага тооцох боломжгүй гэсэн хариу ирүүлжээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан өөрийн өмчлөлийн нэг орон сууц, өөрийн үүсгэн байгуулж хөрөнгө оруулсан “Дэлгэрэх Эл Эй” ХХК,  2007 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт байгууллагаас нийгмийн асуудлыг шийдвэрлэх буцалтгүй тусламжаар олгосон 10,0 сая төгрөгийн орлого, Голомт банкин дахь төгрөгийн хадгаламжаа тус тус мэдүүлээгүй байна. Л.Амгаланд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009 оны 559 дүгээр захирамжаар албан тушаалын цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах арга хэмжээ тооцсон талаар хариу ирүүлсэн аж.

МИАТ ХК-ний захирал Р.Бат-Эрдэнэ суудлын автомашин борлуулсан 6500 ам.долларын орлого, нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх зуслангийн хоёр байшин, гэр бүлийн гишүүний хөрөнгө оруулж хувьцаа эзэмшдэг “Аракнидс” ХХК, 20 толгой үхэр, гэр бүлийн гишүүний 24000 ам. доллараар худалдан авсан суудлын машины талаарх их хэмжээний өөрчлөлтийг тус тус мэдүүлээгүй байна.

Түүнд хариуцлага тооцуулахаар МИАТ ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Сугар, Зам тээвэр,барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт 2010 оны гуравдугаар сарын 30-ны өдөр албан тоот хүргүүлсэн боловч хариуцлага тооцоогүй, хариу ирүүлээгүй байна. Ашигт малтмалын газрын дэд дарга Б.Эрдэнэбилэг нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны долдугаар сарын 10-ны өдрийн 170 тоот тушаалаар Ашигт малтмалын газрын дэд даргаар томилогдсон боловч хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж арванхоёрдугаар сарын 14-нд гаргаж өгчээ. МИАТ ХК-ний ТУЗ-өөс олгосон урамшуулал болох 73,1 сая төгрөгийн орлого, гэр бүлийн гишүүний үүсгэн байгуулж хувьцаа эзэмшдэг “Рийчкашмер” ХХК-ийг тус тус мэдүүлээгүй аж. Түүнд хариуцлага тооцуулахаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод 2010 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр албан шаардлага хүргүүлсэн боловч хариуцлага тооцоогүй, хариу ирүүлээгүй байна.

Улаанбаатар хотын Гаалийн газрын дарга С.Цэцгээ 2006 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг 2007 оны арваннэгдүгээр сарын 4-нд,  2007 оныхыг 2008 оны  аравдугаар сарын 8-ны өдөр тус тус хугацаа хожимдуулж бүртгүүлсэн. 2006 оны мэдүүлэгт Баянгол дүүрэг дэх нэг орон сууц, 2006, 2007 оны мэдүүлэгт Сүхбаатар дүүрэг дэх хувийн сууц, 2008 оны мэдүүлэгт автомашины зогсоол, гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй хоёр үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн гишүүний үүсгэн байгуулж хувьцаа эзэмшдэг 14 ХХК-ийн хөрөнгийг тус тус мэдүүлээгүй байна. С.Цэцгээд ГЕГын даргын 2009 оны аравдугаар сарын 8-ны өдрийн 510 тоот тушаалаар албан тушаалын зэрэг дэвийг нэг жилийн хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, зэрэг дэвийн нэмэгдэл 25 хувийг сахилгын шийтгэл дуустал олгохгүй байх арга хэмжээ авсан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геологи уул уурхай, цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Төмөрбаатар 2007 онд суудлын авто машин борлуулсан 3000 ам.долларын орлого, 2008 онд орон сууц борлуулсан 63,0 сая төгрөгийн орлого, суудлын авто машин борлуулсан 35000 ам.долларын орлого,

гэр бүлийн гишүүний үүсгэн байгуулж хувьцаа эзэмшдэг “Т энд Би” ХХК-ийн хөрөнгө, 2008 оны мэдүүлэгт 65,0 сая төгрөгөөр үнэлсэн зуслангийн байшинг тус тус мэдүүлээгүй аж.

Д.Төмөрбаатарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2009 оны есдүгээр сарын 4-ний өдрийн 520 тоот тушаалаар 2009 оны есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн тухай албан бичгийг ирүүлсэн боловч эргэж ажилдаа томилогдон ажиллаж буй юм байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Нямдорж өөрийн өмчлөлд бүртгэлтэй нэг орон сууц, гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй мөн нэг орон сууц, өөрийн болон гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй хоёр суудлын автомашин, өөрийн болон гэр бүлийн гишүүний үүсгэн байгуулж хувьцаа эзэмшдэг “Шифр” ХХК, “Энхийг цацруулагч” ХХК-ийн хөрөнгийг тус тус мэдүүлээгүй. Түүнд нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2009 есдүгээр сарын 4-ний өдрийн 520 тоот тушаалаар 2009 есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн тухай албан бичгийг ирүүлсэн боловч эргэж ажилдаа томилогдон ажиллажээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техник хяналтын улсын ахлах байцаагч асан, одоо МХЕГ-т ажиллаж байгаа Ц.Бор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй хоёр орон сууц, өөрийн нэр дээр бүртгэлтэй өрхийн хэрэгцээний газар, гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй зуслангийн газар, Архангай, Төв аймагт байрлалтай тариалангийн зориулалттай газар,

өөрийн болон гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй хоёр суудлын автомашин,

гэр бүлийн гишүүний үүсгэн байгуулж хувьцаа эзэмшдэг “Хөх үзүүр” ХХК,
“ХААН”, “Зоос” банкин дахь гэр бүлийн гишүүдийн хадгаламжийг тус тус мэдүүлээгүй байжээ. Ингээд МХЕГ-ын даргын 2009 оны 216 тоот тушаалаар албан тушаалын цалинг гурван сарын хугацаатай 20 хувиар бууруулахаар сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Дорноговь аймгийн Замын Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх нь өөрийн үүсгэн байгуулж хөрөнгө оруулсан “Ган торх” ХХК, “Аржарантай” ХХК, 2008 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт Анод банкнаас авсан зээлийг тус тус мэдүүлээгүй ажээ.

Түүнд Дорноговь аймгийн Засаг даргаас 2009 оны арванхоёрдугаар сард албан тушаалаас нь түр түдгэлзүүлсэн тухай хариу ирүүлсэн боловч эргэж ажилд нь томилсон. Хариуцлага тооцоогүй байна.

Ашигт малтмалын газрын Геологи, судалгааны хэлтсийн тасгийн дарга М.Энхжаргал гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй нэг орон сууц, гэр бүлийн гишүүний хувьцаа эзэмшдэг нэр бүхий 14 ХК-ний хувьцаа, ХАС,  Хадгаламж банк дахь гэр бүлийн гишүүдийн хадгаламжийг тус тус мэдүүлээгүй хоцроожээ.

Түүнд  Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 390 тоот тушаалаар албан тушаалын цалинг гурван сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Дээрх мэдээллийг сонссоны дараа Хөрөнгө орлогын мэдүүлгээ цагт нь гаргаагүй болон худал мэдүүлсэн албан тушаалтан, тэдний хариуцагч нарын тайлбарыг сонслоо. Эхлээд Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ж.Туяацэцэгийн тайлбарыг сонслоо. Тэрбээр 80 нас хүрсэн ээжийн хамт гэр хороололд амьдардаг. Ээж нь цус харваж сэхээнд 5-6 удаа хэвтсэн, одоо бие нь маш хүнд байгаа ажээ. Гэрээс өөр нууж хаах хөрөнгө байхгүй гэдгээ тэрбээр хэллээ. Түүнд хариуцлага тооцох албан тушаалтан болох Татварын ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатар “Ж.Туяацэцэг 2009 оны арванхоёрдугаар сарын 7-ноос 2010 оны хоёрдугаар сарын 8 хүртэл гурван том эмнэлэгт цус харвасан 80 настай ээжийгээ сахисан. Хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь авчирч өгч чадаагүй. Түүнд хариуцлага тооцох хэцүү байсан. Ингээд хоёр сарын цалинг нь 20 хувиар бууруулсан. Халах, огцруулах хууль зүйн үндэслэл байхгүй гэлээ.

Ингээд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ зөрчил гаргасан бусад албан тушаалтнууд, тэдэнд хариуцлага тооцох албаны хүмүүсийн тайлбарыг хүргэе.

Г.Болортуяа:

-Хоёрдугаар сарыг хүртэл би өвчтэй байж, давтан хагалгаанд орсноос мэдүүлгээ гурав хоногоор хоцроож өгсөн.

ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав:

-Г.Болортуяа гаалийн байгууллагад өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс ажилласан. Анх удаа хөрөнгө орлогоо мэдүүлж байгаа. Энэ оны эхээр эмчийн буруугаас хоёр удаа хагалгаанд орж биеийн байдал хүнд байснаас мэдүүлгээ гурав хоногоор хоцроосон. Цалингаас өөр орлогогүй. Бид сахилгын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзээд сануулах арга хэмжээ авсан. ХҮДС, МУБИС, Компьютер менежментийн сургууль төгссөн. Магистрант. Цаашид бид ажиллуулах хүсэлтэй.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Авлига бол нийгмийн үзэгдэл. Энд улс төр бус төрийн үйл ажиллагаа явж байна. Хуульд өвчтэй байвал яах вэ гэх зэргийг тусгаж өгөөгүй нь дээрх байдлуудад нөлөөлсөн байна.

Д.Цэвээнжав:

-Хуульд хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь өгөөгүй бол огцруулна, хална, түдгэлзүүлнэ гэчихсэн. Сахилгын арга хэмжээг яаж авах вэ гэдгийг ГЕГ-т Засгийн газрын тогтоолоор тодорхойлж өгсөн байдаг. Өмчийн асуудалд ч анхаарахгүй бол болохгүй. Гэр бүлийн хоёрын дундын өмч нь аль, иргэний өмч нь аль вэ гэдгийг зааглаагүй байна. Албан тушаалтан бол дундын өмчөө л мэдүүлэх ёстой. Нөгөө хүний иргэний өмчийг мэдүүлэхгүй байх эрхтэй.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Хүний зовлон дээр зовлон нэмж байна. Яагаад хүний ёсоор энэ хүмүүсийн асуудалд тайлбар өгч болдоггүй юм бэ. Хуулийг амьдралд ойртуулж ойлгомоор байна. Өвдсөнийх нь төлөө энд авчраад байна шүү дээ. АТГ өөрөө авлигын индексээ бууруулж чадахгүй байна. Томуудыг нь авчирч чадахгүй завхруулаад алга болгодог. Томчуудыг хөдөлгөж чадахгүй байж энэ хоёрыг авчраад суулгаж байгаа нь тааламжгүй байна.

УИХ-ын гишүүн З.Энхболд:

-Мэдүүлгийг нэг л өдөр өгчихдөг юм биш, заасан хугацаанаас өмнө өгөх ёстой. Өвчтэй, хүндэтгэх шалтгаантай бол мэдүүлгээ өгөхгүй байж болно гэж хуульд цоорхой гаргаж болохгүй. АТГ байгуулагдахаас өмнөх үеэс авлигын индекс буураад байхад дарга Ч.Сангарагчаа 45 сая төгрөгөөр байр худалдаж авсан. Үүнийг авлигыг бууруулахад зарцуулах хэрэгтэй байсан гэв. Үүний дараа хөрөнгө, орлогоо худлаа мэдүүлсэн албан тушаалтнуудын тайлбарыг сонссон юм.

Дорноговь аймгийн Замын Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх:

-300 м.кв байгууламжийг төрсөн ахдаа шилжүүлсэн. “Аржарантай” нь ХХК биш.
Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав:

-Орон сууцыг эхнэр өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэг дээр мэдүүлсэн. Миний хувьд худал мэдүүлсэн нэг ч зүйл байхгүй. Байраа нэгтгэж бичээгүй. Дүү нартаа авсан байрыг 1999, 2000 онд Засаг дарга болохоос дөрвөн жилийн өмнө, Махкомбинатын захирал байхдаа худалдаж авсан. Дорнод ХХК-ийн 270 мянган хувьцаа эзэмшдэгээ мэдүүлж байсан. Одоо шилжүүлсэн. Бидний нэр дээр байхгүй гэдгийг мэдүүлсэн. Би бизнесийн салбарт ажиллаж байсан. Хоёр давхар барилгыг худалдсан. “Жадав” ХХК-г тийм нэг төмөр склад надад бий гэж тухайн үед мэдүүлж байсан. Миний хөрөнгө буурч байгаа.

Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан:

-Орон сууц мэдүүлээгүй гэсэн байна. Хувьчлагдсан орон сууцыг барилга байгууламж гэдэгт бичилгүй андуураад үлдээснийг нуух зүйл байхгүй. “Дэлгэрэх Эл Эй” ХХК-г төрсөн дүүдээ шилжүүлсэн. Үл хөдлөх дээр бол миний нэр дээр явдаг. Хадгаламжийн хувьд карт гараагүй байхад нэг хэсэг Голомт банкны хадгаламжийн дэвтрээр цалин авдаг байсан. Сүүлд тэнд үлдэгдэл байгаа эсэхийг мэдээгүй. Харин 40 000 төгрөг үлдсэн байгаад 147 000 болсон юм байна лээ. Үүнийг нуух далд санаа байгаагүй.

Л.Амгаланд хариуцлага тооцох албыан тушаалтан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Мөнхбаяр:

-Дүүргийн Засаг дарга бол улс төрийн албан тушаал. Л.Амгаланг ажлаас халах санал ирсэн. Засаг даргыг огцруулах процепур байх ёстой. Үйлдэл тогтоогдоогүй. Цалинг гурван сараар 20 хувиар хасахаар болсон.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар:

-Дорнодын Засаг дарга Ц.Жанлавын хувьд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид гуравдугаар сарын 16-нд хуралдаж хэлэлцээд Ц.Жанлавыг огцруулахгүй байх талаар Ерөнхий сайдад уламжилсан. Албан үүргээ үр дүнтэй гүйцэтгэж байгаа. хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөхдөө хайхрамжгүй хандсан гэсэн гэв.

Ийнхүү хөрөнгө орлогоо буруу мэдүүлсэн гэх эрхмүүд тайлбар хийхдээ өөрийн буруу биш, андуурсан, эндүүрсэн, тусдаа амьдардаг үр хүүхэд, ах дүүс, тэр бүү хэл салж сарнисан эхнэр нөхрийн нэр дээрх эд хөрөнгө миний нэр дээр ороод ирж гэх зэргээр мэдүүллээ. Тодорхой шалтгааны улмаас хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаа хэтрүүлж өгсөн эхний хоёр бүсгүйгээс бусад нь хариуцлагатай албан тушаал олон жил хашиж буй хашир эрхмүүд гэхэд хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ будилсан гэдгээр халхавчилж, хариуцлага тооцох албан тушаалтнууд нь ч “андуурсан байна лээ” гэсэн үгээр хаацайлсан юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геологи уул уурхай, цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Төмөрбаатар өвчтэй гэсэн шалтгаанаар сонсголд ирсэнгүй. Харин түүнийг “Эмчийн магадлагаа ирүүлээгүй, үл тоосон маягаар ярьж явна гэсэн” хэмээн Х.Тэмүүжин гишүүн хэллээ.

Эцэст нь Авлигын эсрэг бүлгийн гишүүд байр сууриа илэрхийллээ.

Гишүүн Ж.Сүхбаатар:

-Авлига бол нэг байгууллага, нэг хүний ажил биш. Олон ажлыг цогцоор хийх хэрэгтэй. Бид авлига дунд амьдарч байна. Үүнийг халахын төлөө УИХ-д Авлигын эсрэг бүлгийг хэсэг гишүүн сайн дураараа байгуулсан.

Гишүүн Х.Тэмүүжин:

-Энд тайлбар өгсөн хүмүүс “Би мэдээгүй, хайхрамжгүй хандсан, хүнээс асуугаад ингэчихлээ”гэж өөрөөс гадагш хандсан байдлаар ярьж байна. АТГ мэдүүлэг бөглөх талаар соён гэгээрүүлэх ажил хийх хэрэгтэй. Олон нийтийн бус, албан тушаалтнуудынхаа эрх ашгийг хамгаалсан албан тушаалтан олон байгаа юм байна. Хариуцлагаас мултардаг олон арга байна. Зүүний сүвэгчээр заан чирээд гаргаад ирэх айхтар хүмүүс байдаг юм байна.

Гишүүн Ж.Энхбаяр:

-Авлигыг сүүлийн 15 жил ярилаа. Үүнтэй нийтээрээ хамтарч тэмцэхгүй бол болохгүй. Ерөнхий сайд аймгийн Засаг даргад, аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргадаа хариуцлага тооцож чаддаггүй юм байна. ИТХ нь Засаг даргаа шийтгэж чаддаггүй юм байна. Хууль дороо очоод хүчгүйдэж байна. Хуулийг хатуу болгоход анхаарах хэрэгтэй. Том хөнжлийн захыг сая сөхөөд тавьчихлаа. Одоо бүрэн сөхөх хэрэгтэй. Хөрөнгө орлогын мэдүүлгийг улам тодорхой болгох хэрэгтэй. Хуулийн өмнө тэгш байх зарчим алдагджээ. Хууль зүйн байнгын хороо үүнд улам их анхаарах хэрэгтэй. Дараа жилийн өдийд зүүний сүвэгчээр заан чирч гаргах боломжгүй болгосон байх ёстой. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хангахын тулд бүх нийтээрээ тэмцэл өрнүүлэх хэрэгтэй гэлээ. Үүгээр нээлттэй сонсгол өндөрлөлөө.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж