Монгол Улсын хүндийг өргөлтийн дээд амжилтыг 100 гаруй удаа шинэчилсэн ОУХМ Т.Баярмаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өнөөдөр Гавьяат тамирчин цол, тэмдгээр энгэрээ мялаав. Туйвантай нөхөрлөсөн 15 жилийн хугацаанд өөрийн гэсэн амжилтын түүх бүтээсэн тэрбээр Азийн цомоос алт, мөнгө, хүрэл медаль нэжгээдийг хүртэж, Зүүн Азийн наадамд гуравдугаар байрт шалгарч, 2004 оны Афин, 2008 оны Бээжингийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан юм.
Улсынхаа дээд амжилтыг 100 удаа эвдэнэ гэх хүсэл мөрөөдлөө давуулан биелүүлсэн түүний хүнд “ачааг” төр үүрэлцэж, эмэгтэй хүнд ахадсан гэмээр хүнд спортыг сонгон хичээллэж, Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж явсан түүний 15 жилийн үнэнч хөдөлмөрийг үнэлэн ийнхүү Гавьяат тамирчин цол хүртээж байна.