Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн Үндэсний их баяр наадмын ёслолын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
Эрхэм хүндэт Монгол түмэн наадамчид аа, эрхэмсэг зочид хатагтай ноёд оо,
Монголын сайхан эх орондоо болон дэлхийн олон газар наадамлаж байгаа
нийт иргэд наадамчин олондоо Монгол наадмын халуун мэндчилгээ өргөж,
хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Энэ зуны наадам сайхан эхэлж байна. Билэг билгийн дээд Монгол наадам маань энэ жил олон сайхан ерөөл билгээр дүүрэн байна.
Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсний 850 жилийн тэгш их ой өнөө жил тохиож байна.
Монголын ард түмэн өөрсдийн төлөөллөө сонгож УИХ-ын болон НИТХ-ын шинэ
бүрэлдэхүүн ажилдаа орлоо. Мөн зуны XXX олимпийн нээлт эхлэхэд цөөн
хоног үлдэж байна.
Монголоороо гоёсон Монгол наадам маань ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн болоод байна.
Монголчууд бид наадмаараа билэгтэй сайхныг хэлэлцэж, түүх соёл, өв
уламжлаараа бахархаж, гэр бүл, ахан дүүс, хотол олноороо цуглаж магнай
тэнийн баяраа хуваалцдаг.
Монгол наадмын хүндэт хоймроос азай буурал ахмадууд, цог хийморьлог
залуус, алиа бяцхан үрс ард иргэддээ болон манай наадмыг үзэж сонирхож
байгаа нийт зочид төлөөлөгчдөд сайхан наадамлахын өлзийтэй ерөөлийг
өргөн дэвшүүлье.
Түмний цэнгэл их баяр наадамдаа эр бяр, хурд шанадас, цэц мэргэнээ сорих
нийт иргэддээ аз хийморь, амжилтын дээдийг хүсэн ерөөе. Эх түүхт эрх
чөлөөт Монгол түмний цэнгэл баяр бахархал омогшлын дээд Монгол наадам
энэ цаг мөчид ийнхүү эхэлж байгааг эх цагаан сүлд билэг ерөөл бүхний
биелэл оршсон наадмын энэ хүндэт индрээс даяар олноо тунхаглан зарлаж
байна.
Сайхан наадаарай.
Мөнх хөх тэнгэр минь ээ, Монгол түмэн эх орныг минь үүрд ивээгтүн.