Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаалыг Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч, генерал Б.Баярмагнай гурав дахь жилдээ командалсан ба Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, Батлан хамгаалах их сургуулийн сонсогчид, Хил хамгаалах байгууллага, Дотоодын хэргийн их сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг үндэсний аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэдэг бүхий л байгууллагуудын нийт 2000 гаруй албан хаагч, цэрэг эрс оролцсон юм. Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр хүндэтгэлийн жагсаалын үеэр “ард түмэндээ Ардын хувьсгалын 91 жилийн ой, Төрийн далбааны баярын мэндийг дэвшүүлье. Монголын ард түмэн төрийнхөө алтан соёмбот далбаагаа мандуулдаг уламжлалтай билээ. Энэ нь улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг тунхаглан зарласан маш том ач холбогдолтой билээ. Сайн цаг болж байна” хэмээн хэлсэн юм.
Сүрийг үзүүлсэн Цэргийн ёслолын жагсаал командлагч Хошууч, генерал Б.Баярмагнайгаас цөөн асуултанд хариулт авлаа.
-Түүхт өдрийн жагсаал маань сүр жавхлантай болж байна?
-Монгол Улсын Их хурлаас Зэвсэгт хүчний түүхэнд хоёр өдрийг тэмдэглэлт өдөр болгон баталсан билээ. Гуравдугаар сарын 18-нд Монгол цэрэг эрсийн мянга мянган жилийн алдар гавъяаг мөнхөлсөн Монгол Цэргийн баярын өдрийг тэмдэглэдэг билээ. Хоёрдугаарт, Монголын Төрийн албааны өдрийг тэмдэглэдэг болоод дөрвөн жилийг ардаа орхижээ.
Жагсаалыг зохион байгуулахын тулд хэрхэн бэлдсэн бэ?
-Бэлтгэл тавдугаар сарын дундаас эхлээд анги салбар хүн нэг бүрийн бэлтгэлээр эхэлсэн ба зургадугаар сарын 20-ноос нэгдсэн бэлтгэлд хамрагдсан юм.
-Ийнхүү Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг хамарсан ёслолын жагсаал нь машид их ач холбогдолтой байх?
-Тэгэргүй яахав. Төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг болоод, түүхэн өдрийг тохиолдуулан зэвсэгт хүчнийг хамарсан ёслолын жагсаал хийдэг болсон нь олон жил тасалдаад байсан цэргийн жагсаалыг маань эргэн сэргээсэн юм. Өнгөрсөн жил гэхэд, түүхт ойнуудаа тэмдэглээд, техник, морьт жагсаалыг зохион байгуулсан. Энэ жил Улаанбаатар цэргийн хүрээний зэвсэгт хүчин, Үндэсний аюулгүй байдлын хангах тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын 2200 цэрэг оролцож, жагсаалыг зохион байгууллаа..
Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, тусгаар тогтнол, эрх чөлөө, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж байгаа ба тайван цагийг илэрхийлж буй нь энэ жагсаал юм. Мөн Монгол Улсын зэвсэгт хүчин эх орноо хамгаалахад хэзээд бэлэн гэдгээ батлан харуулж байгаа хэрэг билээ. Төрийн далбааны хүндэтгэлийн жагсаалд орсон бие бүрэлдэхүүнээс маань удалгүй долдугаар сарын 25-ны өдөр Өмнөд Суданыг зорьж, үүрэг гүйцэтгэж, Монголынхоо төрийн далбааг тус газарт мандуулах нь. Цэргийн сүр жагсаалдаа, жагсаалын сүр цэрэгтээ гэдэг шүү дээ.
Ёслолыг сонирхож явсан гадаадын жуулчдын сэтгэгдлийг сонслоо.
–Миний хувьд баярын жагсаал үзэх их дуртай. Урд нь Хятад улсаар аялж байхад нэг удаа ёслолын жагсаалыг нь үзэж байсан. Монголын Үндэсний их баяр наадмын, Төрийн далбаагаа хүндэтгэж байгаа өнөөдрийн жагсаал нь үнэхээр сэтгэл хөдөлгөж байна. Цэргийн өмсгөл, нэгэн жигд алхаа нь аргагүй Чингис хааны өлгий нутаг гэдгийг санагдуулам сүрлэг юм” хэмээн ярьсан юм.
Улс орны сүр жавхаа болсон цэрэг дайчдын золбоог илтгэн харуулдаг Цэргийн ёслолын жагсаалын түүхээс дурдвал, анх жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар Монгол Улсад ардын хувьсгал ялсан өдөр буюу 1921 оны долдугаар сарын 11-ний өдөр Нийслэл хүрээнд анх удаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 91 жил болж байна.
Монголын ард түмэн минь, сайхан наадаарай.