Ном бол тархины фитнесс

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Ном бол тархины фитнесс

Мэдээлэл Технологийн Үндэсний Парк өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь  “Номын соёлт ертөнц” ТББ, “Номын ертөнц” нэвтрүүлгээс уламжлал болон зохион байгуулдаг “Номын ертөнц 2010” үндэсний хэмжээний зургаа дахь удаагийн номын баяр нээлтээ хийжээ. Номын баяраар соёлын үнэт өв болсон ном судрын үзэсгэлэн, ном хэвлэгчдийн нэрийн хуудас болох үндэсний хэв маягийг харуулсан бүтээлийн үзэсгэлэн, ховор хуучин болон шинэ номын үзэсгэлэн худалдаа дэлгэгдсэн. Тус баяраар бүх ном 10-50 хувийн хямдрал зарлаж байгаа ба ивээн тэтгэгч байгууллагуудын 500 гаруй номоор урамшуулах сугалааг үзэсгэлэнгийн гурав хоногийн турш явуулах гэнэ.
Номын баярт ирсэн хүн бүхэн азаа үзэх боломжтой юм байна. “Номын ертөнц 2010”  үзэсгэлэн худалдаанд “Мир ном”, “Билэг” номын дэлгүүр, “Аз хур” номын худалдаа, “Интер пресс”, “Мон судар”, “Ирмүүн”, “Соёмбо” принт, “Сэлэнгэ пресс”  гэх мэт томоохон хэвлэлийн компани, ном эрхлэн гаргагчид, номын дэлгүүр, зохиолчид оролцжээ. Тэд бяцхан уншигчиддаа зориулан “Цондоолой, Цүндээлэй” үлгэрийн баатруудаар, бяцхан драмчилсан тоглолт хийнэ гэв. Мөн тавдугаар сарын 16-нд Мэдээлэл Технологийн Үндэсний Паркын хурлын зааланд 14.00 цагаас залуучуудад зориулсан “Ном бол…” лекц болно.
Уг лекцийг Монгол улсын гавъяат жүжигчин Д.Сосорбарам, зохиолч Б.Шүүдэрцэцэг нар уншиж сонирхуулах ажээ. Номын үзэсгэлэн алгасахгүй үзэх дуртай шог зураач С.Цогтбаярт ном бол тархины фитнесс гэнэ. Тэрээр “Сүүлийн үед хүмүүс эрүүл мэнддээ анхаарч фитнесээр хичээллэх болсон. Үүний адилаар оюун ухаан, тархиа номоор хөгжүүлж, хичээллүүлэх хэрэгтэй” гэв. Зураач маань номын хорхойтой бөгөөд номын үзэсгэлэнг цаг заваа гарган байж үзэн, олон сонирхолтой ном худалдан авах дуртай гэнэ. Жил ирэх тусам оролцож байгаа байгууллага, номын тоо ихсэн, худалдан авагчид залуужиж байгаа нь сайхан байгаа ч цаашид олон улсын чанартай болгоод Өвөрмонгол, Буриадаас зохиолчдыг авчирч оролцуулдаг болоосой гэж тэрээр хүсч явдаг гэнэ шүү. Номын баяр гурав хоног үргэлжилнэ. Зав гаргаад заавал зориорой.
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж