Төмөр замын асуудлаар хаалттай хуралдав

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Төмөр замын асуудлаар хаалттай хуралдав

Хэвлэх үйлдвэрийн суурин дээр парламентын ордон барихыг дэмжсэнгүй

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн барилга, Парламентийн шинэ ордон барих асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн Цэцийн барилга одоо ашиглалтанд орж байгаа ч барилгын гүйцэтгэлтэй дутуу байгаа аж.  Барилгыг гүйцээхэд дахиад 118 сая төгрөг шаардлагатай гэнэ. Энэ мөнгийг 2010 оны төсвийн тодотголд нэмж тусгасныг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн Д.Энхбат Үндсэн хуулийн Цэц өөрөө дархан цаазат газрын хууль зөрчиж Цэцийн байрыг бариулсан, одоо дээр нь нэмж мөнгө төсөвлөнө гэдэг нь Засгийн газар өөрөө хууль зөрчиж байгаа хэрэг гэлээ.

Харин Монгол Улсад шинээр парламентын ордон барих асуудал Кувейтийн талаас 100 хувь шийдэгдээд байгаа. Гэхдээ тусламжийн мөнгө шинэ ордон барихад хараахан хүрэлцэхгүй гэнэ. Тиймээс Хүний хөгжил санд сууж байгаа орлогоос тус ордонг гүйцээж барих талаар байнгын хорооны гишүүд санал гаргав. Шинэ ордонг төрийн ордны хойд талын цэцэрлэгт барихаар төлөвлөөд байгаа ч энэ асуудал нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой байгаа. Тиймээс төрийн ордны зүүн талд байрлалтай хуучин хэвлэх үйлдвэрийг нурааж суурин дээр нь парламентын ордон барих саналыг Р.Раш гишүүн гаргасан ч гишүүд дэмжсэнгүй.

УИХ-ын гишүүд Ёс зүйн дүрэмтэй болно

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Улсын Их Хурлын гишүүний Ёс зүйн дэд хороо, түүнтэй холбогдох дүрэм батлах тухай хэлэлцлээ. Шинээр хэлэлцэж байгаа Ёс зүйн дэд хорооны дүрэм нь 12 заалттай. Гэвч энэ нь УИХ-ын гишүүний халдашгүй эрхийг хэтэрхий их зөрчсөн дүрэм гэж Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд шүүмжиллээ. Тухайлбал, Ёс зүйн дэд хорооны дүрэмд “УИХ-ын гишүүн ёс зүйгээ зөрчсөн тохиолдолд УИХ-ын чуулганы хуралдаанд суух эрхийг нь 15 хоногоор хасна” гэсэн заалт байгаа аж. УИХ-ын чуулган долоо хоногт хоёр удаа хуралддаг. Тэгэхээр 15 удаа УИХ-ын чуулганд суух эрхийг хасна гэвэл тухай гишүүн долоон долоо хоног хуралдаа суухгүй, тухайн тойргийн иргэдийн төлөөлөл алдагдаж байна гэсэн үг. Энэ нь УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй зөрчилдөж байна гэсэн шүүмжлэл гарсан. Шинэ дүрэмд мөн УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг хасах зэрэг заалт орсон байгаа аж. УИХ-ын гишүүдийг “туршлагатай, зарчимч” зэрэг заалтууд нь ойлгомжгүй, гишүүдийг шинэ хуучнаар нь хэтэрхий ялгаварласан заалт гэгдэж, Байнгын хорооны 11 гишүүдийн саналаар унасан. Харин УИХ-ын гишүүний албан ажлаас гадуур хувийн асуудлыг ёс зүйн хариуцлагад тооцохгүй байх гэсэн саналыг дэмжлээ. Мөн хэн дуртай нь бүлэг, ажлын хэсэг байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа нэрээр мөнгө авах сонирхолтой болсон зэрэг шүүмжлэл гарч байлаа.  

Жижиг дунд үйлдвэрийн зээлийн хүүг бууруулна гэв

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хvний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооноос төсвийн тодотголд зургаан тэрбум төгрөгийг нэмж оруулах санал гаргав. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Х.Наранхүү Улаанбаатар Хархираагийн цэвэрлэх байгууламжийн хэвийн ажиллагаанд зориулж, 1.2 тэрбум төгрөгийг нэмж тусгах санал гаргасан хэдий ч хэлэлцүүлгийн явцад саналаа татаж авлаа.

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн хүү, хугацаа, зээлийн горим зэргийг засгийн газраас тогтоох тухай санал орууллаа. Энэхүү саналаа тайлбарлахдаа ЖДҮ-ийн төслийг зээлжүүлэхэд зориулж 30 тэрбум төгрөг баталсан. Энэхүү зээлийг улсын төсвөөс санхүүжүүлж байгаа учраас УИХ зээлийн хүү, хугацааг нь тогтоох ёстой байсан. Одоо олгогдож байгаа зээлийн сарын хүү нэг хувь байгаа нь ЖДҮ-ийг дэмжих биш дампууруулах үүрэг гүйцэтгэж байна.

Банкаар дамжин хэрэгжиж буй энэ зээл нь олон улсын стандартанд нийцэхгүй, хөрөнгө оруулалтын зээл бус арилжааны зээл болоод байгааг анхаарууллаа.
Байнгын хороогоор уг асуудлаар санал хурааж 100 хувь дэмжсэнээр Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Хууль зүй, Эдийн засгийн байнгын хороод хамтарсан хуралдаан хийв

Үдээс өмнө хуралдсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор  Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлтөөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.
Үдээс хойш Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороод хамтарсан хуралдаан хийж, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дампуурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.
Харин Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 17.30 цагаас хаалттай хуралдлаа. Хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх юм.

Б.АЛТАНСҮХ
Б.ЭНХМАНДАХ

“Сайншанд” цогцолборын зөвлөл, ажлын хэсгийг байгуулав

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас“Сайншанд” цогцолборын зөвлөл, ажлын хэсгийг байгуулав. “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ахалж, орлогч даргаар нь Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ажиллах болов.

Цогцолбор байгуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгууллаа. Зөвлөлд УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн бус байгууллагын төлөөлөл, ажлын хэсэгт яам, агентлаг, холбогдох аймгийн Засаг дарга, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл багтсан байна.

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборт зэс хайлуулах, кокс-хими, барилгын материал, нүүрс-химийн зэрэг улс орны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах томоохон үйлдвэр баригдах бөгөөд үүнийг дагасан дэд бүтэц, нисэх онгоцны буудал, терминал, дагалдах жижиг, дунд, хөнгөн үйлдвэр хөгжих боломжтой юм байна. Мөн хүн амын шинэ төвлөрөл бүхий хот, суурин газар үүсч бий болохтой уялдан бүтээн байгуулалтын ажил өрнөж, орчин үеийн үйлдвэрийн хот үүсч хөгжинө. Ойрын жилүүдэд Чойбалсан, Сайншанд, Өмнөговь, Дархан, Сэлэнгийн бүсийг холбосон нэгдсэн төмөр замын сүлжээтэй болж, өөр хоорондоо түүхий эд, бүтээгдэхүүнээр харилцан хангах цогц үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой болох хандлагатай байна. Үүний зэрэгцээ тухайн бүс нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төмөр зам, авто зам байгуулах, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг төсөл хэрэгжүүлж эхлэх боломжтой гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

ISAF-ийн цэрэг хандивлагч орнуудын бага хурал боллоо

ХБНГУ-ын Берлин хотноо 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан НАТО-ын Афганистаны аюулгүй байдлыг хангах олон улсын цэргийн хүчний ажиллагаанд /ISAF ажиллагаа/ цэрэг хандивлагч орнуудын Батлан хамгаалахы нсайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нарын анхдугаар хуралдаанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЗХЖШ-ийн дарга дэслэгч генерал Ц.Бямбажав нар оролцлоо. Тус хуралдаанд уг ажиллагаанд цэргээ илгээсэн 17 орны батлан хамгаалахын сайд, зэвсэгт хүчний жанжин штабын дарга нараас гадна НАТО, Афганистаны удирдах албан тушаалтнууд оролцож тус улсад хэрэгжүүлж буй эвслийн ажиллагааны хэтийн төлөв, төлөвлөтийн асуудлаар хэлэлцэн хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Хурлын үеэр Батлан хамгаалахын сайд Л.Болд, ХБНГУ, БНУнгар улс зэрэг орны Батлан хамгаалахын сайд нартай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Түүнчлэн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав ХБНГУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын дарга генерал Волкер Уикертэй уулзаж харилцан мэдээлэл солилцлоо. Энэ үеэр хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхи зүтгэл гарган ажилласан Бундесверийн зарим албан хаагчдыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Дайчин алдар” медалиар шагнасныг гардууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж