
Маргаанд оролцогч улс орон бүр баялгаар хүрээлүүлсэн дээрхи арлуудад өөрсдийн эзэмшлийн эрхийг тунхагласаар байгаа бөгөөд Японы ерөнхий сайд ч энэ талаар хатуухан сануулж байгаа гэнэ. Ноён Нода хэлэхдээ Зүүн Хятадын тэнгис дэх арлуудыг түүхэн болоод олон улсын эрх зүйн талаасаа ч тэр Японы газар нутгийн нэг хэсэг маргаангүй мөн гэж зарлаад өөрийн хяналтыг идэвхтэй тавих ёстой газар болж байна гэжээ. Мөн түүний хэлснээр бол Японы засгийн газар иргэдийнхээ өмчлөлд байгаа дээрхи арлуудын зарим хэсгийг засгийн газар нь худалдаж авснаар япончуудад хамаарагдах газар нутагт тогтоох хамгаалалтаа улам бэхжүүлнэ гэдгээ илэн далангүй мэдэгджээ.
Тэрээр, “Бид газар эзэмшигчидтэй хэлэлцээр хийж байгаа. Ингэхдээ энхтайвны замаар тус арлууд дээрхи хяналтаа илүү тогтвортой байлгах арга замыг хайж байгаагаа тайлбарласан” гэж хэлж байсан аж. Энэ ярилцлагыг Японы ерөнхий сайд саяхан тус улсын хойд нутагт болсон байгалийн гамшигт нэрвэгдэгсдийг эргэж очих үеэрээ сэтгүүлчдэд өгсөн байна. Тэгвэл энэ зуур Хятадын тал ч зүгээр суусангүй. Тус улсын гадаад хэргийн сайд Лю Вэйминь маргааны бай болсон арлууд нь Хятадад харъяалагдана гэж засгийн газар нь үзсээр байгааг нотлон мэдэгдэл хийгээд амжжээ. Хятадын сайд,“Хятад улсын ариун газар шороог хэн ч байсан худалдаж авах, мөн бусдад худалдахыг яагаад ч зөвшөөрч болохгүй” гэж өөрийн мэдэгдэлдээ дурдсан аж. Мөн Хятадын гадаад хэргийн яамны албан сайтад тус улс маргаантай арлуудын талаар зайлшгүй авах арга хэмжээгээ үргэлжлүүлэх болно гээд шийдвэртэй арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Энэ шийдвэртэй арга хэмжээ гэдэг нь чухам юу болох талаар олон янзын таамаг байгаа аж. Ямар ч байсан тус арал дээр газар эзэмшигч хэмээн тооцогдож байгаа хувь хүмүүсийн эзэмшлийн бүртгэлийн талаархи мэдээллийг Хятадын тал нарийвчлан гаргах бололтой.
Харин Японы талаас гарч байгаа мэдээллийг харвал маргаантай байгаа арлуудын гол таван арлыг одоогоос зуун жилийн өмнө тус улсад шилжүүлсэн ажээ. Тэгвэл Япон улс иргэддээ тэдгээрийн дөрвийг нь үнэ төлбөргүй, ямар нэг татвар түрээсгүйгээр эзэмшүүлсэн бөгөөд харин тав дахь арлыг улсын мэдэлд үлдээсэн байгаа гэнэ.
Японы Засгийн газар арал дээр газар эзэмшиж байгаа иргэдийнхээ өмнөөс газрынх нь түрээсийг төлж байгаа бөгөөд ингэснээр иргэд нь “хэн нэг сэжигтэй” этгээдүүдэд газраа зарахаас сэргийлж байгаа юм байна. Японы Засгийн газар маргаантай арлууд дээр газар эзэмшигч иргэдийнхээ өмнөөс жил бүр 24.5 сая иенийг татварт төлж байгаа бөгөөд энэ нь 304 мянга орчим ам.доллар болж байгаа юм байна. Тэгэхдээ ийм хэмжээний татварыг зөвхөн гурван арал дээрхи газар эзэмшигчдийн өмнөөс төлдөг аж. Тэгэхдээ эдгээр гурван арлын газрыг огт ашиглахгүй байгаа гэж Японы парламент зарлаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл нэр дээрээ бол япон иргэдийн эзэмшилд очсон гэдэг ч нидэр дээрээ Японы засгийн газраас арлуудыг бусдаас хамгаалахын тулд хийж байгаа тактик,бодлого гэж ойлгож болохоор аж. Харин хувийн эзэмшилд очсон дөрөв дэх арлын хувьд ямар хэмжээний татварыг улсаас төлж байгааг мэдэх боломжгүй байгаа бөгөөд албаны эх сурвалжууд одоо болтол нууцалсаар байгаа юм байна. Энэ арлыг АНУ-ын цэргийн хүчин хээрийн сургуулилтдаа ашигласаар байгаа гэдгийг албаны эх сурвалжууд баталж байгаа аж. Маргаантай арлуудыг эзэмшилдээ авахыг санаархсан Их Наран улсын дээрхи алхам хэр үр дүнтэй болохыг хөрш орнууд нь төдийгүй стратегийн түншүүд нь ч туйлаас анхааралтай ажиглаж байгаа билээ.