Монгол наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

Монгол наадам эхэллээ

Нар  хур тэгширсэн зунаар найраг, эгшиг хосолсон Монгол наадам эхэллээ. Нар хүртэл инээж манддаг наадмын өглөө онцгой сайхан. Уяан дээр хүлэг морьд эргэцэж, унасан хүүхдийн гийнгоо талд хадаж, эр баяр тэгширсэн эрчүүд эд хаваа гайхуулах энэ өдрийг монголчууд бүтэн жил хүлээдэг. Жилийн жил наадмын өглөө нар өөрөөр мандаж, жил жилийн наадам шинэлэг байдаг аа.

Энэ жилийн наадам их онцгой, их гоё болох байх аа.  Дэлхийн өнцөг булан бүрт хөл бөмбөгийн фанатууд нойргүй хонож асан тэр өдрүүд шиг дэлхийн өнцөг булан бүрээс тодрох олимпийн аваргуудаа хүлээн авах мөч хэдхээн өдрийн дараа тохионо.

Наадам сайхаан. Наадмын хуушуур бүүр ч амттай. Наадамчин олон дэндүү жаргалтай.

Шандас хурдан морьдоо хараад нулимс унагадаг, эр бяр нь тэгширсэн эрчүүдээ хараад сэтгэл нь догдолдог, эрхий мэргэн харваачдаараа бахархдаг ийм баяр дэлхийд хэд юм бэ. Ганцхан шүү дээ.

Дөрвөн жилд нэг удаа болдог Монголын парламентын сонгууль наадмын өмнөхөн болж өнгөрсөн. Энэ сонгууль нулимс, нударга дагуулаагүй сайхан сонгууль болсон. Сайхан сонгуульдсан монголчууд сайхан наадаж байна. Шинээр тодрох шилдэг шандас хүлгүүд, эр баяр нь ханасан аварга, арслан, гарьдууд, эрхий мэргэн харваачдууд-Энэ бол монгол наадам.

Самсаа шахирам, уулга алдам сайхан наадам. Наадмын дараа наадам болно. Дэлхийд нэрээ дуурсгах олимпийн алдартнууд дэнж хотойлгон баярлах монгол наадмын чимэг болно.

Тиймээ, дэлхийд ганцхан Монгол наадамдаа дэнж хотойлгон сайхан баярлаарай.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж