Говь-Алтай аймаг:
Говь-Алтай аймгийн баяр наадам долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болж, хүчит 256 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, аймгийн арслан Ш.Шинэбаяр түрүүлж, хурц чимэг хүртсэн бол Цогт сумын харьяат, аймгийн арслан Л.Цэрэнтогтох үзүүрлэжээ. Шөвгийн дөрөвт Халиун сумын харьяат, аймгийн заан Д.Буянт, сумын заан С.Дамдин нар шалгаран үлдэж, сумын заан С.Дамдин аймгийн харцага цол хүртсэн байна.
Завхан аймаг:
Завхан аймгийн баяр наадам долдугаар сарын 7, 8-ны өдөр болж, улсын харцага М.Дармаабазар, улсын начин Ш.Уламбаяр, Б.Цэнгэлсүрэн, У.Балжинням, Б.Бадамдорж, Л.Нямсүрэн, Ж.Оргил, Ш.Жаргалсайхан нарын хүчит 256 бөх зодогложээ. Наадамд Завхан аймгийн Сонгино сумын харьяат, “Эрч” спорт хороо, “Шинэ Азиа Майнинг” группийн бөх, аймгийн харцага Баатарпүрэвийн ГАНБААТАР түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ойгон нуур энерги” ХХК-ийн бөх, аймгийн начин Баянмөнхийн ШАРАВНЯМБУУ үзүүрлэж, аймгийн заан цол хүртсэн байна. Их шөвөгт Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Хүч” спорт хороо, ЧД-ийн ЦХ, “Шинэ Азиа Майнинг” группийн бөх, улсын начин Ширбазарын ЖАРГАЛСАЙХАН, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, “Ханан групп” ХХК-ийн бөх, аймгийн арслан Лхагвын ЛХА-ОЧИР нар шалгаран барилджээ.
Өмнөговь аймаг:
Өмнөговь аймгийн баяр наадамд Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн заан Т.Баасанхүү түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Өмнөговь аймаг Хүрмэн сумын харьяат, аймгийн арслан Ш.Дарханбат үзүүрлэжээ. Харин их шөвөгт Булган аймгийн харьяат, аймгийн заан Д.Амаржаргал, Дундговь аймгийн харьяат, аймгийн заан Х.Батбаяр нар үлджээ.