Хиллари Клинтоныг Хятадад сануулга өгсөн гэв

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтоныг Хятадад сануулга өгсөн гэв

Монгол Улсад албан ёсоор айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон  даваа гаригт айлчлалынхаа эхний өдөр “Улс төрийн ил тод байдалгүйгээр  эдийн засгийн амжилт бол хямралд хөтлөх жолоогүйдэл” хэмээн мэдэгдсэн нь шууд бусаар Хятадын эрх баригчдад хандсан мэдэгдэл гэж “Нью Йорк Таймс”-т бичжээ.

Тус сайтад бичсэнээр Хиллари Клинтон байгалийн асар их баялагтай Монгол Улсад айлчлах болсон нь энэ бүс нутаг дахь АНУ-ын нөлөөг бэхжүүлэх гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн бодлогын нэг хэсэг гэнэ. 

Хятадын коммунист намын удирдлага өөрчлөгдөх гэж  буй эгзэгтэй үед Хиллари Клинтон Монгол Улсад айлчилж, Монголын “нялх” ардчиллыг дэмжихээ илэрхийлсэн нь санамсаргүй тохиолдол биш гэнэ. Хэдийгээр хатагтай Клинтон мэдэгдэлдээ Хятадын нэрийг огт дурьдаагүй боловч шууд бусаар хандсан нь хэнд ч илт байжээ.

 Хатагтай Хиллари Клинтон мэдэгдэлдээ “Улс төрийн эрх чөлөөгүйгээр эдийн засгийн эрх чөлөөг олж чадахгүй. Хүмүүсийн уншиж, харж, хэлэхийг нь хязгаарлаж, улс төрийн үзэл баримталыг нь хавчсанаар хоосон хамгаалалт бий болгодог. Гэвч эрх чөлөөг хүсэх хүмүүсийн хүсэл дийлдэшгүй тул хоосон хана замхран алга болно” гэжээ. 

“Эдийн засгаа нээлттэй болгосон ч үг хэлэх эрх чөлөөг боомилсон улс орнууд эцэст нь үүнийхээ  горыг амсах болно. Тогтвортой хөгжлийн амин сүнс нь шинэ санаа, эрэл хайгуул байдаг. Харин улс төрийн эрх чөлөөгүй оронд энэ бүхнийг үгүй хийдэг” гэсэн мэдэгдлээрээ сүүлийн арваад жил эдийн засгийн өсөлт нь хоёр оронтой тоонд хүрсэн ч эргээд эрч нь суларч буй Хятадыг дайруулан хэлсэн аж.

Хатагтай Клинтон мөн ардчиллын үнэт зүйл зөвхөн өрнөдийнх гэдэг ойлголт үеэ өнгөрөөсөн гэдгийг онцолж, “Сүүлийн таван жилийн хугацаанд улс төрийн эрх чөлөө, иргэний эрхийн тэмцлээр хамгийн их амжилт олсон бүс нутаг бол Ази” хэмээжээ. Монголд 17 жилийн өмнө анх АНУ-ын тэргүүн хатагтайн үүргээр айлчилж байсан Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон авлигын хэргээр шалгуулж буй экс-ерөнхийлөгч Н.Энхбаярын хэргийн талаар огт дурсаагүй боловч парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнийг өндрөөр үнэлсэн гэнэ.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хатагтай Клинтоныг ёслол хүндэтгэлийн монгол өргөөнд хүлээн авч уулзжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн жил АНУ-д айлчилсны дараа АНУ-ын дэд ерөнхийлөгч Жой Байден Монгол Улсад айлчилсан нь Барак Обамагийн Засаг захиргаа Хятадтай хөрш зэргэлдээ оршдог Монгол Улсад онцгой анхаарал халамж тавьдгийн  жишээ болсон юм. Коксжих нүүрсний асар их нөөцөөрөө олон улсын анхаарлыг татаж буй Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагч болохоор өрсөлдөж буй Пибоди Энержи компанийн цаана Вашингтон байгаа бол өөр нэг хүчтэй өрсөлдөгч нь Хятадын төрийн өмчит Шинхуа Энержи юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж