Баяжин дэгжих, цэнгэлийн манлайд хүрэхийг ерөөе!

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

Баяжин дэгжих, цэнгэлийн манлайд хүрэхийг ерөөе!

Монгол нутагт анхны төрт улс байгуулсны 2221, Их Монгол Улс байгуулсны 806, Тусгаар тогтносны 101, Ардын хувьсгалын 91 жилийн түүхт их ойн мэндийг Чингэлтэй дүүргийнхэндээ дэвшүүлье!

Энэ жил тэгш ой өнгөрч, эхлэлийн ойнууд давхцаж байна. Энэ бол шинэ эрин, цаг үе эхэлсний бэлгэдэл юм. Үүний нотолгоо нь 2012 онд Монголын сонгогч олон түүхэн сонголтыг хийлээ. Эрхтэн дархтанг хянах, эв нэгдлийг хангах шинэ хүчнийг УИХ-д сонгон томиллоо. Ардчилсан төрийн түүхэнд төрийн голомтыг бадраах тулгын гурав дахь тотго болсон улс төрийн хүчнийг ийнхүү сонгож байгаагүй билээ. Мөн л эхлэлийг бэлгэдсэн 11 хүнийг монголчууд сонголоо.

Тэдний нэг миний бие Чингэлтэй дүүргийн иргэдээс мөн л шинэ эхлэлийн бэлгэдэл болж, саналын тоогоор нэгдүгээрт эрэмблэгдэн сонгогдлоо. Энэ бүхэн бидний зүтгэл, ард түмэн та бүхний итгэл, айсуй цагийн бэлгэдэл хэмээн ойлгож байна.

“Бидний улс эв саналаа нэгтгэн, нэгэн зүгт нийтээр зориглон хөдөлвөөс мэдэхгүй, чадахгүй гэх зүйл үгүй болж, үүрд цэнгэлийн манлайд хүрч болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэж 91 жилийн өмнө хэлсэн үг өнөөдөр ч бидний уриа дуудлага хэвээр байна. 

Түүх ба ирээдүй, уламжлал ба шинэчлэлийг хослуулж, ололтоо бататгаж дутагдлаа засаж, үндэсний эрх ашгаа дээдлэн, Даяар Монголын ариун голомтоо бадраан мандуулж, хүн бүр баяжин дэгжих, цэнгэлийн манлайд хүрэхийн өлзийтэй ерөөлийг эрхэм хүндэт Чингэлтэйчүүд та бүхэндээ өргөн дэвшүүлж байна.

Монгол Улс мандан бадарна!

УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянга
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж