Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат багш гурав, гавьяат
жүжигчин хоёр, Соёлын гавьяат зүтгэлтэн гурав, Урлагийн гавьяат
зүтгэлтэн, гавьяат тамирчин тус бүр нэг “мэндэллээ” Мөн Алтан гадас
одонг долоон эрхэм энгэртээ гялалзуулж, Хөдөлмөрийн хүндэт медальтан
зургаа төрсөн юм. Шагналын эздээс баярынх нь сэтгэгдлээс хуваалцсанаа
хүргэе.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа:
-Баярлалаа, та бүхэндээ энэ өдрийн баярын мэнд хүргэе. Би бол шагналын
тухай өөр бодолтой явдаг хүн. Шагнал гэдэг бол уран бүтээлч хүнд төрөөс
үзүүлж байгаа хүндэтгэл хэмээн ойлгодог. Энэ шагналыг авснаар миний
бодол санаа, үйл ажиллагаа өөрчлөгдөхгүй, харин хийж бүтээх их үйлсэд
маань урам дэм өглөө. Шагнал гардуулсныхаа дараа Ерөнхийлөгч намайг
онцолж миний уран бүтээлийн тухай үг хэлсэн нь их урам өглөө. Хүн үгээр
их урам авч сэтгэл санаа баян явдаг болохоор түүнд талархал илэрхийлье,
мөн дэмжиж дулаан нүдээр харж байгаа та бүхэндээ баярлалаа.
Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярмаа:
-Монгол Улсын гавьяат тамирчин гэх нэр хүндтэй шагналын эзэн болсондоо
маш их баяртай байна. Миний хөдөлмөрийг үнэлсэн төрдөө баярлалаа. Аав,
ээждээ баярлалаа, тусалж дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа гэж
хэлмээр байна. Мөн Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Цагдаагийн
газар, нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газар, түүний бие бүрэлдэхүүн,
Монголын Үндэсний Олимпийн хороо, Биеийн тамир, спортын газар, Хүндийн
өргөлтийн холбоо гээд амжилт гаргах бүрийд маань тусалж дэмжиж байсан
хамт олондоо чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Миний амжилт та бүхний
маань хичээл зүтгэлийн үр дүн байсан юм шүү гэж хэлэхийг хүсч байна.
Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат:
-Алтангадас одонгоор шагнуулсандаа маш их баяртай байна. Монгол Улс
ардчилсан нээлттэй нийгэм болсноор гадаад харилцаа маш чухал болсон.
Хуучных шигээ аль нэг талыг баримталсан бус хоёр хөрштэйгээ эн тэнцүү
харилцах, гуравдагч хөршүүдтэй мөн шинэ шатанд харилцах гээд олон олон
өөрчлөлтүүд ардчиллын 22 жилийн хугацаанд хийгдэж ирлээ. Монгол Улсын
тусгаар тогтнолын асуудал бол дотоод бус гадаад бодлоготой холбоотой
учраас асар их нарийн чимхлүү ажил шаарддаг. Сүүлийн 20-иод жилд Монгол
Улс ардчилсан замаар хөгжихөд дэмжих дэмжлэг олон улсын төвшинд асар
өндөр болсон. Тийм учраас бидний хийх ажил их байна.
Монгол Улсын гавьяат багш Ш.Доржпагма:
-Төр маань төвшин, түмэн олон маань амгалан, төрсөн үр хүүхдүүд нь аз
жаргалтай байх болтугай гэж ерөөе. Өнөөдөр би гавьяат багш болж түмэн
олныхоо хайр хишгийг хүртсэндээ маш их баяртай байна. Дөрвөн зүг найман
зовхисоос шавь нар маань баяр хүргэж байна. Миний шавиуд доторТөрийн
хошой шагналт Н.Жанцанноров тэргүүтэй олон гавьяа шагналтай шавь нар
бий. Тэр бүх гавьяатууддаа “Багш нь өнөөдөр та нарын эгнээнд очлоо шүү”
гэж баярт энэ мөчид хэлэхэд таатай байна.
Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг:
-Төрийн их үнэлэмж түмэн олны маань хайр хүндэтгэл ямар агуу сайхан зүйл
вэ гэж шагнал авах мөчид бодож зогслоо. Ардчилсан Ерөнхийлөгчөөсөө
энэхүү Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм хүндтэй шагналыг авсандаа
маш их баяртай байна. Төрүүлж, өсгөсөн ээж аавдаа, түшиж тулж байгаа
хань ижил, үр хүүхэддээ, төрсөн өссөн нутгийнхандаа, хамаатан садан ахан
дүсдээ, рок попынхондоо, урлагийн анд найз нартаа Монголын ард түмэндээ
дэнж хотойтол сайхан наадахыг хүсэн ерөөе.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дашдондов:
-Маш их баяртай байна, төр маань мэлмий тунгалаг байж, уран бүтээлчдээ
хардаг юм байна. Уран бүтээл гэдэг бол хамтын бүтээл байдаг. Намайг цаг
үргэлж ирлэж хурцалж байдаг зохиолчиддоо, мөн уран бүтээлийг маань түмэн
олонд хүргэж байдаг сэтгүүлчид та бүхэндээ ч баярлаж байна. Хамтарч
уран бүтээл хийдэг хөгжмийн зохиолчид, дууг маань дуулж олондоо хүргэдэг
дуучиддаа, жүжгүүдийг маань бүтээл болгодог найруулагч, жүжигчиддээ
”Уурхайчин” соёлын ордныхоо уран бүтээлчдэд энэ ялдамд баярласнаа
хэлье. Өнөөдөр их сайхан өдөр байна, монгол түмний маань баяр наадам
бас сайхан болох болтугай. Уран бүтээлч хүний хувьд Монгол Улсынхаа
хөгжил цэцэглэлтэд соёлынхоо салбарт уран бүтээлээрээ бэлэг барина гэж
бодож байна. Төрдөө баярлалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Үндэсний их баяр наадам
хийгээд Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан зарлиг гарган,
боловсрол, соёл урлаг, спорт, төр захиргаа, аж үйлдвэр, зам тээвэр,
хууль эрх зүй, хэвлэл мэдээлэл, мал аж ахуйн салбарт олон жил үр
бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын гавьяат цол, төрийн одон,
медаль хүртээсэн юм.
Монгол Улсын гавьяат багш цолоор
Сүхбаатар дүүргийн II хорооны иргэн, ахмад багш доктор, профессор
Шаравын Доржпагам, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ахлах сургуулийн
багш Хызырын Хажайхан, МУИС-ийн ОУХС-ийн Дипломат орчуулгын тэнхимийн
багш Цэрэнчимэдийн Саранцацрал нарыг,
Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Үндэсний дуу бүжгийн эрдмийн
чуулгын дуучин Нацагдоржийн Амгалан, “Prosounds” дуу бичлэгийн студийн
захирал, дуучин Жарантайн Алтанцэцэг, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын
зөвлөх дэд хурандаа Гомбосүрэнгийн Энхбаяр нарыг,
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор “Адмон” ХХК-ийн Фотомон
гэрэл зургийн салбарын эрхлэгч Бямбын Чантуу, Орхон аймгийн Баян-Өндөр
сумын иргэн, зохиолч яруу найрагч Дамбийн Дашдондов, “Өдрийн сонин”-ы
улс төрийн тоймч Гомбын Дашрэнцэн нарыг,
Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Хүндийн өргөлтийн шигшээ багийн тамирчин Намхайдоржийн Баярмаа,
Монгол Улсын гавьяат хуульч цолоор Үндсэн хуулийн цэцийн гишүүн Цэрэнбалтавын Сарантуяа,
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор “Арвангуравдугаар зуун” төвийн кино найруулагч Ичинхорлоогийн Нямгаваа,
Сүхбаатарын одонгоор УИХ-ын гишүүн Сангажавын Баярцогт, УИХ-ын даргын зөвлөх Далрайн Даваасамбуу нарыг,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Сангийн яамны ахмад ажилтан
Өнөрийн Банди, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Отгонтэнгэр” цайны
газрын ахлах тогооч Зэмбээ Дэлгэрмаа нарыг,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Сонгинохайрхан дүүргийн XVIII хорооны иргэн, ахмад дайчин Совдын Дашдорж,
“Алтан гадас” одонгоор Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Дамбын
Ганбат, "Сонгинохайрхан" эрүүл мэндийн нэгдлийн ахлах сувилагч
Лундаажанцангийн Баясгалан, Нийслэлийн 3 дугаар сургуулийн сургалтын
менежер Батсүхийн Уранбилэг, “Хар чонот” ХХК-ийн цахилгаанчин Доржийн
Даваа, “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн дулааны оруулгын слесарь Цэдэндоржийн Галтмаа, Клиникийн нэгдсэн 2
дугаар эмнэлгийн сувилагч Бадрахын Оюунбилэг, Нийгмийн даатгалын ерөнхий
газрын архивын ахлах мэргэжилтэн Далхжавын Байгалмаа нарыг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар Архивын ерөнхий газрын нийтлэг үйлчилгээний
хэсгийн үйлчлэгч Цээлхаажавын Эрдэнэчимэг, “Хүмүүн тус” эмнэлгийн
сонсголын их эмч Бадамгаравын Энхгэрэл, Зэвсэгт хүчний 011 дүгээр
ангийн нярав Доржпаламын Оюунгэрэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын
лабораторийн шил угаагч Шатарын Санаа-Амгалан, “Монголын цахилгаан
холбоо” ХК-ийн кассчин Сэрээтэрийн Цэцэгмаа, “Автобус-3” ХХК-ийн
кондуктар Цэрэнгийн Бүжин нарыг шагнав.
Г.ДАРЬ