УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл өнгөрсөн сонгуульд амжилттай оролцож, УИХ-д 11 суудал авсан. Энэ нь бүлэг байгуулах хэмжээний суудал юм. УИХ-ын дарга томилогдсоны дараа албан ёсоор бичгээ өгч, бүлгээ зарладаг. Гэхдээ ажлаа явуулах үүднээс өчигдөр бүлгээ байгуулж, дарга, дэд даргаа сонголоо. УИХ-д үнэмлэхүй олонх болсон нам байхгүй. Тиймээс Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хамгийн олон суудал авсан Ардчилсан нам бусад нам, эвсэлтэй хамтран Засгийн газраа байгуулна. Өчигдөр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэхийлснийг албан ёсны мэдэгдэл гэж ойлгож байгаа. Ийм учраас манай эвсэл энэ саналыг хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн байна. Мэдээж энэ талаар гэрээ хэлэлцээр хийж таарна. Ажлын хэсэг байгуулна. Бид ажлын хэсгээ байгуулахаар бэлдэж байна” гэлээ.
Мөн Н.Батцэрэг гишүүн “Манай сонгогчид шинэ Засгийн газрыг хүлээж байна. Монголын олон нийтэд өнгөрсөн 4 жилд үзэгдэл болоод өнгөрсөн шиг манантсан хэлбэрийн Засгийн газар гарах вий гэсэн болгоомжлол бий. Бид Засгийн газарт орж ажиллахдаа нийгэм, эдийн засгийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд том хувь нэмэр оруулна” гэлээ.