
Бөх үзэх дур, хүсэн хүлээсэн наадмын талбар хоёртоо тэмцэн ирж хүндэт байраа эзлээд “Бариад ав, санаснаа хий миний хүү” хэмээн суудлаасаа бөх засдаг Дамба гуайн унаган зуршил сэдрэхийн завгүй наадмын талбай сандчаагдлаа. “Морьд эргэчихлээ” хэмээн цэнгэлдэхийн шавар хэрэм дамжиж зүггүйтсэн нэг түнжин толгойт нь орилчихсоноос тэр л дээ. Наадамчдад морь үнэхээр эргэсэн эсэх нь сонин биш. Харин өөрсдөө л эргэж байгаа морьдыг санагдуулам эрчилсэн их сэтгэл хөдлөлөөр морины барианы газрыг тэмцэн шаагилддаг нь манай сумынхны юугаар ч сольшгүй хамгийн сайхан адгалт байдаг юм. Сурмаа заан хэзээ завандаа мотоциклио асаасан юм бүү мэд, будаг нь гэж мэдэгдэхээ байсан загал “иж”-ээ харжигнуулан зөвхөн өөрийнх нь гарын аяыг даадаг болов уу гэмээр бүдүүн эхнэрээ араараа суулгачихсан давхиж явна. Заантан сумын хуучин муу моторыг үйл тамаа үзэж, тос маслотай хутгалдан байж арай чарай ажиллуулдаг номхон зант моторчин Жамбад баахан эрэмбэлхэж наадмын дундуур “Мотоцикль асааж ир” хэмээн явуулснаас зайлахгүй. Аягүйдвэл ирэх жил ах нь тавын даваанд авна шүү гэж хээвнэг залж орхиход нь цаадах нь боовонд хууртсан гэнэн хүүхэд адил баярлан бүхнийг умартан гүйсэн ч байж мэдэх юм. Юутай ч өглөө наадамд явган морилсон заан үд дунд унаандаа залраад авчээ. Хар бор ажилд бие бяцарсан налбагар авгай нь хүдэр эрийнхээ сүвээнээс эв хавгүйхэн базаад хэзээний л нэг өмсдөг бор үйтэн хуаран дээлийн нь хормой салхинд дэрвэж тантгар цагаан ташаа нь нартай наадна. Шуудган дээрээ дээлээ өмссөн зааны гуя эхнэрийнхтэйгээ ижилсэн морины бариа тийш довтолгох морьтнуудын нүдийг хужирлан инээлгэж байхад сундлаатай хос тэднийг даанч нэг үл ажрах аж. Зүс ижилсүүлэн гар шарга морьд унасан Дайргат бригадын залуус морины бариа тийш газар бөмбөрдөн довтолгох нь сүртэй. Хэсэг хэсгээрээ давхилдах үеийн охидын хажуугаар мөнөөх залуус бөөнөөрөө садран гүйцэж, аргамаг омголон морьдоороо унасан морьдын нь зүрхийг хөөргөн самгардуулахад Чимэг нарын сэргэлэн хүүхнүүд хазаар дарах морьдынхоо жолоо, дэрвэсэн хормой хоёроо зэрэг хумин догирхож байхад, жолоотойгоо ноцолдон мэгдэж, цэнхэрхэн дээлийн нь хормой салхинаа шүхэрлэн намираад дөрөө жийн гэдийсэн охидын зээрэн шилбэ, гуя, хонго нь цогц гоогоороо харагдан наадамласан эрчүүдийн сэтгэлийг аазгайтуулах нь цөөнгүй. Чингэж морины бариа хэмээх даргих чулуу нь баярлаж, манарах тоос нь овилгогүйтэн суунагласан талбарт машин, мотоцикль алаглаж, наадамчид хуарагнасан нь үд дундын наран доорх хүн эрвээхэйн чуулган адил. Хөдөө нутгийн ардын баяр үд дундын алдад буйр сэлгэж наадамчин олон шинэ нутагт буусан нэгэн их хүрээ айлыг санагдуулан язагнана. Сургуулийн галч Доной гуайн хийсэн хуушуур амттай юм. Энэ Чулуун гуайн самганы хийсэн будаатай хуурга ч нэг л биш. Минжээ ах хорхог хийжээ. Амттай гэж жигтэйхэн, хоёр хавирга нэг сээртэй таван зуун төгрөг гэж байна. Аятайхан байгаа биз дээ гэлцэх яриа наадмын талбарт өрнөж, Цэвэг даргын шинэ бэр тэргүүтэй хот газраас ирсэн хэдэн бүсгүй буйд зоны ил баяр баясгалан дахь элдэв хоолны үнэрт хамраа шантайлган тавгүйрхэх янзтай. Энэхүү цагаан хүүхнүүдийн нөхрүүд бага залуу насаа энэ л наадмын тоосонд булуулж, будаатай хуурга юухан хээхэнд наадмын мөнгөө гөвж өссөн атлаа одоо баахан дөлсхийн эхнэрүүдээ бараадах болсон нь сонин.
Энэ бүгдийг огоорсон хэдэн хүн байх. Тэд бол үнэгэн харанхуй, үүрсэх хүлгийн уяа, үдэш оройн зэлийг гурамслан манасан хөх уяачид. Манай сумын бэсрэгхэн уяачид морь манах нэрээр юм юм л манасан нь наадмын өмнөх сунгаан үеэр морины бариан дээр чухам инээдмийн давалгаан үүсгэсэн билээ. Хойд голын эхний Цэмбэл, Болд тэргүүтэй хэсэг залуус өнөө жил цанхаалсан уяачдын дүрд тоглоцгоож майхан сав авч зэлүүдхэн гарсан нь тийн бусдын доог болсон хэрэг. Залуус нэг шөнө уяар орж байгаа морьдынхоо өнгөнд омойтож, урд голын эхний айлуудаар бууцгаажээ. Эрийн шийр гүйцээх аядаж яваа өсгөлүүн харчуулд охинтой айлууд л хойно, муна Сэнгийнхээс эхлэн тал засч сайн муу гарсан шимийн архийг сав саваар нь тавьжээ. Залуус ч ногоонд цадсан бяруу үнээ сандарган тачаадах адил баахан шунаг залгилцгааж ухаан дэн дун болцгоож. Уусан л юм хойно, исгэлэн хонгорхон насны нь далд ичимдэг санаа бодлуудыг нь ивэлгэж хөвгүүд гурван хоног хоёр голын айлуудыг хэсч дуусгаад, адаг сүүлд нь Урд голын гэгээтэй охидын нэг ганц бие Должин авгайгаас төрсөн л юм байх даа гэмээр Сүндэрийг элбэн боорлоод эхэд нь савраар гөвшүүлж салсан нь эрүүлжицгээх цондон болжээ. Уяа морьд нь газрын нэг тарж, хантайрч орхиосон зарим нь шанхаа дугтчиж бараад өлөгдөхийн даваан дээр байхад өнөөх лут эрс ухаан орцгоосон нь манай сумын наадмын өмнөх давс нь ихэдсэн шивэр авир болсон билээ. Аав, ээжээсээ гэмгүй сайн донго амссан нялх уяачид өнөөдөр морь харан дурандагсдын тэргүүн эгнээнд сууцгаажээ. Төдхөн Эрээн харганы дундуур эрвэлзэх зэрэглээн дотор соёолон морьдын түрүүч айсуй. Асар удалгүй түрүү морь хэнийх болох нь тодорлоо. Мөнөөх наадмын өмнөхөн хантайраатай морьдоо орхиод дамшиглаж явсан Цэмбэлийн хүрэн морь яриангүй сайхан тавилттай давхисаар ирж явна. Залуу хүү юу ч болсон хүний нүүр рүү бардамхан эгцэлж харах шалтгаа хүрэн мориныхоо ачаар олов бололтой. Ногоотой, хуртай зуны уяар жигдэрсэн соёолон морьд бөөн бөөнөөрөө зэрэгцэн ирж барианд орсоор. Морины бариан дахь хүмүүс тал тал тийш сарниж, түрүү морины хөлс авах гэж улайрсан хүмүүс Цэмбэлийн араас хошуурч гурван саахалтын газар цуваа үүсчээ. Хотон шувууны хошуун хусуурууд уяачдын гарт шилгээлдэн нарны туяанд нойтон морьд гилбэгнэн үзэмжшээд хөлсөн дуслууд газраар нэг зулран байлаа. Олон морины хөлөөр боссон шороон суунаг дундаас Сурмаа зааны алаг үрээ баян ходоодын наахна пөг пөг шогшсоор ирэв. Заан өрөөсөн мөрөө ил гаргачихсан, сууж хоцорсон үрээгээ баргар царайлан хусч байна. Тэрээр хүлэгтэй монгол гутлаа пааргануулан морио хөтлөн шогшингоо арагшаа хялалзаж унасан мориныхоо адил хагсаагаа гаргах гэж байгаа мэт эцгийгээ даган гүйх сайран хацартай хүүгээ “Унхиагүй дэлчгэр. Мориныхоо амыг татахад яадаг юм. Би чамд хичнээн хэллээ, амаа чилтэл л яншсан даг. Заяа нь хаясан гуйрамч” хэмээн загнах нь баахан уурсангуй. Харин зааны тарган авгай алаг үрээгээ хөтөлсөн нөхөр, түүний араас шогших хүүгийнхээ араас сүлжилдэх морь, хүмүүсийн дундуур амандаа үглэн гүйхчээ аядаж байлаа. Бодвол “Манай энэ нээрээ өвчтэй хог шүү, хүүхэд хаа байсан холоос морь уралдаад ирж байхад загнаж байдаг. Эвий минь, ам нь хатчихсан даа, хярам өгөхсөн. Миний хөө” гэсээр яваа нь илт. Морины барианд тиймэрхүү аяг төрхийг донжруулан гурван насны үрээ уралдаж дуустал нар гудайж орой боллоо. Тэгтэл морины бариан дээр сумын улаан булангийн эрхлэгч Сайханаа чанга яригчаар “Анхаараарай, анхаараарай хүндэт наадамчдаа, өнөө орой сумын Улаан буланд нийтийн бүжигтэй. Өнгө өнгийн цамц өмсөөрэй. Өөрөөсөө залууг нь уриарай. Цэцэг шиг охид, цэврүү шиг хөвгүүдээ, хойтон жилийн наадам хол байна шүү, хол байна” хэмээн их л донжтойгоор уянгалуулан зарлав. Сумандаа хээнцэрт тооцогдож өдгөө насны эрхээр багагүй өтөлсөн эмийн санч Лхамаа гуай “Өөрөөсөө залууг уриарай гэнэ үү, нөгөө өтөлсөн болохоос үхсэн биш гэгчээр харин ч залуугаас нь уриад бүжиглэе байз. Нас тогтсон авгайн намба ямар байдгийг үзүүлээд өгнө өө” гэх нь гэм хоргүй атлаа цаанаа зуунги сонсогдсоныг Сайханаа яаж дуулах билээ.
Лхамаа эгчийг гоодоод ирэхээс өмнө бүжиг эхэлчихжээ. Тэр олоон жилийн өмнө энэ нутгийн бэр болж ирэхийнхиээ өмнө төгсөлтийнхөө үдэшлэгт өмсч байсан цагаан даашинзаараа гоёжээ. Түүний энэ гоёлын хэлбэр хийц хэдийнэ хуучран алслагдсан ч содон сонин харагдаж бүжгэнд ирсэн харчуулын нүдэнд өртөхийг даашинзны эзэн бэлхнээ анзааран мэдэрч, одоо хэн чинь урих бол доо гэсэн шиг намжирдангуй сууна. Сумын залуус дээл хромтой, охид нь дан тэрлэг, намхан ултай шаахайгаар гоёод хос хосоороо эргэлдэн бүжиж, нүүрэндээ гэрэл, баяр баясгалан, сацруулахаас үзвэл энэ үдэшлэгийг нэгэн жил хүлээсэн нь илт. Хүрэн морио түрүүлүүлсэн Цэмбэл хромон гутал дээр цагаан саарал тэрлэг өмсч, хэдий завандаа нүүр хагарч хэрэг явдал цайрсан юм бүү мэд, наадмын өмнө оролдож дэггүйтсэн Сүндэртэйгээ толгой наах шахам бүжиглэж байв. Үүр цүүрээр шахуу босч наадамлаж эхэлсэн Бадарч хархүү аанай л Чимэгийг бараадан бүжиглэж чаддаггүйдээ сүрхий зовнин зогсох аж. Тэр Чимэгийг аргадангуй харж “Би сайн чадахгүй. Гэхдээ оролдоод үзье” гэх шиг хариу нэхнэ. Цаадах нь учир байдлыг мэдэх атлаа ерөөсөө анзаараагүй дүр эсгэх нь гомдмоор. Бадарчийг ийн тавгүйтэн зогстол Цэвэг даргын бага хүү хот газраас дагуулж ирсэн гоёхон хүүхнээ аавындаа орхичихоод ирсэндээ тэр үү, сүрхий эрэлхүү ирж Чимэгийг урьтал бүсгүй нэн эелдгээр гараа өгч бүжиглээд явчихав. Их сургууль төгссөн үе тэнгийн залуу хархүү өдөр нь хямсганан ихэрхэж гэргийгээ бараадан хоргодож байсан атлаа одоо энд ирж намайг тавлах ч гэж дээ гэж бодохоос Бадарчийн хилэн оволзож, бүжгийн дараа нударгалчихдаг юмсан уу гэж бодов. Гэвч Чимэгт хүн зодохыг урьтал болгодоггүй учир зүйгээр нь ярихыг хичээдэг хэмээн мундаг боловсон ярьснаа санаж сая бодсоноо хүчлэн давахыг оролдов. Үнэндээ бол Цэвэг даргын хүүд Бадарчийг даапаалах өчүүхэн ч бодол байгаагүй агаад гагцхүү өдөр гэргийнх нь хажууд “Би чамайг хайрладаг, хүлээдэг байсан. Гэтэл чи эхнэртэй болжээ” гэсэн шиг тунирхал, эс эрээлхэл хоёр дүүрсэн харцаар чичилсэн Чимэгт өр цайрахаар тийн бүжигт урьсан хэрэг. Сэтгэл алддаг хархүү нь бачимдах, уурлахыг хэдийнэ тооцсон хотын соёлд дадаж яваа залуу эр бүжгийн ая дуусмагц бүсгүйг суудалд нь дөхүүлээд буцахад Чимэгийн гар түүнээс зуурсхийн үлдсэнийг Бадарч анзаарсангүй. Чимэгийг бүжигт урьсан залуу удаахь аянд Лхамаа эгчийг чиглэвэл тэр чухам бүжигт ирснийхээ хэргийг гаргав бололтой, инээд алдан босч ёслоод залуу хүүхэн шиг сэв сэвхийн эргэж одлоо. Ийн сумын наадмын үдэшлэг шөнө дөл болтол үргэлжилсэн ч сая л нэг юм хүслэнт хүүхнээ урьж бүжиглэх дөр орсон Бадарчийн сэтгэлийг гонсойлгон тарав. Тэр Чимэгийг дөхүүлэхээр араас нь гарвал хүүхэн яах ийхийн зуургүй үеийн хоёр хүүхний хамт харанхуйн дундуур арилжээ.
Маргааш нь наадмын хоёр дахь өдөр болдгоороо болж гундсан морьдоо гуядаж, наадмын өдрүүдэд шинэ дээлийнхээ өнгийг бууруулсан охид гэзгэн залаа салхинд хийсгэн үдшийн цагаан гэгээнээр гэр гэрийн зүгт одох цагт Бадарч Чимэг хоёр Урд голын эхний тохойд уулзав. Бадарч “Чамайг өчигдөр орой тоохгүй алга болохоор чинь, шөнө унтсангүй. Эр хүн шүү бол юм түрүүлье гэж бодсон юм. Санасандаа хүрлээ. Сумын даргаас түрүү бөхийн хишиг гэж их тавагтай идээг аваад буцаж явахдаа чамдаа өгье гэж дээжээс нь авч атгаад аав, ээжээс нуусан юм шүү” хэмээн үйрсэн бяслаг гаргаж өглөө. Цэнхэр тэрлэгийнхээ хормойгоор өвдгөө хулдан суусан Чимэг бяслагийг дуугүйхэн авч ялдамханаар “Сумын наадамд түрүүлсэн том бөх чинь наадам дууссан орой ингээд хүүхэн шуухантай голын хөвөөнд сууж болдог юм уу. Ах дүүтэйгээ найрлах юм биш үү” гэвэл сумын шинэ заан зэс царайдаа инээмсэглэл тодруулан “Сумын заан болохоос чамтай ингэж саатах маань илүү хэцүү байсан болохоор тэр найрыг хэзээ ч хийсэн яахав дээ” гээд бүрэнхий үдшийг далимдуулах шиг хүүхний мөрөөр дүй муутай тэвэрвэл цаадах нь түвэгшээсэнгүй.
Үүр бүгээнтэн цайж, Дөргөн нуурын мандал дээгүүр нарны алтлаг туяа будран тунарч байхад мөнөөх голын тохойд шүүдэр буугаагүй бяцхан тойрог тод оромшин үлджээ. Зуны нэгэн шөнийг шүүдэрт дайруулалгүй өнгөрөөсөн тэрхүү зөөлөн ногоон дээр цэнхэр торгон дээлийн шилбэ тасарч үлдсэн нь гээгдсэн оюу адил харагдаж байлаа. Урьд шөнийн бүх үйл явдлын гэрч болсон сул хээр морь тэгш дэлтэй урт сайхан хүзүүгээ үл ялиг тонгойлгон гилбийж, шуулттай сүүлний нь жигүүр ертөнцийн зүгтэй аясарна. Төмөр амгайнд урагдсан амаа амрааж, уралдаж хөшсөн гоо хөлөө сойсон тэр хүлэг дараа жилийн наадамд ижил өнгийн дээл өмсч, адил зүсний морь унаж ирэх энэ хосод хөтлүүлэн ирэхийг зөгнөсөн юм шиг чимээгүй зүүрмэглэх ажээ.