Улстөрчдийг олон түмнээрээ эрэмбэлэх нь зөв | News.MN

Улстөрчдийг олон түмнээрээ эрэмбэлэх нь зөв

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Улстөрчдийг олон түмнээрээ эрэмбэлэх нь зөв

-Үндэсний жагсаалтаар жинхэнэ лидер улстөрчдийн шандсыг сорьдог , тэднийг гаргаж ирдэг систем юм бол босго өндөр гэж гомдолж, тийчлээд байх ч хэрэггүй-
Өнөөдрийн улс төрийн амьдралд анхаарал татсан нэг гол сэдэв нь гарцаагүй Сонгуулийн тухай хуульд оруулах өөрчлөлт болж байна. Энэ талаар ҮШН-ын нарийн бичгийн дарга Н.Батцэрэгтэй ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн тухай  хуулинд өөрчлөлт оруулах асуудал парламентад хэлэлцэгдэж эхэллээ. Төсөлтэй танилцаж амжсан уу?

-Өргөн барьсан төслүүдтэй танилцсан. Дэмжих талдаа байгаа.

-Жижиг намууд долоон хувийн босгыг нилээд шүүмжилж байгаа. Парламентад олон түмний төлөөлөл бүрэн орж ирэх ёстой гээд, энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Долоон хувийн босго өндөр нь үнэн, гэхдээ үндэсний жагсаалтаар жинхэнэ лидер улстөрчдийн шандсыг сорьдог , тэднийг гаргаж ирдэг систем юм бол босго өндөр гэж гомдолж, тийчлээд байх ч хэрэггүй байж мэднэ. Би бол өөр зүйлд санаа зовж байна.

-Юунд?

-Сонгуулиа шударга зохион байгуулж чадах уу гэдэгт.

-Тийм ээ. Гэхдээ үүний тулд юу хийх ёстой вэ?

-Шударга зохион байгуулахын тулд наад зах нь сонгууль зохион байгуулдаг байгууллагыг  одоогийн эрх баригч  хоёр  намаас хараат бус байлгах хэрэгтэй. Ер нь төрийн байгууллага нь сонгууль явуулах ажлаа хариуцвал зүгээр. Жишээ нь, Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга ахлаад бүх аймаг дүүргийн хуулийн хэлтсүүд энэ ажлыг хариуцдаг байг. Энэ бол сайн хувилбар байж магадгүй. Яагаад гэвэл ажил үүргийн хуваарьт нь хуулиар орсон зүйлээ орон тооны ажилтантай төрийн байгууллагууд арай нуруутай авч гарна. Тэгэхгүй бол намаас томилогдсон, сонгуулийн дараа тараад явчихдаг орон тооны бус гишүүдтэй байгууллага бол дахиад л завхруулна даа. 

-Улсаараа нэг тойрог болсон тохиолдолд хэдэн лидерүүд нь хамаг саналаа цуглуулаад, бусад нь маш цөөн санал авах муу талтай гэсэн болгоомжлол их явж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Том улс төрийг лидерүүд л авч явдаг юм шүү дээ. Ер нь тэгээд лидер гэж яригддаг, өөрийгөө том гэж боддог нөхдүүдийг олон түмний саналаар эрэмбэлэх нь зөв. Хамгийн олон санал аваад намаа ялуулсан нь Ерөнхий сайд болоод л явна биз. Хариуцлага тооцоход буух эзэн буцах мөртэй гэсэн үг.

-Таны  ярьдаг үндэсний үзэл, хүчтэй төртэй байх зэрэг асуудлуудад одоогийн хуулийн төслийн өөрчлөлтүүд ойртож байна уу?

-Үндэсний үзлийн тухайд бол энэ үзлийг Монгол төрийн үзэл суртал, улс төрийн хөтөлбөр болгоё л гэсэн зүйл ярьж байгаа шүү дээ. Ингэхээр эдийн засаг, улс төр, нийгэм рүүгээ иж бүрэн хандах шаардлага гарч ирж байгаа юм. Иймээс ямар намын, ямар үзэл тээсэн улстөрчид их хуралд орж ирэх вэ гэдгээс мэдээж их зүйл шалтгаална. Хүчтэй төрийн тухайд бол бид бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь Засгийн газраа толгойлоод хариуцлагаа хүлээдэг хувилбарыг л санал болгож байгаа. Хэрэв энэ хувилбар явахгүй бол  Ерөнхий сайдад зарчмын зөрүүтэй асуудлаар УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль зарладаг, танхимын гишүүдээ өөрөө томилдог эрх олгох хэрэгтэй. Ингэвэл гүйцэтгэх засаглал  бэхжинэ, хамгийн гол нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хооронд баланс бий болно. Ер нь бол жинхэнэ парламентийн засаглалын чинь номер нэг тоглогч нь Ерөнхий сайд шүү дээ. Манайд л парламентийн засаглалыг парламент нь Ерөнхий сайдынхаа бараг хаана бие засахыг заадаг болтол нь буруу ойлгож, дээр нь бизнесийн сонирхолтой гишүүд нь бүгдийг нь би мэддэг, шийддэг гэж  завааруулаад байгаа болохоос биш.

-Одоо яригдаж байгаа төслөөр явбал жижиг намууд эвсэл болж байж л сонгуульд амжилт үзүүлнэ. Гэтэл манай намууд эвсэл болж чадах болов уу?

-Чадах ёстой, өөр яах юм. Ер нь өнөөдрийн улс төр чинь том жижиг намууд гэхээс илүү олон жижиг намууд л байгаа шүү дээ. Том гэгддэг хоёр нам хүртэл харилцан сүлэлдсэн зургаан жижиг бүлэглэлээс бүрддэг гэж ярьдаг. Өнөөдрийн тогтолцооны хамгийн том согог нь энэ юм. Олон жижиг бизнес, улс төрийн бүлэглэл хоорондын зодоонд төр хүчгүйдэж нийгэм, эдийн засгийн дорвитой бодлого ч үгүй явж ирлээ. Тэгэхээр үндэсний хэмжээний “списк”-ээр сонгууль явуулахад хамгийн их санал татаж чадсан лидертэй бүлэг нь л илүү хүчтэй болно. Энэ нь олон жижгээс дээр л дээ.Тэгээд тэр бүлэг тогтвортой ажиллаж байж бүхэлдээ улс төрөө тогтворжуулна. Өөр арга байхгүй.

-Улс төрөөс хөндий мөртлөө баахан олны танил бөхчүүд, дуучид, уяачид парламентаар дүүрвэл яах вэ?

-Харин тийм. Хөдөөгийнхөн маань хурдан азарга, том цагаан хөөрөгний эзнийг түлхүү сонгодог тал бий. Гэхдээ энэ удаа нам эвслийн дарга нарын зурагтай календарь нь арай илүү тараагдах байлгүй дээ.

-Улс төрчдөө сонгох байлгүй гэж үү?

-Тийм. Гэхдээ улстөрч гэдэг үгний агуулга алдагдаж, ханш нь унаж үнэгүйдсэн талдаа байгаа, их зовлонтой. Монгол улс хэдэн зуун улстөрчтэй юм мэдэхгүй. Жирийн олон нийт улс төрчийн эрэмбийг махны ченж гэдэг шиг “улс төрийн ченж”, арай танигдсан том улстөрчийг нь “олигархи-хүнд гар” гэсэн маягаар ангилж дүгнээд байдаг. Тэгээд цөөхөн хэдэн жинхэнэ улс төрийн бодлоготон, зүтгэлтнүүд нь тулга тойрсон хэрүүл хийж өвөр зуурын хонзон өвөртөлсөн, хувийн ашиг завшаан хайсан муу нэртэй улстөрчдийн олонлог дотроо живчихээд байна.

-Энэ алдаа чинь тэгээд бас л тогтолцооны согогоос үүдэлтэй биз дээ?

-Тэгэлгүй яахав. Чадваргүй олон банк, чанаргүй олон дээд сургууль, чансаа муутай олон намууд, хулхи голдуу хэдэн зуун улстөрчид гээд тоочоод байвал барагдгүй. “Зуун ямаанд жаран ухна” болсон авцалдаагүй байдал бүхий өнөөдрийн нийгмийн  дүр зураг нь яах аргагүй бодлогын алдаатай тогтолцооны муу үр дагавар юм. Бодлогын алдаа гэдэгт чөлөөт нийгэм, зах зээлийн эдийн засгийг хар аяндаа өөрөө өөрийгөө аваад явдаг мэтээр буруу ойлгож, төөрч байгааг хэлж байна. Тэрнээс биш жинхэнээрээ хөгжил авчрах ардчилсан нийгмийн дэг журмын төлөө бүх Монголчууд л байгаа шүү дээ.

Г.Энх

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж